Д.Ганхуяг: Иргэн бүр үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авах боломжтой
2011.11.29

Д.Ганхуяг: Иргэн бүр үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авах боломжтой

Ирэх оны төсвийг батлах эцсийн хугацаа маргааш. Сонгуулийн жилийн төсөв учраас эрх баригчдыг багагүй сандаргаж буй. Ямартай ч удтал мэтгэлцсэний эцэст хоёр нам саналаа нэгтгэж, ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. Хугацаа давчуу тул өнгөрсөн долоо хоногт шөнө хугаслан хуралдан байж, хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд буй. Ингэхдээ төв банкнаас өгсөн сигналын дагуу эрх баригч хоёр нам урсгал зардлыг нэг их наяд төгрөгөөр танаж чадсан хэмээн АН-ын ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг тайлбарлаж байна. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулж чадсан уу. Энэталаар хэр ахиц гарсан бэ?

-Мөнгөний бодлоготой, төсвийг уялдуулж уясан гэж хэлэх байна. Ажлын хэсгүүд асуудлыг нухацтай авч үзсэн. Улмаар Монгол банкныхантай ч уулзлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд алдагдал 4.1 хувьтай ч гэсэн мөнгөн дүнгээрээ 2011 оны төсвийн тодотголтой харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байсан. Гол нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, цалин тэтгэврийг нэмэгдүүлж болно. Гэхдээ инфляци гэдэг зүйл хоёр оронтой тоонд орох, эсвэл 20 хувь давчихвал бүх зүйл үр дүнгүй болж дуусна. Улмаар инфляцитай сонгуулийн жишиг рүү чиглэнэ. Иймээс энэ тал руу хэлбийлгэхгүйн тулд хоёр намаас байгуулагдсан ажлын хэсгүүд анхаарлаа хандуулж ажилласан. Энэ талаар Монголбанкнаас мэдээлэл гаргуулж авлаа. Төсөв мөнгөний бодлоготой холбоотой төрийн бүхий л байгууллагаас холбогдох мэдээллийг авч тоон дээр ажилласан.

-Гэхдээ сонгуулийн амлалтаас үүдэлтэй мөнгөний нийлүүлэлт ирэх онд эрс нэмэгдэх хандлага бий. Үүнээс улбаалж инфляци хөөрөгдөх эрсдэл хамгийн өндөр байгаа шүү дээ?

-Зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа мөнгөний урсгалын тухайд хоёр үзүүлэлтийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, төсвөөр дамжиж ямар хэмжээний мөнгө хэд хэдэн сард хэр хэмжээтэй нийлүүлэгдэх нь, энэ нь өмнөхөөсөө ямар өөрчлөлтийг авчрах нь гэдгийг харгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт нь, Европ, Америкт хөрөнгийн зах зээлийн хямрал нүүрлэж байна. Тэр дундаа Манай гадаад худалдааны гол түнш урд хөршийн эдийн засгийн өсөлт зогслоо. Инфляци нэг оронтой тооноос гараад хоёр оронтой тоо руу орчих гээд байна. Энэ бол их эгзэгтэй асуудал. Манайд барилгын материалаар дамжиж инфляци орж ирдэг. Хэдийгээр манай улсад түүхий эд нь байдаг ч нийт цементийн 60 орчим, төмөр барилгын хийцийнхээ 70 орчим хувийг урд хөршөөс зөөвөрлөдөг. Иймээс инфляцийг хязгаарлахад хэд хэдэн асуудал бий.

-Тэгвэл Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан нь инфляцийг хөөрөгдөх шалтгаан биш гэж үү?

-Засгийн газраас оруулж ирж байгаа төсвийн төсөлд хөрөнгө оруулалт, төсвийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр гээд төсвөө тэлэх бодлого оруулж ирдэг. Монголбанк тэрхүү төсвийн тэлэлтээр дамжиж инфляци өсөхгүй, эдийн засаг улайхгүй байх бодлогыг зохицуулдаг. Эцэст нь парламентын засаглалтай оронд энэ хоёрын уялдааг хангасан төсөв мөнгөний бодлогыг УИХ батлах үүрэгтэй. Тэр хүрээндээ л ажилласан.

-Хэт таргалалттай төсвийг хэр хэмжээнд турааж чадсан бэ?

-Үр дүнгээр нь хэлбэл урсгал зардлыг нийтдээ 900 тэрбум төгрөгөөр, төсвийн алдагдлыг 260 тэрбум төгрөгөөр багасгасан. Нийтдээ 1.1 их наяд төгрөгөөр танаж чадлаа.Монголбанкны ерөнхийлөгч мөнгөний бодлогын талаар УИХ-ын чуулган дээр хэлэхдээ нэг их наяд төгрөгөөр багасгахгүй бол инфляци хүндэрнэ гэж хэлж байсан.

Монголбанкны бодлогыг ажлын хэсгүүд анхааралдаа авч ажилласан.

Одоо гагцхүү зах зээл рүү нийлүүлэгдэх мөнгөнийхөө хэмжээн дээр Монголбанк, Засгийн газар хамтарч ухаалаг болоод эдийн засгийн бодлогын хүрээнд ажиллах л үлдлээ. Харин төсвийн хөрөнгө оруулалтын тухайд 2.1 их наяд төгрөг оруулж ирснийг 1.5 их наяд төгрөг болгосон. Үүнтэй зэрэгцээд барилгын материалын үйлдвэрлэлүүдийг дэмжих, тэр дундаа нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг Хөгжлийн банкаар шийдвэрлэнэ. Дэд бүтцийн төслийг ихэвчлэн УИХ-аар шийдвэрлэх юм. Төмрийн хүдэртэй холбоотой экспортын татварыг оновчтой тогтоох асуудал ч энэ чуулганы хуралдаанаар хөндөгдөнө. Нэг тэмдэглүүштэй зүйл нь 2.8 сая монголчуудын амьдрал, амьжиргаанд хэрэгцээтэй шийдвэрийг УИХ гаргаж чадлаа. Монгол Улс ашигт малтмал ихтэй орон. Иймээс ашигт малтмалынхаа орлогоос Үндсэн хуульд заасны дагуу ард түмэндээ хуваарилах ёстой гэсэн бодлогыг парламентад суудалтай эрх баригч хоёр нам ярьж, амласаар ирсэн. Энэ дагуу ирэх сонгуулиас өмнө буюу өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаанд иргэн бүртээ 1.5 сая төгрөгийг олгож дуусна. Эхний ээлжид иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр олгож дуусгавар болж байна. Үлдэгдэл сая төгрөгийн тухайд хувьцаа авах уу, эсвэл бэлнээр нь авахуу гэдэг сонголт бий. Үүнд хамаарах хөрөнгийг улсын төсөвт суулгасан.

-Гагцхүү тэтгэврийннасныхан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд л сая төгрөгөө бэлнээр авах боломжтой гэж суулгасан биз дээ. Түүнээс биш нийтээрээ гэж тусгаагүй санагдаж байна?

-Хэрэв иргэдэд бэлэн мөнгө шаардлагатай байгаа бол яаравчлан сая төгрөгөө бэлнээр авч болно. Эсвэл "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас эзэмшвэл олон улсын хөрөнгийн зах зээл дээр IРО хийснээр өнөөх үлдэгдэл нь 2-3 сая төгрөг болтлоо өсөх боломж бий. Үүнээс ч өндөр байх магадлалтай. Энэ бүхнээс дүгнэхэд сонгуулийн гол үзүүлэлтээ хэрэгжүүлсэн төсөв болсон гэж дүгнэх байна.

-Тэгэхээр иргэн бүр үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авч болно гэж үү?

-Ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авах сонирхолтой иргэн бүр мөнгөө бэлнээр нь авч болно. Ийм том сонголтыг ирэх оны төсөвт оруулж ирж байгаа юм.

-Магадгүй 2.8 сая хүн мөнгөө бэлнээр нь авна гэвэл төсөвт их үүсвэр бий гэж үү. Үүнийг ирэх оны төсөв дийлэхгүй болов уу?

-Харин ч эсрэгээрээ. Энэ талын зохицуулалтыг ирэх оны төсөвт суулгасан. Авах боломжтой.

-Тийм болоод л цалин, тэтгэврийн нэмэгдлийн хугацааг хойшлуулсан юм уу?

-Цалин, тэтгэврийг хоёр шаттай нэмэгдүүлнэ. Нэгдүгээрт, 80 мянган төгрөгөөр жигд нэмэгдүүлэхийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор хийх юм. Тухайн оны төсөв ирэх оныхоо нэгдүгээр сарын 1-н гэхэд бэлэн байдаг зүйл биш. Дараагийнх нь нэмэгдлийг аравдугаар сарын 1-ний дотор хийх юм.Ийн хугацааг хойшлуулсан нь цалинг нэмэгдүүлэхдээ үр дүнтэй байлгах талаас нь авч үзсэн. Гэхдээ тэтгэвэр нэмэгдүүлэх хугацааг нааш татсан байгаа. Гагцхүү цалингийн нэмэгдлийг л тодорхой " хугацаанд хойшлуулсан. Гол нь цалин,тэтгэвэр нэмэгдлээ гэхэд тэр жилийнх нь амьдрал үр дүнтэй байх нэг асуудал бий. Хойшид хавтгайруулсан халамж, элдэв жижиг амлалтаас илүүтэй цалин, тэтгэврээ дэс дараатай эдийн засгийнхаа тогтвортой өсөлтийг ханган нэмэгдүүлэх зарчмыг баримтлах нь чухал. Өнөөдрийн байдлыг харж байхад Монгол хүний цалинг яаралтай 1000 ам.доллар болгох шаардлага үгүйлэгдэж байна. Манай иргэд гадаадад 1200-1300 ам.долларын цалинтай. Ер нь монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж бага санагддаг.

-Гэхдээ цалингаа VI хэмээн шаардаж байгаа төсвийн албан хаагчид өнөөдөр (өчигдөр) ажил хаялаа. Дээр нь цалингийн нэмэгдлийг хойшлуулсан нь тэдэнд том шалтгаан болж байгаа бололтой?

-Нэгдүгээр сарын 1-нээс цалин нэмэгдүүлэхээр яалт ч үгүй инфляци хөөрөгдөнө. Цалин нэмэгдүүлсэн жилүүдийг харахад бүгд л тийм байна. Учир нь Цагаан сарын өмнө иргэд маш их худалдан авалтыг бий болгодог. Улмаар эрэлт бий болно. Үүний дагаад үнийн хөөрөгдөл бий болдог. Гэтэл Цагаан сарын дараа тэрхүү үнийн хөөрөгдөл буурдаггүй, тэр эрчээрээ явчих нь бий. Иймээс дөрөвдүгээр сарын1-нд цалин нэмэгдүүлэхэд ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ авчихна. Тэгэхээр цалин нэмэгдүүлэхэд бас инфляци хөөрөгдөөд байхгүй болов уу. Нөгөө талаас цаана нь хувиараа бизнес эрхлэгчдийн цалин, орлогын асуудлыг давхар авч үзэх хэрэгтэй. Иймээс төр нийтлэг эрх ашгийг хангасан бодлого гаргах хэрэгтэй байгаа юм.

-Автомашины орлогын албан татварыг нэмэгдүүлсэн нь ирэх оны төсөвтэй холбоотой юу?

-Үгүй ээ. Автомашины орлогын албан татвар дээр мөнгөн дүнгээр зарчмын зөрүү байхгүй. 10 жилээс дээш хэт хөгшин машин дээр татвар нэмэгдэж байгаа юм. Монголд орж ирж байгаа автомашинууд дээр судалгаа хийсэн юм билээ. Судалгаагаар 10 жилээс дээш насжилттай машин харьцангуй бага орж ирдэг гэсэн дүн гарсан байна лээ.

-Тансаг зэрэглэлийн автомашины тухайд татварын хэмжээг нэмэгдүүлээгүй байх аа?

-Тансаг зэрэглэлийн автомашинд ногдуулах татварын хэмжээний асуудал УИХ дээр дэмжигдээгүй.  Өнөөдрийн байдлаар тансаг зэрэглэлийн гэж" тодотгоод байгаа "автомашин жирийн хэрэглээ болчихсон юм биш үү,

-Удахгүй ҮЗХ хуралдана. Тэр үеэр хэсэг гишүүн намын дарга Н.Алтанхуягийг суудлаас нь унагахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар мэдээлэл бий. Түүнчлэн хэр баргийн зүйлд дуугараад байдаггүй Х.Баттулга сайд ч намын даргатайгаа эв эеэ олохоо больж байгаа бололтой. Та Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Албан ёсоор яригдсан зүйл байхгүй. Ардчилсан нийгэмд АН-д байдаг л энгийн зүйл. Асуудлаа нээлттэй ярьж, шүүмжлэл нь ил тод байдаг Хэн ч хэнийг ч шүүмжилж болно. Гагцхүү шүүмжлэлийг хүлээн авсан нь өөртөө боломж олгодог. Тэр байдлаар л асуудалд хандаж байгаа. Гэхдээ энэ талаар албан ёсоор мэдээлэл байхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.