Н.Ганбямба гишүүн бухимдсаар явна
УИХ-ын гишүүн Н.Ганбямба бухимдсаар л яваа ажээ. Тэрбээр өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлаас болж намынхандаа бухимдсан. Харин одоо Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлууд бухимдлыг нь төрүүлэх болжээ. Бүр "Монголын бухимдлын тунхаг" гээчийг өөрийн нэрээр гаргасан байна. Түүндээ "Үнэн, шударгыг эрхэмлэдэг ард түмэн, худал хуурмагийг үзэн яддаг. Монгол хүн бүр худал хуурмагийг өөрийн биеэр мэдэрч, ойлгон дургүйцэж бухимдаж байна. Монголд төр бий боловч монгол хүн өөрийн газар нутагт дөрөв, тавдугаар зэрэглэлийн байж болохгүй хэмээн монголчууд бухимдаж байна. Авилга аюултай түвшинд хүрснээс болж монгол хүн бүр төрийн нэр барьсан луйварчдад бухимдаж байна" гэх зэргээр бухимдаж байгаа зүйлсээ жагсаан бичжээ.