Ерөнхий сайдад асуулга тавилаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА
Гэр хороололыг дэд бүтэцжүүлэх, орон сууцны моргейжийн зээлийг нэвтрүүлэхтэй холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.13, 33.1.2-д дахь заалтыг үндэслэн Танд дараах асуулгыг тавьж байна.
Үүнд:Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хүн ам 3-4 дахин өсч төвлөрөл огцом нэмэгдсэнээр нийгэмд тулгамдсан олон асуудал ар араасаа цуван гарч байна. Тухайлбал утаа буюу агаарын бохирдол, түгжрэл, байгаль орчны бохирдол,замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил зэрэг олон асуудал байна. Нийслэлийн хүн амын төвлөрлөөс үүдэн гарч буй тулгамдсан асуудлын нэмэгдэлт болон түүний нийгэм дэх сөрөг нөлөө ихэсч буй хурдац нь хот төлөвлөлтийн явцаас олон жилээр түрүүлсээр байна. Түүнчлэн энэ асуудлууд нь нийт Монгол Улсын нийгэмд хамгийн хурцадсан асуудал болсон.
Энэ байдал шинэ зуунд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төлөвлөлтгүйгээр хот байгуулж ирсэн хотын эрх баригчдын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Хот төлөвлөлтийн асуудал нь оршин суугчдыг эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Монгол Улсын Үндсэн хуулинд ч ингэж заасан байгаа. Хот төлөвлөлтийн асуудалд газрын хэвлий, газар доорхи инженерийн байгууламжаас эхлэн агаарын орон зайг ашиглах хүртлэх үйл ажиллагааг хамарсан цогц асуудал юм.
Хот төлөвлөлтийн цогц асуудлыг ургаа модоор дүрсэлбэл агаарын бохирдлыг ихэд гэмтсэн хамгийн том мөчиртэй зүйрлэж болно.Нийслэлийн утаа буюу агаарын бохирдлын 80 орчим хувь нь гэр хорооллоос хамаардаг гэсэн судалгаа байна.Нийслэлийн агаарын бохирдол нь сүүлийн жилүүдэд гамшгийн байдалд хүрч, үндэсний аюулгүй байдалд харшлах болсон. 2011 онд 1-р амаржих газарт төрсөн хүүхдүүдээс 300 орчим хүүхэд эндсэн ба үүний 50 орчим хувь нь уушигны эмгэгтэй гэсэн оноштой байна. Мөн эхийн хэвлий дэх ургийн эндэгдэл эрс нэмэгдэж байна. Манай улсын 40-өөс дээш насныхны 4.7 хувь нь хоолойны багтраатай гэсэн мэдээлэл байна.Энэ бүхэн бол манай Гүйцэтгэх засаглалын утаатай хэрхэн тэмцэж байгаа ажлын үр дүн юм. Түүнчлэн утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн хотуудын иргэд 10-15 жилийн дараа бүгд уушигны өвчтэй болж байсан мэдээлэл гарч байна.Тэгвэл нийслэлд жилд дунджаар 20 мянган хүүхэд төрдөг гэж тооцвол сүүлийн 4-5 жилийн хугацаанд 80 мянга орчим уушигны өвчтэй иргэд нэмэгдсэн байхаар байна.Энэ бол үндэсний хэмжээний гарз хохирол юм.
Энэ ноцтой гамшгийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас анхааруулж байна.Гэр хорооллын утааг янз бүрийн зуухаар бага хэмжээгээр бууруулж болох боловч энэ нь найдвартай, тууштай арга хэмжээ биш байна. Түүгээр зогсохгүй нийслэлийн гэр хорооллын 200 орчим мянган өрхүүдийн бараг тал хувиас илүү нь барьцаалах үл хөдлөх хөрөнгөгүйгээс орлого багатай ядуу зүдүүхэн амьдарч байна. Эндээс нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол гарц нь нийслэлийг төлөвлөлттэйгээр хөгжүүлэх,улмаар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, цалингийн тогтмол орлоготой гэр хорооллын оршин суугчад маш хямд үүсвэртэй орон сууцны моргейжийн зээлийг олгох явдал гэдэг нь тодорхой байна.Ийм туршлага олон улсад хамгийн түгээмэл юм.Иймээс 2008-2012 оны хооронд Улсын Их Хурлаас доорхи шийдвэрүүд гарсан байна.
Үүнд:1. Хот байгуулалтын тухай хууль 2008 онд батлагдаж,Засгийн газраас өргөн мэдүүлснээр хуулийн 5.1.3. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах” болон 5.1.5. “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”-г УИХ батлах болсон байна. Мөн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжаар нийслэл хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийгдэж, 2011 онд тайланг манай тал хүлээн авсан байна. Түүнчлэн 2012 онд УИХ-ын ЭЗБХ-ны 01 тоот тогтоолоор “Нийслэл хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг болон Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг” Засгийн газарт даалгасан.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 2009 онд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 2010 онд тус тус батлагдаж, орон сууцгүй иргэдэд орон сууцанд орсныхоо дараа урт хугацаанд төлбөрөө төлөх моргейжийн зээлийг олгох боломжтой болсон.
3. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, энэ хөтөлбөрийн Дэд бүтэц, хот байгуулалтын бодлогын 2.4.4.-д “Хот, суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.”, 2.4.7.-д “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана.”, 2.4.33-д “Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно” гэж тус тус заасан.
4. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг 2010 онд баталж, хөтөлбөрийн хүрээнд энэ асуудалтай холбогдсон дараахь арга, хэмжээнүүд орсон. Тодруулбал 4.4.1.4.Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх; 4.4.3.1.“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, 4.4.3.3.гэр хороололыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын үүсвэрийг зориулах, түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх; 4.1.8.1.орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хотын төвлөрөл, эмх замбараагүй тэлэлтийг бууруулах зорилгоор Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймаг, сумдыг цогцоор хөгжүүлэх;4.1.8.2.Улаанбаатар хотод сууршихаар ирж байгаа иргэдийн суурьшлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх; 7.1.10.Улаанбаатар хотод 2012 онд 112 км авто замыг шинээр, 150 км авто замыг шинэчлэн, 3 байршилд гүүрэн гарц, 2016 онд 100 км авто замыг шинээр, 200 км авто замыг шинэчлэн, 4 байршилд гүүрэн гарц тус тус ашиглалтад орж авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах;
5. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 02 сард баталж, энэ банкнаас санхүүжүүлэх хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ жагсаалтанд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2008 оны УИХ-ын 47 дугаар тогтоолоор батлагдсан “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр орсон.
6. 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж гарсан УИХ-ын 57-р тогтоолд “Монгол Улсад түүхий эд нь байдаг барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, төмөр хийц зэрэг материалаар өөрийн орны өнөө ба ирээдүйн хэрэгцээг хангах, цаашид экспортлох зорилгоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, Замын-Үүдийн болон бусад гол боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулж 2012 оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан.
7. Таны зүгээс 2011 оны 4-р улиралд орлого багатай иргэдийг орон сууцтай болоход зориулж жилийн 6 хувийн хүүтэй,30 хүртлэх жилийн хугацаанд төлөх хөнгөлөлттэй зээлийг олгох болсон талаар олон нийтэд мэдээлж байсан.Иймд Монгол Улсын нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нийслэл хотыг төлөвлөлтгэйгээр хөгжүүлэх, улмаар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, маш хямд үүсвэртэй моргейжийн зээлийг гэр хорооллын иргэдэд олгох зэрэгтэй холбогдуулж УИХ-аас гаргасан дээр дурдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгаа, цаашид ямар бодит үр дүн гаргахаар ажиллаж байгаа талаарх асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33.3, 33.4-д заасны дагуу ирүүлэхийг Танаас хүсье.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ГАНХУЯГ З.ЭНХБОЛД С.ЭРДЭНЭ Г.БАЯРСАЙХАН