Шинэ авиа компанийн анхны нислэг Баянхонгор аймагт амжилттай газардлаа
2011.11.15

Шинэ авиа компанийн анхны нислэг Баянхонгор аймагт амжилттай газардлаа

Орон нутагт нислэг үйлддэг авиа компани нэгээр нэмэгдэж гурав боллоо. Урьд нь хоёр компанийн онгоц аймаг орон нутагт зорчигч тээвэрлэдэг байсан  бол "Монголиан эйрлайнс" дотоодын авиа компани албан ёсоор нислэг хийж эхэллээ. Тус компани анхны нислэгээ Фоккер-50 онгоцоор Улаанбаатар-Баянхонгорын чиглэлд хийлээ. Байгуулагдаад удаагүй байгаа "Монголиан эйрлайнс" авиа компани манай улсын орон нутгийн нислэгт өргөн ашиглаж ирсэн 50 зорчигч тээвэрлэх боломжтой Фоккер-50 онгоц хоёр ширхгийг өнгөрсөн баасан гаригт оруулж иржээ. Ингээд шинэхэн онгоцны анхныхаа нислэгийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Баянхонгор аймгийн нисэх онгоцны буудалд тосон авсан юм. Харин ИНЕГ-ын дарга С.Батмөнх болон албаны бусад хүмүүс анхны нислэгээр тус аймагт газардлаа.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:

-Орон нутгийн нислэгийн тасалбарын үнэ өндөр байгаа талаар иргэд ярьдаг. Тасалбарын үнийг бууруулахад ЗТБХБЯ-наас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Өрсөлдөөн бий болгож байж тасалбарын үнийг хямдруулахгүй бол нийслэлээс алслагдсан аймгуудаас санал, гомдол их ирдэг. Орон нутгийн нислэгт хувийн компаниуд оруулах юм бол өрсөлдөөн үүсэж, үйл ажиллагаагаа явуулахын тулд тасалбарын үнээ хямдруулна. "Монголиан эйрлайнс" компани туршиж үзэж байгаа Фоккер-50 онгоц анхны нислэгээ хийлээ. Энэ компанийн хувьд тасалбарын одоогийн үнээс 20-25 хувь хямдруулах боломжтой гэж ярьж байна.

 

ИНЕГ-ын дарга С.Батмөнх:

-Шинээр байгуулагдсан "Монголиан эйрлайнс" компани Фоккер-50 онгоц өнгөрсөн баасан гаригт оруулж ирсэн. Фоккер-50 онгоцыг Монголын нисгэгчид, инженер техникийн ажилтнууд тодорхой хугацаанд ашиглаад туршлагатай болсон. Манай улсад 2003 оноос хойш энэ онгоцыг нислэгтээ ашиглаж эхэлсэн. ИНЕГ-аас барьж байгаа бодлогоор бол 500 км-ээс цааш радиусын хэмжээнд оршдог аймаг, төвүүдийг Улаанбаатартай холбох агаарын тээврийн үйлчилгээ зайлшгүй байх ёстой гэж үздэг. Энэ зорилгыг хэрэгжүүлэх сайхан боломжийг гаргаж тасалбарын үнийг одоо байгаагаас хямдруулж үйлчлэх зорилт тавиад ажиллаж байгаа. Анхны нислэг нь Баянхонгор аймгийн нисэх онгоцны буудалд газардлаа. ЗТБХБ-ын сайд Баттулга ирж, анхны нислэг хийсэн онгоцыг үзэж, танилцлаа. Засгийн газар, ЗТБХБЯ агаарын тээврийг хөгжүүлэхэд санаачилгатай ажиллаж, дэмждэгт салбарынхан нь талархалтай ханддаг. Тиймээс салбарын сайд болон энэ онгоцыг оруулж ирсэн авиа компанийн хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй.

 

Баянхонгор аймагт долоо хоногийн гурван өдөр "Изинис" компанийн онгоц зорчигч тээвэрлэж буй. Энэхүү гурван удаагийн нислэгийн хоёрыг нь Говь-Алтай аймгийн зорчигчидтой хамтад нь тээвэрлэдэг байсан учир тасалбар олдох нь хомс байж. Харин "Монголиан эйрлайнс" компанийн нислэг нэмэгдсэнээр долоо хоногийн таван өдөр тус аймагт онгоц нисэж, буудаг болох юм. Ингэснээр Баянхонгор аймаг руу зорчих хүсэлтэй иргэдийн хувьд тасалбар олддоггүй бэрхшээл бага ч атугай шийдэгдэж байна. Сүүлийн үед Баянхонгор аймаг руу агаараар зорчих иргэдийн тоо өсөж байгаа учир ийнхүү авиа компаниудын нислэгийн тоог нэмэхэд хүргэжээ. Долоо хоногт гурван удаагийн нислэгтэй байхад 50-60 хүн агаараар зорчдог байсан бол энэ тоо нэмэгдэх боломж үүгээр бүрдэж байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.