Монгол улсыг бүсчилэн хөгжүүлэх  ирээдүйн зорилтыг тодорхойлж байна
2011.11.10

Монгол улсыг бүсчилэн хөгжүүлэх ирээдүйн зорилтыг тодорхойлж байна

“Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” –ыг Улсын Их Хурал 2001 онд батлан гаргаж, хэрэгжүүлж эхлэснээс хойш 10 жилийн өнгөрчээ. Тархай бутархай хүн амтай манай улсын хувьд бүсчлэн хөгжүүлэх арга замыг боловсруулан, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төрийн байгуулалт, эдийн засаг, нийгэм соёл, хүн амын нутагшилт, хот байгуулалт,  гадаад хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн бүсүүдийн хүрээнд бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих төрийн бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгох чиглэл, үйл ажиллагааны зарчмын үндсийг тодорхойлж, Монгол Улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын гэсэн 5 бүсээр бүсчилэн хөгжүүлэх ажлыг Монгол Улсын Шадар сайд харъяандаа зангидаж ажиллаж байна.

 

“Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт Үндэсний зөвлөлгөөнийг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл хот болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Тус зөвлөлгөөнийг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дэд дарга М.Энхболд нээж үг хэллээ.

 

Анх удаа болж байгаа энэ зөвлөлгөөнөөр “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Монгол Улсын хөгжлийн бодлогын зарим үр дүн, тулгамдсан асуудлууд”, “Баруун, Хангайн бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг, үнэлгээ хийсэн тайлан”, “Бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зураглал”–ын талаар  хэлэлцлээ.

 

Мөн цаашид хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчид, аймаг нийслэлийн удирдлагуудын санал хүсэлтийг хүлээн авч, ажлынхаа төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал Өмнийн говь, Дархан, Сэлэнгийн төлөвлөлтийн процесс, Улаанбаатар, Баруун болон Зүүн бүсийн хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийн шинэчлэлт зэрэг салбарын босоо төлөвлөлтөөс, бүс нутгийн хэвтээ төлөвлөлт рүү аажмаар шилжиж, цаашид зэрэгцэн төлөвлөгдөж жигд хөгжих эхлэлүүд тавигдаад байгааг улам баталгаажуулах, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон Төсвийн тухай хуулийг батлуулах, Төсвийн санхүүжилтын хуваарилалтын зарчимд шинэчлэлт хийж бүс, орон нутгийн хөгжлийн индексийг үндэслэн хамгийн тулгамдсан дэд бүтэцүүдэд хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх зэрэг найман үндсэн багцад багтсан ажлуудыг ирэх жилүүдийн төлөвлөгөөнд тусган ажиллахаар боллоо.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.