УИХ-ын гишүүн,Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ аймагт анхны цахим сургуулийг нээлээ
2011.09.26

УИХ-ын гишүүн,Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ аймагт анхны цахим сургуулийг нээлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулахад томоохон өөрчлөлт авч ирэх үйл явдалд оролцлоо. Г.Бумцэндийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн 12 жилийн нэгдүгээр дунд сургуулийг цахим системд шилжүүлэх нээлтийн ажиллагаа энэ сарын 24-нд Сүхбаатар хотод болж Сангийн сайд С.Баярцогт тус сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, тууз хайчилсан юм. Үнэхээр ч Ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг программ хангамжийн тусламжтайгаар системтэй болгож хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтын цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг бий болгосны зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн системийг орон нутагт анх удаа нэвтрүүлж байгаагаараа тун онцлог гэж хэлж болно. Одоогийн байдлаар уг системийг Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургууль, «Шинэ Монгол» гэх мэт сургуулиудад амжилттай нэвтрүүлээд байгаа сургалтын шинэлэг арга барил. Ерөнхийдөө боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт бүрдүүлж өглөө. Энэхүү тууз хайчлах ёслолын үйл ажиллагааны талаарх сэтгэгдлийг нь хуваалцсанаа уншигчдадаа хүргэе.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:
Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэдэг үгийг бүү мартаарай


Монгол инженер техникчдийн бэлтгэсэн Эрдмийн түлхүүр 2.5 програм дээр суурилсан улсын хэмжээний 15 дахь сургууль болсонд баяр хүргэж байна. Орон нутагт камержсан,интернэтэд холбогдсон анхны сургуулийн нэг боллоо. Би энэ сургуулийн 1984 оны төгсөгч. Манай ангийнхан 10-аад жилийн өмнөөс ярилцаж байгаад Мэдээлэл зүйн кабинетыг н.Баасан багштай ангийн нэрэмжит болгож тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг юм. Сургуулиа тохижуулж, улсын тэргүүний  сургууль болгоход дэмжлэг үзүүлж ажиллах талаар 1984 оны төгсөгчид байнга шинийг эрэлхийлж ажиллаж ирсэн гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна, Тэр зүтгэлийн үр шимээр манай анги хамгийн үлгэр жишээ улсын тэргүүний анги болох бололцоо бүрджээ гэдгийг харахад бас их таатай байна. Тиймээс улсын хэмжээнд 15 дахь цахим сургуулийн нэг болж байгаа төрөлх сургуулийнхандаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэж хэлсэн сайхан үг бий. Түүнийг суралцах хугацаандаа амжилттай хэрэгжүүлж яваарай гэдгийг дүү нартаа захимаар байна.


Сургуулийн захирал П.Рэнцэнноров:
УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэмжлэгтэйгээр цахим сургууль болсондоо баяртай байна


-Сэлэнгэ аймгийн Г.Бумцэндийн нэрэмжит 12 жилийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хувьд 1500 сурагч, 104 багш, ажилтантай томоохон хамт олон. 2010-2011 оны хичээлийн жилд сургалтын чанарыг дээшлүүлэх зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлж, цахим сургууль болж байгаагаараа тун онцлог юм. Сэлэнгэ аймагтаа Ерөнхий боловсролын сургуулиудаас анхных болсноороо түүхэндээ томоохон шинэ хуудсыг нээж өглөө. Улсын хэмжээний 15 дахь цахим сургууль болсны хувьд маш олон давуу талыг бий болголоо. Өөрөөр хэлбэл удирдлагын камерын хяналтын системийг төвлөрүүлж өгснөөр өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн системд оруулж, багш, сурагчдын мэдээлэл, удирдлагуудын мэдээлэл, статистик мэдээллүүдийг нэгдсэн сүлжээнд оруулж дотоод сүлжээгээр холбогдсон. Бүх ангиудын мэдээллийг интернэтэд байрлуулсан. Мөн дэлхийн улс орнуудын аль ч өнцөгт байсан эцэг эхчүүд хүүхэдтэйгээ, багш нартай нь харилцах, тодорхой харилцан мэдээлэл солилцох, гэрийн даалгаврыг нь хянах бүрэн боломжийг нээж өглөө. Энэ бүхнээр манай сургуулийн хамт олон маш их бахархаж байна. Ингээд 139 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар, УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогтын дэмжлэгтэйгээр цахим сургууль болсондоо баяртай байна.

Монгол улсын гавъяат багш Л.Дорждамба:
Нэр төртэй олон сайн төгсөгчийг төрүүлэн гаргаснаараа бид бахархдаг


Г.Бумцэндийн нэрэмжит сургуульд 24 жил захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад багшийн хувьд сургуулиа магтахад аргагүй л Сэлэнгэ аймгийн лидер сургууль гэж хэлмээр байна. Олон сайн төгсөгчтэй сургууль гэдгийг  ганцхан зүйлээр батлаад хэлэхэд Монгол Улсад 600 гаруй сургууль байдаг. Түүний 40 хуваасны нэг нь компьютержүүлсэн хэлбэрт багтаж байна гэдэг бол нэртэй төртэй төгсөгч сайтай байгаагийн илрэл. Ялангуяа маш олон хөрөнгө оруулалт, шинэ санаачилгуудыг нааш нь татаж байдаг 1984 оны алтан медальтай төгсөгч С.Баярцогтыг онцлох ёстой. Манай сургуулиас дөрвөн УИХ-ын гишүүн төрсөн байдаг. Өмнөх парламентад н .Цогт -Очир сууж байсан бол энэ удаагийн парламентад УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Дамба-Очир, З.Энхболд нарыг манай сургуулиас төрөн гарсан гэж хэлэхэд таатай байдаг. Сургалтын хэлбэрийг цахимжуулна гэдэг нь сургалтын чанарт мэдээж сайнаар нөлөөлнө. Хамгийн гол нь сурагчдад зөв, сайн ашиглуулж сургах хэрэгтэй. Ахмад багшийн зүгээс харахад багш, сурагчдын үйл ажиллагаа маш их хөнгөрсөн. Нөгөө талаар сургуулийн захиргааны зүгээс тавьж байгаа хяналт их хялбар бол-сон. 1992-1997 оны хооронд сургуульдаа дотоод холбоо тавиулж байсан. Түүгээрээ ангиудын хичээлийг сонсчихдог. технологи туршиж байснаа яривал одоо ч ичмээр юм даа.


Сурагчдын цаг хэмнэх, бие даах чадварыг бүрэн шийдэж өглөө
9а-ангийн сурагч Б.Энхтуяа


Ерөнхий  боловсролын сургуулийн Эрдмийн түлхүүр 2.5 цахим мэдээллийн сургалт бидэнд маш их таалагдлаа. Ялангуяа сургуулийн орчин интернэттэй болсноор бидэнд маш их ашигтай байгаа. Хичээлээ интернэтээр үзэх боломжтой. Багштайгаа интернэтээр холбогдож, мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж болно. Бас багш, эцэг эхчүүдийн харилцаа сайн байна. Тухайн сурагчийн дүнг эфектээр шууд багш нартай харьцахгүйгээр интернэтээр харах боломжтой. Бид ч бас хичээлийн хуваариа гэрээсээ харж болдог нь их давуу талтай. Цаг хугацаа хэмнэх талаасаа илүү давуу талтай болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.