Улс төрийн ууган хүчин үүргээ гүйцэтгэлээ
2011.09.19

Улс төрийн ууган хүчин үүргээ гүйцэтгэлээ

Ард түмнээрээ овоглосон Ардын намынхан хувьсгалт нэрээ өөрчлөн, шинэ зууны их бүтээн байгуулалтад ханцуй шамлан орлоо. Тэд өнгөрөгч зуунд улс төрийн ууган хүчнийхээ үүргийг гүйцэтгэн, төрт эх орондоо хувьсгал хийж  МАХН хэмээх алдартай байлаа. Харин энэ зуунд ард түмнийхээ дунд байж, МАН хэмээн нэрээ өөрчлөв. Тэр ч утгаараа Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, иргэдээ сонсох их аянд хөлгийн жолоо залан нэлээд хугацааг үдлээ.    

Манхайн гийсэн мяндаст хөндий

Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан манай багийнхан үдшийн бүрий нөмрөх үед Мөнххайрхан суманд буудаллаа. Төвийн бүсээс 1500 км алслагдсан Монгол Алтайн сүрлэг уулсын дунд орших урианхай түмний өлгий болсон эл нутаг бусад сумуудаас нүдэнд содон бууж байв. Айл өрх, албан байгууллага гээд хувь хувьсгалын бүхий л нэгжүүд нь шавраар хашаа босгосон харагдана. Сумын төвийнхөө хойт талаар Цэнхэрийн гол мяралзан урсах нь сэтгэлд таатай.
...Тус сумын хүн эмнэлэг 1950 онд хоёр гэр, нэг бага эмч, хоёр ортойгоор ажиллаж эхэлсэн түүхтэй. Харин өдгөө хоёр их эмч, 559 өрхийн 2529 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж байна. Тэгэхдээ сайны хажуугаар саар зүйл олон бий. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны зардал сард 190 мянган төгрөг буюу нэг хүн бүхэл өдрийн турш 527 төгрөгийн төсөвтэй байдаг гэнэ. Тиймээс эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвлийн цагт бүх айл хүнсээ бэлтгэсэн байдаг учраас гэрээсээ хооллох талаар санал дэвшүүлж байсан юм. Түүнчлэн хүмүүнлэгийн байгууллагаас иж бүрэн гал тогооны хэрэгсэл тусламжаар олгосныг сайшаан ярьж байв. Аяны багийнхан энэ үеэр нутгийн иргэдтэй ажил, амьдралын дотно яриа өрнүүлэн тодорхой асуудлуудад санал солилцсон юм. Тухайлбал, нутгийн уугуул Х.3ургаадай эрх баригч намууд хамтарсан Засгийн газар байгуулсан нь төрд "цус ойртох" үзэгдэл олширсныг шүүмжилж байв. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүдийн 12-ын нэг нь сайд байгааг тодруулсан.

Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гажуудлыг залруулах цаг болсныг дуулгасан. Мөн улсын төсвөөс зөвхөн хөрөнгө "саадаг" бяцхан сумдыг нэгтгэх асуудлыг ч хөндсөн юм. Түүнчлэн иргэдийн зүгээс хамгийн их тавьсан асуудал бол тэтгэврийн дээд, доод хэмжээг ойртуулах тухай байв. Харин эл асуултад Ж.Сүхбаатар гишүүн тэтгэврийг шатлалтай нэмэхийг тодруулсан. Ингэхдээ юуны өмнө доод хэмжээний тэтгэвэр авч буй хүмүүсийнхийг эхэлж нэмэхээр анхаарч, ажиллаж байгааг дуулгав. Мөн 500 мянгаас дээш цалинтай хүмүүсийн цалинг нэмэхгүй. Харин цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас тооцоо, судалгаа хийж буйг хэлсэн. Уулзалтын үеэр анхаарал татсан нэг асуудал бол сурах бичгийн хүртээмжийн тухай байв. Энэ талаар тус сумын номын санч "2005-2009 онд ЕБС-ийн сурах бичгийн хүртээмж хангалттай байсан. Учир нь тухайн үед бүх ангийн сурах бичиг худалдаанд гарсан байсан. Харин энэ онд худалдаанд гаргаагүй, зөвхөн номын сангуудаар тараагдаж байна. Манай сумын тухайд, сурах бичгийн хангамж 3040 хувьтай байгаа. 27 хүүхдийн дунд есөн ном ногдож байна" хэмээв. Тиймээс эл асуудалд БСШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвийн дарга Б.Энхбат хариулт өгч анхааралдаа авахаа мэдэгдсэн юм. Ямартай ч холбогдох албаныхны мэдэгдэж буйгаар энэ онд сурах бичгийн хангамж хүрэлцээтэй байгааг хэлж байсан. Ингээд биднийг дараагийн сум руу хөлгийн жолоо залахад нутгийн иргэд Алаг овооны тахилга хийж байсантай тааралдсан нь холын хүний замыг тоссон сайхан ерөөл боллоо хэмээн багийнхан билэгшээж байсан юм.

Мөнх цастын мөнгөн өргөө манхан сум

Ар гурван сэнхэр, Алтан тээлийн хөндийд нутагтай захчин түмний өлгий нутагт "Ард түмнээ сонсох" аян өнжөөд буцав. Нутгийн иргэдийн уулзалт халуухан уур амьсгалтай боллоо. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны төвшин саарах болсон нь бодит үнэн. Гэхдээ өвөг эцгээс өвлүүлэн үлдээсэн газрын баялгаараа бид зах зээлийн хатуу хүтүүг хэнээс ч дутахгүй давж явна. Энэ талаар иргэд ч дуу нэгтэй хэлж байна. "Хүний хөгжил" сангаас сар бүхэн олгох мөнгө төвөөс алслагдсан бүсийн иргэдэд чухал болохыг онцолж байв. Гэхдээ асуудал бүрийн цаана шалтгаан байдаг нь амьдралын хууль. Орон нутагт нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол ажлын байрыг нэмэгдүүлэх тухай юм. Тиймээс залуусыг ажилтай болгохын тулд төрөөс дэмжих ёстой. Тэр ч үүднээсээ ЖДҮ-ийг дэмжих зорилгоор сум бүрт тодорхой хэмжээний зээл олгох болсон.

Үүний үр дүнд аймаг бүрт дунджаар 50-100 залуу ажлын байртай болжээ. Харин Манхан сумын иргэдийн хөндсөн асуудал бол алслагдсан бүсийн нэмэгдлийн тухай байв. Эл асуултад Ж.Сүхбаатар гишүүн "Танай аймгаас . сонгогдсон С.Бямбацогт гишүүн эл асуудлаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. Тиймээс ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэх байх. Мөн эл хуулийн төсөлд ажлын хэсэг гарган ажиллаж, Р.Раш гишүүн ахалж байгаа"-г дуулгасан юм. Түүнчлэн 25-35  насны хөдөө амьдарч буй малчин залуус төрийн ямар ч хайр хишиг хүртэхгүй байгааг дуу нэгтэй шүүмжилж байв. Тухайлбал, "Хүний хөгжил" сангаас бэлэн бусаар олгож буй сая төгрөгийг энэ насны хотын залуус сургалтын төлбөр болон орон сууцанд зарцуулах боломжтой. Харин хөдөөгийн малчин залуус нэг сая төгрөгөө ямар хэлбэрээр авахыг төрөөс хуульчлаагүй.

Тиймээс залуусын үзэж буйгаар төр засгаас хүний эрхийг хүндэтгэхгүй байгаа аж. Мөн ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд Монголын төр засаг барьцаалагдсан, шантаажлагдсан байдалтай буй өвгөд хатуухан хэлж байна. Тэр ч бүү хэл нийгмийн зарим давхарга бүр мөсөн хаягдсан гэнэ. Жишээ нь, 40-50 насны хүнийг ажилд авдаггүйг учирлаж байсан. Тиймээс иргэдийн зүгээс МАН-д хандан ирэх сонгуульд залуус болон нийгмийн давхаргын ахуй амьдралыг тэгшитгэсэн бодлого, мөрийн хөтөлбөр гаргахыг захиж байв. Ямартай ч энэ удаагийн Ховд аймагт ажилласан аяны хэсгийнхэн тодорхой хэмжээнд асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ганзага арвинтай нийслэлд газардсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.