Завхан нутгийн элч Д.Оюунхорол нутагтаа ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар хур тэгширсэн зун, намрын сайхан өдрүүдээр нутгийн зон олныхоо дунд ажиллаж байна. Улиастай сумын зургаан баг, Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Отгон гээд говийн болон хангайн бүсийн 21 суманд ажилласан бол удахгүй Сонгино, Цэцэн-Уул, Сант, Алдархааныхаа зон олонд очиж ажил, амьдралаа танилцуулж ярьж хөөрнө гэнэ.
“Чуулган завсарласан цаг хугацаанд амжиж тойрогтоо ажиллах нь төрийн түшээ хүний хувьд нэн хариуцлагатай чухал ажил. Олон түмэнтэйгээ уулзаад, санал бодлыг нь сонсоод явж байхдаа энэ зон олныг төлөөлөн Их хурлын гишүүнээр ажиллаж байгаа утга учраа илүү мэдэрдэг. Төрийн бодлого тодорхойлолцож яваа хүн түмэн олны санал бодол, амьдрал ахуй дээр л үндэслэж асуудалд ханддаг зарчимтай. Тиймээс чуулган завсарлахад амраад явах биш, сонгогч олныхоо дунд орж ажиллахыг л эрхэмлэдэг дээ. Ер нь итгэж сонгодог ард түмнийхээ урмыг хугалахгүй байж, урагшлан дэвжих хүсэл тэмүүлэл, амьдрал ахуйд нь жижиг гэлтгүй тус болох нь төрийн түшээ миний үүрэг юм.
Амьдрал баян учраас сонгогч олны хувьд тулгамдаагүй асуудал гэж байдаггүй. Тэр бүхнийг болж өгвөл бага ч гэсэн хэмжээгээр шийдвэрлэх юм сан гэж хичээж явна. Нөгөө талаар төр, засгийн бодлого, шийдвэрийг газар дээр нь тайлбарлан таниулах ажил хийлээ. Мөн Цагдаагийн байгууллага, Баруун бүсийн агаарын довтолгооноос хамгаалах ЗХ-ний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж ажиллагсадын нийгмийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд хүчний байгууллагын ажил байдалтай танилцсан нь энэ. Манай аймагт Монгол Ардын Намын “Ард түмнээ сонсох аян” болж байна.
Энэ үйл ажиллагаанд Ардын намынхаа багийг ахлан ажиллаж байна. Манай нам улс орны өнцөг булан бүрт хүрч ажиллан ард түмнийхээ ахуй амьдралтай танилцан, үнэтэй санал бодлыг нь сонсож байгаа энэ ажил ихээхэн үр дүнгээ өгч байна. Төр, засгийн удирдлага түмэн олноосоо тасарсан гэх шүүмжлэл байнга л сонсогддог. Бодит байдал дээр ч ийм л байсан. Харин манай намыг ийм үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон түмэн ам сайтай байгаа. Энэ удаа ч Завханчуудаа нэг сайн сонсоод, тулгамдсан асуудал, амьдралын бэрхшээлээс нь шийдвэрлэж, томоохон заримыг нь төр, засгийн бодлогоор шийдүүлэхийн төлөө ажиллана даа” гэж Завхан нутгийн элч гишүүн ярьж байна.