Төв аймгийн багийн засаг дарга нар уулзалт чуулганаа хийлээ
Төв аймгийн багийн засаг дарга нар нэгдсэн уулзалтаа хийлээ. Учир нь энэ сарын 19-22-ны өдрүүдэд тус аймгийнхан ‘’Төв аймгийн өдрүүд’’-ийг тэмдэглэх гэж байна. Нийт 27 сум 97 багтай төв аймгийн ”Багийн засаг дарга нарын уулзалт”-нд тус аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон УИХ-ын гишүүн Д.Дондог нар оролцсон байна.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд багийн засаг дарга нарын нэгдсэн уулзалтын үеэр тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсаны зэрэгцээ багийн хөгжил аймгийн хөгжлийн үндэс болохыг онцлон хэлж байлаа. Мөн энэ цаг үед Монгол орон даяар ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Н.Энхболд төв аймгийн 97 баг бүрийн эмч, засаг дарга нарт мотоцикль, УИХ-ын гишүүн Д.Дондог ургац хураалтанд зориулан трактор гардуулан өглөө. Аймгийн болон багийн хөгжлийг дэмжихийн тулд шаардлагатай техник хэрэгсэл гардуулан өгч байгаа нь гишүүдийн багцын хөрөнгөөс гадна засгийн газраас 2008 онд баталсан ‘’Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр’’-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил болохыг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангахын чухлыг тэд онцлоод, гишүүдийн гэгдэх нэг тэрбум төгрөгийн багц нь УИХ-ын гишүүдийн халаасанд байдаг зүйл биш, харин иргэдийн хүсэлтэнд тулгуурлан, аймгаар дамжуулан захиран зарцуулдаг хөрөнгө болохыг хэлж байлаа. Ийнхүү баг бүрийн албан хэрэгцээнд зориулан мотоцикль гардуулан өгсөнд, багийн удирдлага болон эмч нар сэтгэгдэл өндөр байсан бөгөөд Төв аймгийн Алтанбулагийн дөрөвдүгээр багийн засаг дарга Ч.Чойхүү хэлэхдээ, ‘’Бид өмнө нь ажил амжихгүй, унааны бэрхшээл их гардаг байсан. Харин энэ удаад багийн ажилд тус болохуйц мотоцикль гардуулан өгснөөр цаашид бидний ажилд ихээхэн тус нэмэр болох хөрөнгө оруулалт болж байна’’ хэмээн ярьсан юм.
Түүнчлэн Төв аймгийн Зуун мод хотноо болсон ‘Багийн засаг дарга нарын нэгдсэн уулзалт’’-нд ургац хураалтын талаар ярилцсан бөгөөд Төв аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын дүн 50,2-72,6 хувьтай байгааг аймгийн засаг дарга нэгдсэн уулзалтын үеэр хэлж байлаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилд одооноос шамдан орохын чухлыг аймгийн удирдлагууд багийн засаг дарга нарт сануулан, үүрэг өглөө.
Энэхүү зөвлөгөөнд оролцсон УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог нар УИХ-аас батлан гаргасан хуулийн талаархи мэдээлэл тэр дундаа ”Монгол мал үндэсний хөтөлбөр” болон энэ жилийн УИХ-ын ээлжит хаврын чуулганаар баталсан ‘’Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль’’-ийн талаархи мэдээ мэдээллийг малчдад өгсөн болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.