Дорнод аймагт зүүн хойд азийн бүсийн чуулган болно
2011.09.07

Дорнод аймагт зүүн хойд азийн бүсийн чуулган болно

УИХ-ын гишүүд ээлжит чуулганы завсарлагаар тойрогтоо ямар ажил хийж байна вэ. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс тодрууллаа.

УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласнаас хойш үндсэндээ тойрогтоо ажиллалаа. Манай Дорнод аймаг том газар нутагтай, сумд нь нэлээд таруу явдал ихтэй тойрог юм. Төлөвлөсөн ажлынхаа дагуу ажиллахыг зорилоо. Дорнод аймгийнхаа аялал жуулчлалын маршрутыг нээх төлөвлөгөөтэй Залуучуудын холбоотой хамтран түүх, соёлын дурсгалт газруудаар явлаа.

Дорнод аймагт 13 дугаар зуун буюу Чингис хааны үеийн түүхтэй холбоотой дурсгалт газрууд элбэг байдаг юм. Гэвч энэ болгоныг хүн болгон мэддэггүй юм. Тухайлбал, Баян-Уул сумын Ононгийн эрэгт Өүлэн эхийн төрсөн тоонот нутаг, Халх гол сумын Буйрын эрэгт Бөртэ хатны төрсөн нутаг, Есүхэй баатар хүүгээ Дай сэцэнд хүргээд буцахдаа Татар аймагт хорлогдсон Цэгцэрийн шар тал зэрэг газрыг тодруулах ажил амжилттай боллоо.

Удахгүй тойрогтоо ажиллахаар дахин явна.Энэ сарын 21-ний өдөр Чойбалсан хотод Зүүн хойд Азийн бүсийн чуулганыг зохион байгуулна. Зүүн хойд Азийн хөгжилд Дорнод аймаг ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг нь чуулганы гол зорилго юм. Япон, БНСУ, БНХАУ-аас төлөөлөгчид, Элчид сайдын яамд, эрдэмтэн судлаачид, бизнесмэнүүд оролцож, санал бодлоо солилцоно. Манай улсаас Зүүн хойд Азийн бүсэд Дорнод аймаг багтдаг юм.

Зүүн хойд Азийн бүсийн нутгууд онцгойлон хөгжиж буй үед Дорнод аймаг идэвхтэй оролцох хэрэгтэй.

Өмнө яриа төдий байсан ажил чуулганы дараа бодитоор хэрэгжиж, Дорнодын хөгжилд ихээхэн ач холбогдолтой зүйл болно гэж найдаж байна. Би чуулганы үеэр Дорнод байгаль орчин, Дорнод аялал жуулчлал, Дорнод хөдөө аж ахуй гэсэн гол гол илтгэлүүдийг уншина. Халх гол бүсийг сэргээн хөгжүүлэхэд Зүүн хойд Азийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудлыг хөндөнө. Халх гол бүс нь Зүүн хойд Азийн бүсийн улс орныг цэвэр экологийн хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг байх зэрэг тодорхой асуудлууд ярина.
 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.