Сүхбаатарчууд бусдад биш өөртөө найдаж ажиллах жишиг тогтоов
Наран ургах нутаг Сүхбаатар аймгийг үзэх боломж тохиов. Шилийн Богд, Алтан овоо, Ганга нуур, уран дархчууд, хурдан мориороо алдартай энэ нутгийн тухай олонтаа сонсож, ном зохиолоос уншиж явсан. Сүхбаатар аймагт АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монгол хүн-2020" хөтөлбөрийнхөө хэлэлцүүлгийг зохион байгуулж, түүнийг сурвалжлах далимдаа түүхт нутагтай танилцсан нь энэ. Аймгийн төв болох Баруун-Урт сум Улаанбаатараас 560 км зайд оршдог. Тус аймаг нийт 54.3 мянган хүн амтай юм билээ. Улсын нийслэлд залардаг Д.Сүхбаатар жанжны хөшөө төрсөн нутгийнхаа төв талбайд бас сүндэрлэдэг. Хэдэн жилийн өмнөхөөс Баруун-Урт сум хэрхэн хөгжиж, дээшилснийг мэддэг хүмүүс нь бахдан ярьж байна лээ. Энэ аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-ын гишүүн. Намынх нь залуу "унаж"байсан аймгийг хэрхэн өөд нь татаж байгааг харсан удирдлагууд нь түүнд магтаалын үгээ харамгүй зориулсан. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын дарга Н Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан нар тэнд ажиллаж Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж буй ажлыг иргэдэд танилцуулсан юм.
Сүхбаатарт ус асуудал
Ард иргэдийн саналыг сонсож, төрийн бодлогод тусгах нь АН-ын аяны зорилго юм. Сүхбаатар бол хэлэлцүүлэг зохион байгуулсан 15 дахь аймаг. Эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой монгол хүн гэсэн таван чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж, нийт 700 гаруй хүн оролцов.Эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн хэлэлцүүлгийн үеэр иргэдийн голчилж ярьсан зүйл нь ус. Ус нь кальци, хужир ихтэй. Тухайлбал, Наран суманд үүнээс болж хүүхдүүдийн арьсан дээгүүр юм их туурдаг гэнэ. Гэхдээ усны асуудлыг Баруун-Уртаас эхлээд шийдэж буй юм байна. Баруун-Уртынхан 20 гаруй км-ийн цаанаас усаа авдаг аж. Шүлт ихтэй уг усыг тусгай хоолойгоор аймгийн төв хүртэл татаж, цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан байна. Цэвэршүүлэх явцад усны 30 хувь нь хаягдал болоод байсан учир байгууламжийн эргэн тойрны хоёр га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, мод, зүлгээ түүгээ услах болжээ.Ус цэвэршүүлэх уг туршлагаа сумдад л хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм билээ. Иргэд байгаль орчиндоо бас их санаа зовж байв. Сүхбаатарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Цайрт минерал" ХХК, орон нутгийн нүүрс олборлолтын "Талын гал" ХК, "Баян эрч", "Энгүй тал", "Андын илч" компани үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс бэлчээр хомсдох, иргэдийн газрыг булаах, хүнд даацын машинууд явснаар хөрс эвдэрч, цөлжих аюул нүүрлэж буйг ярив.
Мөн Онгон сумын нутагт орших Хавиргын булаг хэмээх алдартай цэнгэг ус эдүгээ бараг ширгэсэн гэнэ. Уг нь 10 км үргэлжилдэг байсан ч хоёр жилийн өмнө "Одкон" холдингийн захирал ногооны талбай байгуулснаар Хавиргын булгийн хувь заяа бүрхэг болжээ. Тус компани Хавиргын булгийн дунд хэсэгт зургаан тоннын юмкость байрлуулж, усыг нь хурааж ногооны талбайгаа усалдаг гэнэ. Булгийн усыг голоос нь тасалснаас жамаараа эргэлтэд орж, өөрийгөө нөхөх боломжгүй болж, ердөө л 300 метр газар арай ядан урсаж буйг тус сумын багийн Засаг дарга ярьсан юм. Ногоо тариалахыг тэд дэмжинэ, гагцхүү усалгааны системээ өөрөөр хийгээч, хэдхэн хүний эрх ашгаас болж бүхэл бүтэн сумын иргэдийг хохироож, байгаль орчныг сүйдэлж болохгүй гэж сануулахыг хүсжээ. Мөн орон нутагт эмчийн орон тоо дутмаг байгаа аж. Эрдэнэцагаан сум долоон их эмчтэй байх ёстой ч дөрвөн хүн байгаа гэнэ. Нөгөө талаар эмч нар хүнд сурталтай, харилцааны соёлгүйг ч иргэд шүүмжилсэн юм. Багийн Засаг даргад тодорхой хэмжээний төсөв захиран зарцуулах эрх өгөхийг цөөнгүй хүн хүссэн. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд удирдлага нь санаа тавьж, А зэрэглэлийн бүсдээ хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын талбай байгуулжээ. Одоо АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайн стандартаар сум бүрт биеийн тамирын талбай барихаар төлөвлөсөн гэнэ.
Бүтээн байгуулалтын “Шуурга” өрнөж байна
Сүхбаатар аймаг бусдаасаа илүү өнгө нэмж, бүтээн байгуулалт, ажил амжилт ундарч буйн нууцаас Засаг дарга нь сэтгүүлчдэд хуваалцсан. Гол нь зөв төлөвлөлт, менежмент аж. Улсын төсвөөс дэмжлэг хараад суудаггүй, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж чаддаг нь тус аймгийн удирдлагын давуу тал юм билээ. Бусдад найдаж, гар харж суухын оронд зөв менежменттэй, сэтгэлтэй ажиллавал үр дүнд хүрдгийг харуулахыг хүсжээ. Ажлаа долоо хоногоос жилээр төлөвлөж, тухай бүрт биелэлтээ хянаад явдаг. 2009-2011 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлаа тэр бас танилцууллаа.Сүхбаатарын талбайгаас худалдааны төв хүртэлх 800 метр авто, аймаг дотроо явган хүний зургаан км зам тавьжээ. Өнгөрсөн онд нийслэлд "Сүхбаатар аймаг, хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган" зохион байгуулснаар гадна дотнын хөрөнгө оруулагчдыг сайн татсан юм байна. Худалдааны төв байгуулснаар гадаа худалдаа хийхээ больсон гэнэ. Мөн нийт 180 айлын багтаамжтай нэг өрөө байр, 82 айлын багтаамжтай хаус хороолол бариад эхэлжээ. Тэргүүн Шадар сайд, АН- ын дарга Н.Алтанхуягтай дараа нь эдгээр газраар орж танилцсан юм. 180 айлын орон сууцнаас эдүгээ 90 айлын байр ашиглалтад оржээ. Нэг айлаар зочилж үзсэн. 30 ам метр талбай бүхий, ариун цэврийн өрөө нь шүршүүр, хэрэглээний хүйтэн устай орон сууц юм билээ. Сүхбаатарын төвд нэг өрөө орон сууц 17-24 сая төгрөг бол дээрх байр 10.5 сая төгрөгийн үнэтэй. Бага,
дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд хямд өртөгтэй, багтаамж ихтэй байр барьж буй нь энэ аж. Орон нутгийн төсөв бага. Гэвч уг төсвөө жилд хоёр удаа хэрэглэж чаддаг гэнэ. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн компаниудад зээлдүүлж, оны хоёрдугаар хагаст буцаан төвлөрүүлэх маягаар ажиллаж нэлээд ахиц гаргаснаа Засаг дарга нь ярьсан. Мөн 70 машины гарааш барьж эхэлжээ.
Хотын захад бага орлоготой 200 айлд хашааг нь 1.2 сая төгрөгөөр барьж өгч буй юм билээ. Мөн зургаан га талбай хамарсан Хөдөө аж ахуйн анхны биржийг тэнд байгуулж байна лээ. Энэ нь зүүн гурван аймгийн мал, малын гаралтай бараа бүтээгдэхүүн, мах борлуулах бирж байх юм. Ченжээр дамжуулахгүйгээр малчид шууд тус биржид хандана. Нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсон учир үнэ ханшийн мэдээллийг шуурхай авч, өгөлцөх гэнэ. Өөрийн гэсэн агуулахтай, бүх нөхцөлийг хангасан бирж байх аж. Үүнийг барихад нийт дөрвөн тэрбум төгрөг хэрэгтэй. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэдний энэ ажлыг дэмжиж долоон жилийн хугацаатай хоёр тэрбум төгрөгийн зээл өгчээ. Биржийг орон нутгийн өмчийн "Өөдлөх ирээдүй" компани цаашид авч явна гэсэн. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажилдаа гарчээ. Мах боловсруулах хувийн үйлдвэр удах-гүй ашиглалтад орох гэнэ. Мөн аймгуудаас анх удаа хоёр тэрбум төгрөгийн бонд гаргаснаараа онцлог. ИТХ-аас нь 1.5-2 жилийн хугацаатай, Засгийн газрын бондын адил хүүтэйгээр зөвхөн авто зам барих бонд гаргах эрх өгсөн юм билээ. Аймгийн Засаг дарга хэвлэлийнхнээс Бичигтийн боомтыг дэмжиж, сурталчилж өгөхийг хүссэн. Уг боомт яг л Замын-Үүдийн адил ажилладаг. Далайд гарах Монголын хамгийн дөт зам нь энэ аж. Замын-Үүдээр барилгын материал зэргийг оруулах гэж сар гаруй болдог бол Бичигтийн боомтод хэдхэн цагийн ажил гэнэ. Уг боомтын үйл ажиллагааг дэмжээд өгвөл Сүхбаатар аймгийн хөгжил эрчимжиж, транзит тээвэр, аж үйлдвэрийн парк байгуулах, хил орчмын аялал жуулчлал хөгжих боломж бүрдэх юм билээ. Энэ мэтээр бүтээн байгуулалт тэнд ид өрнөж байв. 1942 онд байгуулагдсан тус аймгийг 66 жилийн турш МАН-ынхан засаглахдаа зургаан км асфальтан зам тавьсан бол АН-ын Засаг дарга гурван жилд долоон км асфальтан зам тавьсан аж. Эндээс хэрхэн үр бүтээлтэй ажилласныг нь харж болно хэмээн АН-ын удирдлага "онгироод" авсан шүү.