Төвийн бүсийн тулгуур төв “төв” аймагт  төр засгийн анхаарал эрчимтэй чиглэнэ
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН-2011
2011.10.20

Төвийн бүсийн тулгуур төв “төв” аймагт төр засгийн анхаарал эрчимтэй чиглэнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо тойрон улсын нийт газар нутгийн 4,7 хувийг буюу 74 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 27 сум, 97 багтай, 90 гаруй мянган хүн амтай Төвийн бүсийн тулгуур нутаг бол Төв аймаг.

 Тус аймгийн эдийн засгийн гол тулгуур салбар нь Хөдөө Аж Ахуй бөгөөд үр тариа, газар тариалан, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, энэ ч хирээрээ улсын хэмжээнд ДНБ үйлдвэрлэлтээрээ 4 дүгээрт ордог Төв нутгийнханаар Улаанбаатарчууд энэ өдрүүдэд амьсгалж байна. Төв аймгийн өдрүүд” арга хэмжээний нэг хэсэг болсон “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН-2011, ТӨВ АЙМАГ” арга хэмжээ 2011 оны 10 дугаар сарын 20 ны өдөр болж өндөрлөлөө.

 Энэ удаагийн хөрөнгө оруулагчдийн чуулга уулзалтад гадаад дотоодын 60 гаруй компани, консорциумын төлөөлөл, бизнесмен урилгаар оролцож, тус аймагт оруулж болох хөрөнгө оруулалт, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нээж хэлсэн үгэндээ: Төв аймгийн онцлог, давуу тал, нөөц боломжийг дотоодод хийгээд гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, манай аймагт хөрөнгө оруулалт хийж, сонирхох, хамтран ажиллах чиглэлээр та бүхнийг хүндэтгэн урьж байна. Миний бие Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны орлогч даргын хувьд аймаг орон нутгаа дэмжих зорилгоор энэ онд энэхүү арга хэмжээг зохион байгуулах санаачлагыг гарган, оны эхэнд ажлын хэсэг томилсон билээ.

 Энэхүү чуулга уулзалт нь Төв аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх стратегийн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, бүс орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжин идэвхижүүлэх, сурталчлан таниулах, түншлэл хамтын ажиллагааны эхлэл суурийг бий болгоход ач холбогдол өгөх юм гэлээ.

 Өнөөдрийн арга хэмжээнд аймгийнхаа нөөц боломжид тулгуурласан боловсруулах үйлдвэрлэл, МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх чиглэлээр 12 төсөл сонгон шалгаруулж танилцуулахаар бэлтгэсэн байна.

 Төв аймгийн хувьд зам харилцаа бусад аймгийг бодвол хамгийн сайн хөгжсөн, дэд бүтэц сайтай, 27 сум цахилгаан эрчим хүчний сүлжээ болон олон улсын интернэт сүлжээнд холбогдсон, алт зэс хайлуур жонш, хүрэн нүүрс, шадтаг занар, барилгын материал зэрэг байгалийн арвин их нөөц баялагтай нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Мөн ажил нь хэдийнэ эхэлсэн Хөшигийн хөндийд байгуулагдах олон улсын нисэх онгоцны буудал, түүнийг тойрсон бүтээн байгуулалтууд, тулгуур төв нь болсон Зуунмод хотын шинэчлэгдэж байгаа өнгө төрх, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн шинээр баригдах хатуу хучилттай автозамын 100 км нь тус аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл сумын нутгаар дайрах, Налайх-Зуунмод чиглэлийн 40 км зам, Улаанбаатар-Зуунмод чиглэлийн 43 км автозам баригдах зэрэг нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл болоод байгааг аймгийн удирдлагууд илтгэлдээ онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.