Төв аймгийн сум, багууд компьютер, техник хэрэгсэлтэй боллоо
УИХ-ын гишүүн Су.Батболд өнгөрсөн сард Төв аймагт ажилласан юм. Тэрээр аймгийн Зуун мод, Алтанбулаг, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан гэсэн зургаан сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын албаны хүмүүстэй уулзаж, ажил байдалтай танилцжээ. Аймаг, сумын төрийн захиргааныхантай уулзалт хийх үеэрээ тус бүрт нь хоёр ширээний болон зөөврийн компьютер, принтер, факсын аппарат, сканнер өгсөн байна.
Гишүүн ажлаа цааш үргэжлүүлэн зургаан сумын тодорхой багуудын холбогдох албаны хүмүүс, ард иргэдтэй уулзалт хийх үеэрээ ч багууд, сургуульд тус бүрт тодорхой тооны ширээний болон зөөврийн компьютер, принтер, сканнер, хувилагчийг өгсөн байна. Үүний хажуугаар тухайн орон нутаг, сум, багийн нээлт, шинээр баригдсан тоглоомын талбай, ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, эмнэлгийн граж, агуулах, сургалтын төв, соёлын төвийн нээлтэд оролцжээ. Тухайлбал, Зуун мод суманд өнгөрсөн сарын 12-15-ныг хүртэл ажиллахдаа Баруунзуунмод, Зүүндэлгэр, Нацагдорж, Баянхошууны тодорхой багуудад шинээр баригдсан хүүхдийн тоглоомын талбай, цамхаг гэрлийн нээлтэд оролцож сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, сургууль, эмнэлэг, соёлын төвийн үйл ажиллагаанд зориулж компьютер техник, хэрэгсэл өгчээ.