Замын-Үүдийнхэн ерөнхий төлөвлөгөөгөө сураглаж байна
Утаа зөвхөн Улаанбаатарын “Брэнд” биш
Ойрын хэдэн жил хөл тавиагүй Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн сарын сүүлээр очиж, хотын утаанаас түр холдонгоо говийнхны амьдралтай бага сага танилцлаа.
Сумын төв нэлээд барилгажих төрхтэй болсон ч нийслэлийнх шиг хэсэгхэн газраа чигжээд замбараа муутайхан харагдана. Байшин бүрийн хажууд шахам уурын зуух байгаа нь хөдөөгийн цэнгэг агаар хүсэж очсон миний урмыг хугалах шиг болов. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай сумын иргэд уулзах үеэр ч утааны тухай олонтаа яригдаж байснаас үзэхэд уг асуудал Улаанбаатараас хэдийнэ хальж, хөдөөгийн суманд ч тулгамдах хэмжээнд хүрч байгаа аж. Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойг орон даяар тэмдэглэж буй энэ өдрүүдэд Дорноговь аймгийн 60 мянган хүн амаас 600 гаруй ахмад настан оршин суудаг Замын-Үүдийн өтгөс бууралд хүндэтгэл үзүүлэн үгийг нь сонсонгоо бэрхшээлтэй асуудлуудыг нь хэрхэн шийдвэрлэх, төр засгаас хууль эрхзүйн ямар орчин бүрдүүлж, юунд анхааран ажиллаж байгаа талаар Ж.Батсуурь гишүүн тайлбарлан ярьсан юм.
Сумын Соёлын өргөөний хурлын танхим дүүрэн цугласан ахмадууд агаарын бохирдол, байгаль орчны доройтлоос аваад сургууль халаалтгүй, эмнэлэг машингүй, ахмадууд уулзаж учрах. багачууд чөлөөт цагаа өнгөрөөх байр савгүй, архидалт, ажилгүйдэл их, ахмадуудынхаа тоолдог хэдийг нэмэхгүй байсаар ар араасаа талийгаад дуусах нь, аймаг. сумын засаг дарга нар үзэгддэггүй гээд л олон зовлон ярьж байлаа. Стандарт жорлон, баталгаат тоолуур, гудамж талбай, хашаа хорооны эмх цэгцийн асуудалтай зэрэгцээд "Аймгийн 80 жилийн ойн медалийг уугуул иргэддээ өгөөгүй байж хаа байсан Сүхбаатарын хүмүүст өгсөн, насаараа энд аж төрчихөөд энгэртээ гялайх юмгүй хоцорлоо" гэх хүн ч байв. Тэд эдийн засаг өссөн, төсөв хөрөнгө нэмэгдсэн гэдэг ч амьдрал дээшлэхгүй, тэтгэвэр хүрэлцэхгүй байгаа зэрэг амь, амьжиргааны асуудлаас гадна сумын төвийн дулаан хангамж, дэд бүтэц, тохижилт, Замын-Үүдийг бие даасан боомт хот болгох асуудал, улс орны хөгжил, уул уурхай, хоёр 'Толгой-н ашиглалт зэрэг олон сэдвээр санаа оноогоо хуваалцсан юм.
Тэдгээрээс хамгийн гол нь он удаан жилээр ужгирсан амин чухал хэрэгцээт ундны усны асуудал байсан бөгөөд "Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, цэвэр, бохир ус, дулааны цахилгаан станцын зураг төсөл гаргаад, хийгээд явж байгаа гэсэн,яасан бэ? хэмээн нэхэж байлаа.
Уг нь Дорноговь аймгийн 14 сумаас хил гаальтайгаа хамгийн ойр,байнгын ажиллагаатай боомттой энэ сумынхны ахуй амьдрал харьцангуй зүгширсэн баймаар. Харин Ж.Батсуурь гишүүн Дорноговийн унаган иргэний хувьд ч, аймгийн Засаг даргаар хэдэн жил ажиллан сайн, муу бүхэнтэй нь хутгалдаж явсны хувьд ч тэр бүх зовлонг нь энд ажиллаж, амьдардаг иргэдээс илүү юу гэхээс дутуугүй мэддэг, мэдэрдэг болох нь түүний ярианаас харагдаж байв.
- Дулааны цахилгаан станцын тухайд би бүр 2000 оноос аваад заримдаа зүүдэлж сэрдэг байсан. Энэ талаар асуудал тавьсаар 2004 онд, Багабанди гуайг Ерөнхийлөгч байхад БНХАУ-аас 300 сая доллар өгөхөд Хятадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг бүгдийг нь Замын-Үүдэд зарцуулъя гэсэн санал гарсан ч долоон жил өнгөрөөд байхад тэр мөнгийг ашиглаж чадаагүй.
Миний УИХ-ын гишүүн болсон 2008 оны сүүлээр Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс эхний ээлжинд 50 сая долларын асуудал шийдэгдсэн, ойрын үед бүтээн байгуулалтын ажилдаа орох байх аа. ДБЯ, БХБЯ толгойлоод Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө гаргаж, инженерийн болон цэвэр, бохир усны хоолой, дулааны цахилгаан станцын шугам сүлжээ барих ажил нь эхлээд явж байгаа. Удаашралтай байгаа нь үнэн. Тэгэхдээ л хэрэгжихийг нь хүлээж байна. Тэгвэл энэ олон уурын зуух устана, агаарын бохирдол багасна. Хүмүүс Улаанбаатарт л утаа байдаг, хөдөө байдаггүй мэт ярьдаг, гэтэл суманд хүртэл байгаа болохоор орон нутагт ч гэсэн энэ асуудлыг шийдэх ёстой юм. Дээрээс нь дэд бүтэц байгуулж, хот болгон хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн салбарын яам ажлын хэсэг байгуулаад зураг төсөл нь ч нэлээд ахицтай явж байгаа гэж бодож байна.
Ер нь төрөөс хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлээд тулгамдсан асуудлуудыг аль болохоор шийдээд байдаг, харин дунд нь хийдүүлж тасалдуулаад байна. Миний хувьд аймгийн засаг дарга байхаасаа орон нутгийн гол гол асуудлуудыг шийдэхээр та бүхний санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллаж ирсэн болохоор хаана юугаар гачигдаж байгааг тань сайн мэднэ. Одоо ч гэсэн монгол төрийнхөө төлөө, говь нутгийнхныхаа төлөө тэмцэнэ ээ. Гэхдээ ганц хүнээс шалтгаалах юм маш бага атлаа маш их байдаг юм байна гэдгийг би ойлголоо гэж Ж.Батсуурь гишүүн ахмадууддаа учирлаж байв. Уг нь Японы тусламжийн Жайка байгууллагын төслийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсний дүнд нэлээд олон км-ийн цаана усны эх үүсвэр байх боломжтой, ус татах байгууламж барих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Гэвч уг эх үүсвэрээс нааш усны хоолой тавих инженерийн төвлөрсөн шугам сүлжээ, дулааны эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүй нь хүндрэл учруулж байгаа гэнэ. Энэ асуудлаа Засгийн газарт удаа дараа тавихад цэвэрлэх төхөөрөмж болон шаардлагатай бүхий л асуудлыг нь иж бүрэн шийднэ гэсээр өдий хүрчээ. Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил хариуцсан яамдын 30 гаруй хүнтэй Засгийн газрын том комисс байгуулагдаж,вагон дүүрэн хүн 2-3 удаа ирээд бөөн ажил болж байсан атал хийсэн зүйл нь харагдахгүй болохоор иргэд ийнхүү бухимдаж байлаа.
Дорноговь олон талаар анхдагч аймаг
Зам дагавал хөгждөг гэдэг, гэтэл зам дагасан Лүн, Замын-Үүд сумд хөгжсөн нь хаа байна? гэсэн яриаг нэг бус удаа сонсож байсан. Энэ удаа ч бас Замын-Үүдийн нэгэн ахмад "Баруун аймгуудаас сайд, дарга нар олон болохоор тэдгээр аймаг илүү хөгжөөд зүүн аймгууд, тэр тусмаа дэд бүтэц, төмөр замтай мөртлөө Дорноговь, Сайншанд сайн хөгжихгүй байгаа нь сайд, дарга нар манайхаас байхгүйтэй холбоотой юм биш үү?" гэхийг дууллаа. Ж.Батсуурь гишүүн үүнийг тайван хүлээж аваад:
- "Баруун аймгууд хөгжөөд байна" гэнэ, хөгжилгүй яах вэ, хөгжүүлэлгүй ч яах вэ. Баруун аймгийнхан сайд, дарга олонтой нь үнэн. Гэхдээ Дорноговь, Сайншанд, Замын-Үүд хоцорсон юм нэгээхэн ч байхгүй. Мобиком гэдэг гар утасны сүлжээ хамгийн түрүүнд манайд орж ирсэн ,засмал зам Дархан,Эрдэнэтийн дараа Дорноговьд тавьсан. Бүх юм Дорноговьд бараг анхдагч байдалтай явж байгаа шүү. Аймгуудаас Дорноговь хамгийн анх Хүүхдийн том ордонтой болсон. Түүнийг дуурайгаад Увсынхан барьж, Ховдынх одоо ашиглалтад орсон байх. Говь-Алтайнхан бариад эхэлсэн гэсэн. Усан спорт сургалтын төвийг хамгийн анх Дорноговийнхон барьж эхэлснээр бусад аймгийнхан үлгэр аваад барьж байна. Говьсүмбэрийнхэн энэ жил эхлүүлж байгаа. Монгол Улсад хамгийн анх нийслэлд ч байхгүй гоёмсог усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн анх Дорноговьд бий болсон. Үүний жишгээр Хэнтий, Сүхбаатар аймгууд усан оргилууртай болж, Эрдэнэтийнхэн манайхнаас үлгэр аваад барьсан шүү дээ гэж байлаа.
Тэдгээр анхдагчийн нэг нь бидний орсон Монголдоо ганц, загвар цэцэрлэг болох "Алтанхаргана" хүүхдийн цэцэрлэг байв. Төмөр замын орос дарга Магдей агсан Замын-Үүдэд ажиллахаар анх ирэхдээ "Монголын 1000 гаруй км төмөр замын 56 хувь нь Дорноговийн нутагт байдаг тул энэ аймагт нэг загвар цэцэрлэг барьж өгье" хэмээн тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ цэцэрлэгийг барьж өгчээ. Эдэлбэр газрынх нь хэмжээ 6000 ам метр, түүнээс 2000 ам метр ашигтай талбай бүхий энэ том цэцэрлэг 9 бүлэг, 390 хүүхэд, 32 багштай юм байна. Нийслэлийнхэн ч атаархмаар энэ саруулхан, тансаг цэцэрлэгийн хүүхэд багачуудад зориулан тавьсан үзүүлэн таниулах материал үнэхээр баян, өнгө үзэмжтэй байгаа нь хилд ойр байдгийнх нь давуу талыг илтгэх мэт. 2000 он хүртэл сумын хэмжээнд нэг ч цэцэрлэг байгаагүй бөгөөд тэр жил аймгийн засаг дарга болсон Ж.Батсуурь орон нутгийн хөрөнгөөр анхны цэцэрлэг бариулсан нь 2001 онд ашиглалтад оржээ. "Замын-Үүд" хэмээх нэртэй сумын анхны тэр цэцэрлэгийн 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа тул Ж.Батсуурь гишүүн өөрийн санаачлан байгуулсан цэцэрлэгийн хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэнгээ нэг сумын хоёр цэцэрлэгээр алагчлалгүй орсон нь энэ юм. Өмнөх, төмөр замын цэцэрлэгээс ялгаатай нь, "Замын-Үүд"-ийн багш нар гарын доорх материал ашиглан өөрсдийн ур ухаанаар өвөрмөц хөөрхөн үзүүлэн таниулах материал олныг бүтээсэн харагдана. Тийм ч учраас цэцэрлэгийн насныханд зориулсан үзүүлэн таниулах материал бүтээх уралдаанд тэдний багш нар удаа дараа шалгарч, Замын-Үүд цэцэрлэг 2001-2011 онд аймгийн, 2006 онд Улсын тэргүүний цэцэрлэг болжээ.
Уг нь хүүхэд бүр үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадах, сурч боловсрох тохитой сайхан орчин бүрдсэн цэцэрлэгээр хүмүүжих ёстой ч Замын-Үүдэд одоо 1400 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байгаа гэнэ. Гурав дахь, 150-200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг орон нутгийн хөрөнгөөр 2008 онд бариулж эхэлсэн ч мөнөөх л шугам сүлжээ дулаан хангамжийн асуудлаас болоод ашиглалтад ороогүй байгаа аж.
Говийн бяцхан сургуулиас олсон боловсрол гологдоогүй
2011 он Монгол Улсын хувьд ч Дорноговийнхны хувьд ч тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн жил билээ. Ардын хувьсгалын 90 жил, аймаг байгуулагдсаны 80 жил, эрүүл мэнд, боловсролын салбарын 90 жил гээд л олон том баяр хөвөрсөөр нэг л мэдэхэд хүйтний ам наашлав. Гэтэл орон нутгийн компаниуд хүн амын эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг зохицуулж, цаг хугацаандаа халаалтаа өгөөгүйгээс хүмүүс зутарч, олон ээлжтэй, ачаалал ихтэй хөдөөгийн сургуулиудад давхар нэрмээс болдог бололтой. Ерөнхий боловсролын 11 жилийн 1-р дунд сургуулийн хамт олонтой уулзах үеэр шинээр сургууль барих, сурагчдын үдийн цай, хөдөөгийн малчны хүүхдийн дотуур байрны хувьсах зардлыг нэмэх, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг ялгаатай тогтоох зэрэг олон асуудал яригдсан юм. Замын-Үүдэд одоо шинэ 12 жилийн сургуулийн барилга барьж байгаа бөгөөд ирэх жил 2,5 тэрбум төгрөгөөр 12 жилийн шинэ сургуультай болох аж. Аймгийн хэмжээнд хүн ам, ялангуяа хүүхдийн тоо эрс өссөн байгаа нь сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлагыг үнэхээр нэмэгдүүлж байгаа нь илт. Сурагч, багш нар гишүүнээс олон зүйл асуусны дотор 11в ангийн сурагч А.Билгүүн говь нутгийн эгэлхэн хүү төрийн түшээ болтлоо өсөн дэвшсэн амжилтынх нь гол түлхүүр юу болохыг сонирхлоо.
-Замын-Үүдийн бүс нутагт миний төрсөн Улаанбадрах сумын нутаг дэвсгэр харьяалагдаж байсан. Энэ суманд би бага сургууль, дараа нь Сайншандад дунд сургууль төгссөн. БНСЧСУ-ын Братислав хотын Техникийн их сургуульд барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр сурсан. Сургуулиа төгсөж ирээд МАХН-ын Төв Хорооны боловсон хүчний мэдэлд очиж, Боловсролын яамны коллегийн хурлаар орон Политехникийн дээд сургуулийн багш болсон. Хамгийн гол нь багш нарынхаа тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, сурах хөдөлмөртөө л анхаарч байсан нь онц сурсны маань нэг үндэс байлаа. Тэгэхээр хувь хүний хариуцлага л . ажлын амжилтын гол түлхүүр байдаг гэж боддог. Говийн бяцхан сургуулиас олсон ерөнхий боловсрол Европын оронд оюутан болоход минь гологдоогүй гээд аливаа хун биеэ дайчилбал ямар ч амжилтад хүрч болдгийг Дэлхийн банкны Баярсайхан, Францын автомашины Рено үйлдвэрийн зохион бүтээгч Эрдэнэчулуун зэрэг монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулж яваа хүмүүсээр жишээ аван ярьсан юм.
“Нам дагавал ам тостоно”
Ж.Батсуурь Дорноговь аймгийн Засаг даргын ажлыг 2000 онд хүлээж аваад төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй хүний хувьд хамгийн анх Замын-Үүдэд очиж байжээ. Түүнээс хойш тус суманд хамгийн олон удаа очиж ажилласан төр, засгийн төлөөллийг шалгаруулбал Ж.Батсуурь гишүүн лав тэргүүлнэ гэж иргэд ярьж байна. Харин түүгээр үзэгдэхгүй байгаа аймаг, сумын дарга нартаа ундууцсан ч юм уу нэг эмэгтэй түүнээс 'Та манай дарга нарыг эзгүй байхад ирлээ.Та нар хоорондоо хэлэлцэж тохироод хамт ирж болоогүй юм уу?" гэж асуув. "Дээхнэ үед ингэсэн бол ч албан тушаалаасаа дор нь авахуулна шүү дээ" гэж хажуугаас нь нэг хүн хэлэх нь сонстов.
- Энэ бол улс орон даяар үүрэг, хариуцлага гэдэг зүйл үнэндээ орхигдчихоод байгаагийн илрэл юм. Төрийн эрх барих байгууллагын төлөөлөл, тойргоос сонгогдсон гишүүн нь очиж байхад Засаг даргаасаа эхлээд ажлаа яриад, та нарыг сонсоод дэргэд нь явж байх ёстой юм. Сумын удирдлагад АН-ын хүмүүс сонгогдсон учраас намайг ирэхээр МАН-ын хүн гаж ялгаварлаад ерөөсөө үзэгдэж харагддаггүй. Мэдээж, би та бүхний сонголтыг хүндэтгэж байна. Тэгэхдээ би уг нь Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй монгол төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл л дөө. Яах вэ, Батсуурь гэдэг хүнийг, намайг хүндэтгэхгүй байж болно. Төрийн төлөөлөл гэдэг утгаар нь хүндлээд, хамт суугаад, сайн муугаа сонсоод явсан бол дээр байсан юм гэж.Ж.Батсуурь гишүүн хэлж байлаа. Үнэхээр АН-ынх байна уу, МАН-ынх байна уу хамаагүй; ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бий. Тийм ч учраас төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон хууль батлан гаргасан. Даанч. тэр нь хэрэгждэггүй. Намчирхах үзэл хөдөө орон нутагт бүр хийрхэл болсны гор нь эргээд иргэдийнхээ ахуй амьдралаа, ар нуруун дээр бууж байгааг бүгд мэдэж байгаа атлаа байдал өөрчлөгддөггүй нь гачлантай.
Ж.Батсуурь гишүүний хэлсэнчлэн "Мал дагавал ам тостдог байсан чинь нам дагавал ам тостоно гээд нийтийн эрх ашгийг огоордог" муу зуршлын балгаар ажил хэрэг ч ахихгүй, аймаг, сумын хөгжил ч урагшлахгүй байгаа бололтой. Ямар боловч Замын-Үүд хорш зэргэлдээх Эрээн шигээ үсрэнгүй биш ч гэлээ өөрийнхөөрөө хөгжиж байна. Улс орны эдийн засгийн цар хүрээ тэлэхийн хэрээр БНХАУ-тай харилцаж байгаа байнгын ажиллагаатай, анхны, томоохон боомтын хувьд Замын-Үүдийн хилийн цогцолборын ачаалал ихээхэн нэмэгдсэн. Төр, засгаас асуудлыг шийдвэрлэхийн тулд АХБ-ны 70 сая долларын хөрөнгө оруулалтын төслөөр төмөр замаар ачаа ачих, буулгах, шилжүүлэн ачих, агуулахын аж ахуй хөгжүүлэхэд чиглэсэн найман багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөн, төмөр замын томоохон терминал барих ажлыг эхлээд байна. Бүтээн байгуулалт түргэсгэхийн хэрээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, хүмүүс хурдан зорчих нөхцөл бүрдэнэ. Даяаршлын өнөөгийн нөхцөлд улсын хэмжээгээр ганцхан энэ боомтоор бус, ойр ойрын бүс нутгаараа ачаа тээшний бага зардлаар хил гарах боломжийг иргэдэд олгох нь чухал юм.
Үүний тулд хилийн бүс нутаг дахь улирлын ажиллагаатай нэлээд олон боомт, тухайлбал, Баянхонгор, Сүхбаатар, Өмнөговь, Дорнодын болон Дорноговийн дараагийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөтгөх, шинээр барих асуудлыг Засгийн газар давхар шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлээд явж байгаа гэдгийг Ж.Батсуурь гишүүн сонгогчдодоо ойлгуулсан юм. Нам дагаж ханаралгүйгээр замаа даган хөгжих сайхан боломж Замын-Үүдийнхэнд бий. Он удаан жил хүлээлгэж буй Ерөнхий төлөвлөгөө нь хэрэгжээд газар нутгийнхаа давуу талыг зөв ашиглаж чадвал орон нутгаас нь сайд, дарга төрсөн, төрөөгүй олон зүйлээр дахин анхдагч болох боломж тэднийг хүлээж байна.