Завхан аймгийн аварга малчдад шагналын гардууллаа
Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн малчин Аюушжавын Эрдэнэ-Очирын ажилч хичээнгүй гэр бүл мал аж ахуйн салбарт ихээхэн үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн “Монгол Улсын Аварга Малчин” цол хүртлээ.

Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн малчин Цогтбаатарын Бат-Эрдэнэ Асгат сумаас төрсөн гурав дахь "Алтан төлийн эзэн" боллоо. Аймгийн аварга малчин, аймгийн хошой аварга малчин, сумын алдарт уяач, сумын тэргүүний тариаланч хөдөлмөрч гэр бүлд Модон могой жилийн босгон дээр МҮОНРТ-ийн "Алтан ишигний эзэн" шагналыг гардууллаа.

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн ахмад малчин Өсөхийн Хашбаатар нь 6 настайгаасаа хойш 60 гаруй жил мал аж ахуйн салбарт тогтвортой ажилласныхаа үр шимийг хүртэж “Монгол Улсын Аварга Малчин” цол хүртлээ.

Эх орны эдийн засгийн үндэс болсон эрдэнэт мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөхөөс гадна "Эко малчин" гэдгээрээ нутгийнхандаа хүндлэгдсэн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын "Оройн товгор" багийн ахмад малчин, аймгийн алдарт уяач Паламын Санрав "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" боллоо. Тэрээр гэргий Р.Мөнхжаргал болон таван туслах малчныхаа хамтаар 4000 гаруй толгой малынхаа ашиг шимийг хүртэж, 1 га талбайд чацаргана, улиас, үхрийн нүд, монос, гацуур зэрэг 500 гаруй мод тарьжээ.

Эцэг өвгөдийнхөө удам дамжсан малч ухааныг өвлөн авч 20 гаруй жил мал сүргээ таван төрөлд нь өсгөж буй Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-Улаан багийн малчин Нацагийн Цэвээнжавын гэр бүл сумынхаа 23 дахь "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" боллоо. Хангай нутагт махан тарга, говь газар өөхөн таргыг маш сайн авахуулдаг, жил бүр отор нүүдэл хийдэг, сүү цагаан идээгээ боловсруулж үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцдог хөдөлмөрч гэр бүлд шагналыг нь гардууллаа.
Холбоотой мэдээ
2025.02.23
2025.02.23
2025.02.18