М.Мандхай: Хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулахад төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай байна
2025.02.19

М.Мандхай: Хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулахад төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай байна

УИХ-ын даргын санаачилгаар Баруун бүсийн аймаг, сумдаар иргэдтэй уулзах үеэрээ хамгийн түрүүнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, ярилцаж, тэдний дуу хоолойг сонсоод явж байна. Сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрхийг хангах нь төр, засгийн үүрэг билээ. Гэтэл сумын ЕБС-ын хичээлийн байр, халаалт, хүчин чадал, орчин, сургалт, спорт, сонгон, мэргэших хичээлийн хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй, дотуур байрны хүчин чадлаас 2 дахин илүү хүүхэд байрладаг нь түгээмэл байгаа нь сэтгэл эмзэглэсэн асуудал болоод байна.

Сургууль, дотуур байрны сандал, ширээ, унтах ор, гал тогооны орчин, хоолны чанар хүртээмжээс эхлүүлээд л чанар, шаардлага хангахгүй, эд хогшил нь олон жил болсон шинэчлэгдээгүй, эвдэрхий байх нь түгээмэл харагдлаа. Шинэ байр, орчинтой сургууль, цэцэрлэг байв ч барилгын компаниудын барьсан чанарын асуудал, оруулсан хөрөнгө оруулалтаасаа илүү засварын зардал өндөр, хурдан муудаж, эвдрэх нь элбэг байна.

Дээрх дэд бүтцээс гадна цахим хичээлдээ идэвхтэй оролцъё гэхээр интернэт сүлжээний хүртээмж, хүчин чадал сулаас болж хичээл хийхэд гацах, хоцорсноос болж гүйцэтгэлийн оноо муудах эрдсэл үүсээд байна. Эдгээр санал, хүсэлтийг нь сонсож асуудлуудыг холбогдох яам, агентлаг, газар, орон нутгийн засаг, захиргааны түвшинд шийдвэрлүүлэхээр ажиллаа. Аймаг, сумдын ахлах ангийн сурагчдад ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах болсон нь хамгийн их хүндрэлтэй байгаа талаар хүүхдүүд хэлсээр байсныг салбарын сайдтай хэлэлцсэний үр дүнд уг журмын хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулахаар тогтлоо. Ингэснээр сурагчид суурь мэдлэгээ бататгаж, гүнзгийрэн судлах чиглэлээ төлөвлөх, бэлдэх боломжтой болох юм.

Хүүхдүүдийн үндсэн хичээлүүдээс гадна спорт, урлаг, дугуйлан секцүүдийн хүртээмж, сонголт, хичээлийн байр, зэрэг асуудлуудыг төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай байна.