
С.Цэнгүүн: Хүслийн жагсаалт баталчихаад үр дүн гардаггүй буруу жишигтээ дасчихаад байна
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 243 их наяд төгрөгний төсөвтэй “Нийслэл УБ хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө-2040”-ийн талаар өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Тэрбээр "Уг дүнгийн 4,1% нийгмийн дэд бүтэц, 31,6% орон сууцны хангамж, 29,5% нь үйлдвэр аж ахуйн газруудыг байгуулах, 10% нь автозамын түгжрэлийг арилгах дэд бүтцэд, 7% нь нийтийн тээврийг хөгжүүлэхэд, 15% нь хотын инженерийн сүлжээний эх үүсвэр бүрдүүлэхэд, 3% нь тохижилт, газар чөлөөлөлтөд зарцуулагдана гэжээ.
Өнөөдрийн ханшаар 70 тэрбум ам.долларыг 2040 он хүртэл зарцуулсны эцэст, УБ тойрсон дэд бүтэц, метро, дүүжин тээвэр, Богд уулын туннел гэх мэт төсөл хөтөлбөрүүд хэрэгжин дуусч, УБ-чууд сайхан амьдрах аж.
Сайхан мөрөөдөл. Мөрөөдөл биелэгддэг болоосой.
Гэтэл мөрөөдлөө биелүүлж, хүслийн жагсаалтаа хэрэгжүүлэхэд бидэнд байгаа нөөц бололцоо юу билээ гэж хэр тооцсон юм бол?
Дараах асуултуудын хариултуудыг авмаар байна.
- Манай улсад ийм хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж бий юу? Жилд 4,7 тэрбум ам.долларын санхүүжилтийг хэнээс, яаж олох вэ? Бидэнд хэн итгэж хөрөнгө оруулах вэ? Авсан зээлээ юугаар, яаж , хэзээ төлж дуусгах вэ?
- Элдэв татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ гэчихээд орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? /Ерөнхий төлөвлөгөөний 74-р хуудас/
- Төслийг ач холбогдлоор нь яагаад эрэмбэлээгүй вэ?
- Ашигт ажиллагаа, менежмэнт, төслийн хэрэгжилт, уялдаа холбоог хэрхэн төлөвлөсөн бэ?
Байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ач холбогдол, хэрэгжихүйц боломжоор нь эрэмбэлэхгүй бол хүслийн хоосон жагсаалт л болж хувирна. Өмнөх УБ-ын ерөнхий төлөвлөгөө нь санхүүжилтгүй байсан учраас 29,7% биелэлттэй гэж албаныхан хариулсан. Тэгвэл УБ хотын 2040 хүртэлх төлөвлөгөөний санхүүжилт хэр бодитой вэ?
Нэг хачин, жигтэй, муу арга барилд бид дасаад байна уу даа?
Эхлэээд юу ч бичигдсэн байсан хамаагүй хүслийн жагсаалт баталдаг. Дараа нь мөнгө, төсвийн зарцуулалтын эрх мэдэлтэй болохоороо та нар баталсан биз дээ? Гэж тулгадаг.
Үр дүнд нь хийсэн ажил үгүй, биелсэн төсөл байхгүй, иргэдийн амьдрал сайжраагүй ядуу хэвээрээ, түгжрэлд, утаанд амьдрал үргэлжилдэг. Албан тушаалтнууд баяжаад, цадаад хариуцлагаас мултраад үлддэг жишиг тогтоод удаж байна.
Хүслийн жагсаалтаараа бол бид 2020 онд гэр хороололгүй, метротой, усан замтай, 5-р цахилгаан станцтай, дүүжин тээвэртэй болчихсон байх ёстой биз дээ?
Эрчим хүчний реформын хувьд мөн л ийм процесс руу уруудах вий гэсэн хандлага бий болоод байна. Салбарын яамныхан нь “Мэргэжлийн хүмүүс нь юмаа мэднэ, юу ч гэсэн үнэ тариф өөрчлөх хэрэгтэй, үүний дараа бүтэц, ашигт ажиллагааг хурдтай хийхэд асуудалгүй” гэж тайлбарлаж байсан. Гэтэл хагас жилийн хугацаа өнгөрлөө. Сураг байдаггүй. Мэдээж салбарын мэргэжлийн хүмүүсээ сонсож ажллах ёстой ч , салбарын яаманд байгаа хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөх хүсэлгүй, элдэв шалтаг тооцсон унтаа байдалтай байхад ямар ч реформ, шинэчлэлт хийгдэх боломжгүйг бодитоор харж байна. Хурал, хэлэлцүүлэг дээр салбарын удирдлагуудаас үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийг асуухад “Яг наад асуудлыг чинь өдөр шөнөгүй судалж байгаа, удахгүй зөвлөгөөн зохион байгуулаад шийдэлд хүрнэ” гэж аргалдаг арга барилтай болж.