
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй.
Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон. Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Н.Наранбаатар, Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, С.Замира, Г.Ганбаатар, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн М.Мандухай төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн ангиллыг нарийвчилж, шалгуур, босго үзүүлэлтүүдийг тодорхой болгох, мөн төслийн мэдээллийг олон нийтэд урьдчилан, ил тод хүргэх үүргийг тодорхой тусгах шаардлагатай гээд хуулийн төсөлд байгаль орчны үнэлгээнээс гадна нийгмийн үнэлгээ хийх асуудлыг тусгасан эсэхийг тодруулж байлаа.
Өмнө нь аливаа төслийг хэрэгжүүлэхдээ ан амьтан, уур амьсгалд хэрхэн нөлөөлж буйд байгаль орчны үнэлгээнд голлон анхаардаг байсан. Харин хуулийн төсөлд төслийг хэрэгжүүлэхдээ хүний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн нийгмийн үнэлгээний асуудлыг нарийвчилж тусгасан гэдгийг С.Одонтуяа сайд хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр, байгаль орчны үнэлгээ хийлгэх гэж байгаа төслүүдийг гурав ангилж, зэрэглэлийг нарийвчилсан нь нэг лаборатори ажиллуулах эсхүл, уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд яг ижил шаардлага тавьдаг нь ихээхэн хүндрэл учруулж ирснийг сайжруулах шаардлагатай холбоотой. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн мэдэх эрхийг хангах асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, хуулийн төсөлд туссан байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, зэрэглэлийг I. II. III хэмээн тогтоосон ч ямар төсөл нь аль зэрэглэлд хамаарах талаар тодорхой тусгаагүй, үүнийг журмаар зохицуулбал хуулиасаа давсан журам гарах вий гэдгийг анхааруулж байлаа. Ажлын хэсгээс, хуулийн төслийн 7.9-т төслийн үзүүлэх нөлөө, төрөл, байршил нөлөөллийн хамрах цар хүрээнээс хамааруулж I,II,III зэрэглэлээр ангилна гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагууд төслийнхөө зэрэглэл, эрсдэлээ маш их, их, дунд бага гэж дөрөв ангилдаг гэсэн тайлбарыг өгч байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг авахгүй байхаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа талаар тодруулахын зэрэгцээ аливаа төслийн хэрэгжилт хүн, байгаль цаг уур, амьтан ургамалд хэрхэн нөлөөлж буйг тухайн баг, нутгийн иргэд хамгийн сайн мэдэх атал, тэдний саналыг авахгүйгээр үнэлгээ хийх тухай асуудал байж болохгүй гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, төслийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэлийг авна гэж заасныг хуулийн төсөлд иргэдийн саналыг авна гэж зохицуулсан нь асуудлыг улам дордуулж буйг тэмдэглээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг иргэдийн хяналтаас гаргаж байгаа тул эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Ингээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Замира чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.