Д.Бум-Очир: Цахимаар сонгуульд оролцдог жишиг хилийн чанад дахь монголчуудаас эхэлнэ
2025.04.07

Д.Бум-Очир: Цахимаар сонгуульд оролцдог жишиг хилийн чанад дахь монголчуудаас эхэлнэ

Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо 300 мянгад хүрч буй тул эдгээр иргэддээ хандсан Хууль эрх зүйн акт, Төрийн тогтвортой бодлого үгүйлэгдэж байгааг Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлөөс илэрхийлсээр ирсэн.

2024 оны сонгуулийн шинэ тогтолцоогоор иргэдийг төлөөлж 126 хүний бүрэлдэхүүнтэй анхны парламент бий болсон. Энэ түүхэн үйл явдалд гадаадад амьдардаг монголчууд гар бие оролцож чадаагүй нь олон шалтгаантай.

Гадаадад амьдарч буй 200 мянган иргэнээс 13095 хүн санал өгөх хүсэлтээ ирүүлсэн

Сонгуулийн өмнө /2024.05.13/ Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-аас Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тэдний эрх зөрчигдөж буйг илэрхийлсэн. Учир нь Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд л саналаа өгөхөөр тусгажээ. Иргэдийн нэр дэвшигчид санал өгөх эрх хязгаарлагдлаа гэж үзсэн байна.

Тэд сонгох эрхээ эдлэхийн тулд санал өгөх хүсэлтээ оршин суугаа болон түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газартаа биечлэн болон цахимаар өгнө. Харин санал өгөхдөө биечлэн ирэх шаардлагатай болсон.

Манай иргэд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст 13095 иргэн хүсэлтээ өгснөөс 7 мянга нь саналаа өгсөн буюу ирц 50 хувь давсан юм. Гэвч 300 мянган иргэнээс хэд нь сонгуулийн насных нь тодорхойгүй, сонгуульд оролцож  санал өгөх хүсэлтээ ирүүлсэн ч 50 хувь нь ирээгүй зэрэг нь анхаарал хандуулах ёстой, шийдлээ хүлээсэн асуудал болохыг илэрхийлнэ.

Бүх нийтийн зарчмыг хэвшүүлж тогтоохын тулд саналаа өгч чадахгүй байгаа иргэдийн эрхийг хангахад чиглэсэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг ХЭҮК сонгуулийн үр дүнгийн талаарх мэдэгдэлдээ онцолж байсан юм.

Хилийн чанад дахь монголчуудын УИХ дахь лобби бүлэг байгуулагдав

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2024 оны сүүлээр Хилийн чанад дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах УИХ-ын лобби бүлэг байгуулах хүсэлтийг зөвлөлөөс нь хүлээн авч, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 19 гишүүний хамт лобби бүлгээ байгуулсан байна. Улмаар 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар гадаадад суугаа иргэд төрийн цахим үйлчилгээ Е-Мongolia-г ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар СЕХ, Дата төвөөс мэдээлэл хийх үеэр ажлын хэсэг байгуулах шийдэлд хүрчээ.

Тус ажлын хэсэг нь хилийн чанад дахь иргэдэд цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал дүгнэлт танилцуулах зорилготой. Одоогийн байдлаар ажлын хэсгийн удирдамж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулж гишүүдийнхээ нэрсийг эцэслэх, мөн ажлын хэсгийг дэмжин ажиллах бүрэлдэхүүнд ГХЯ, ЦБИХХЯ, СЕХ, ТЕХ, УБЕГ, Е-Мongolia зэрэг хамаарал бүхий байгууллагууд мэргэжилтнүүдээ хамруулах хүсэлтийг илгээгээд байна. Энэ долоо хоногт ажлын хэсэг албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болов.