Х.Баттулга: Би мэдүүлгээ өгсөн. АТГ хэргийг шалгаж байгаа байх
2012.03.30

Х.Баттулга: Би мэдүүлгээ өгсөн. АТГ хэргийг шалгаж байгаа байх

УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХны хэсэг нөхдийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт авлига авсан байж болзошгүй төрийн түшээдийн нэрс, шалгах хүсэлтээ өчигдөр өглөө. Ерөнхий прокурор Д.Дорлигжав ажлаар ОХУ руу явсан учир тус газрын Тамгын газрын дарга Б.Үнэнбат материалыг хүлээн авч, хариу мэдэгдэхээ хэлэв. 

УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Та авлига авсан байж болзошгүй гэх хүний тоонд Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг дурдсан байсан. УЕПГ-т өгч буй материалд нэмж хэнийг нэрлэсэн бэ?

-Төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдтэй холбоотой хэрэг тэгсхийгээд замхардаг учир би АТГ-т өгсөн баримтаа прокурорын байгууллагад өгч байгаа юм. УИХ-ын тогтоолыг биелүүлээгүйгээс Таван толгойн бүтээн байгуулалтын ажил зогсчихсон. Хэрвээ бүтээн байгуу лалтын ажил эхэлсэн бол монголчууд хөгжлийнхөө эхний шатыг тавьчихсан, ажил урагштай байхсан. Прокурорын байгууллагыг онцгой анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

-Та зарим сайд авлигынхаа байранд амьдарч байна гэсэн. Гэтэл ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Яриад байгаа зүйл нотлогдвол албан тушаалаа өгөхөд ч бэлэн байна” гэж мэдэгдсэн. Таны танилцуулаад байгаа баримт хэр баталгаатай вэ?

-Би гүйцэтгэх албаны ажилтан биш. Харин магадлал бүхий баримтаа гарган өглөө. Үүний дагуу эрх бүхий газар нь шалгаад тогтоох байх.

-Та АТГ-т мэдүүлэг өгсөн үү. Таны өгсөн мэдээллийн мөрөөр шалгах ажил эхэлсэн болов уу?

-Тус газрынхан дуудсаны дагуу би очиж мэдүүлэг өгсөн. Мэдээллийн мөрөөр шалгах ажил эхэлсэн гэдэгт итгэж байна гэв. УИХ-ын гишүүн Л.Гүндалай Х.Баттулгатай хамт ирсэн юм. “УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай 27 тоот тогтоолыг 2007 оны хоёрдугаар сарын 6-нд гаргасан. Гэтэл тогтоолоо хэрэгжүүлэхгүй байна. Стратегийн орд газрын ашгаас монголчууд хүртэхгүй зөвхөн олигархи 20 гэр бүлийн халаасанд орж байгаад бид бухимдаж байна” гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.