2024.08.16
Г.Лувсанжамц: 20 минутын хот байгуулах төслийг зөвхөн Улаанбаатар хотод бус улсын хэмжээнд хэрэгжүүлэх нь зүйтэй
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлого тэр дундаа хөтөлбөрийн 1.1т туссан байгаа нийслэл болон хөшгийн хөндийн байгуулалтын ажилд нэн анхаарч төвлөрлийг задлах гэж байгаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж байна.
Ялангуяа метроны 1-р шугам, Туулын хурдны зам, Сэлбэ болон Баянхошууны дэд төвүүдийн бүтээн байгуулалт, яармагийн түгжрэлийг бууруулах Go Mongolia гүүр болон хөшгийн хөндийн туннелыг барьж байгуулах ажлыг төлөвлөж байгаад баяртай байна. Сүүлийн 30 жилд гадны хөнгөлттэй зээл тусламжаар барьсан зам гүүр, шинэ нисэхээс өөр дорвитой бүтээн байгуулалт нийслэлд байсангүй. Энэ жилээс манай улс албан ёсоор дунджаас дээш орлоготой руу шилжиж орж байгаа шинэ 30 жилийн хөгжлийн эхлэлийг зөв тавьж байна хэмээн бодож байна. Энэ том төслүүд дээр олон улсын туршлагатай инженерийн зөвлөх үйлчилгээг авна гэдэгт салбарын хүний хувьд дэмжиж байна. Олон улсын жишигт тэзү, зураг төсөл, төслийн менежментийг тэр чигт нь олон улсын туршлагатай инженерийн зөвлөх үйлчилгээний компанид өгдөг тиймээс олон улсын жишигт шилжиж байгаа нь сайн зүйл шүү гэдгийг ойлгоосой хэмээн хүсэж байна.
1.1.2.11 дээр гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний хэмнэл бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлнэ гэсэн байна энэ төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна зөвхөн Улаанбаатар биш, аймгийн төвүүд ч гэсэн утаатай болсон учраас энэ төслөө улсын хэмжээнд хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна.
Хоёр асуулт байна. Эхний асуулт Эрдэнэбүрэн сайдаас: “20 минутын хот” бий болгох бодлогын бичиг баримтыг зохиож бусад аймгийн бусад яамнуудын нийгмийн болон инженерийн дэд бүтэц барьж байгуулах төслүүдийг чиглүүлэх хэрэгтэй байна хэмээн мэргэжлийн хүний хувьд бодож байна. Шинээр төлөвлөж байгаа шинэ Зуунмод, шинэ Хархорум ч гэсэн ийм стандартаар явах уу үгүй юу гэдгийг бодлогын бичиг баримтад дээрээ зохиож чиглүүлж өгөх үү?
Хоёр дахь асуулт Ж.Батсуурь сайдаас: Хот төлөвлөлтийн орчний хууль эрх зүйн орчныг сайжруулах газрын хууль, барилгын хууль хоорондын уялдааг хангах уу? Бүх төлөвлөгөөний бичиг баримтууд хоорондоо уялдаагүй саланги явсаар байгаа Улаанбаатар хот улсын нийслэл байж иймэрхүү хот болоод сүүлийн 30 жил явчихлаа. Энэ 30 жилийнхээ эхлэлийг түрүүнд хэлсэн 20 минутын стандартын бодлогын бичиг болон хот төлөвлөлтийн эрх зүйн орчноо сайжруулж эхлүүлэхийг хүсэж байна.Төлөвлөлтийг зохиоход иргэдийн оролцоог хангадаг байх уу? Иргэдийн оролцоог хангасны үндсэн дээр иргэдийн саналаар тавьсан төслүүд дээр хөрөнгө оруулдаг төсвийн тогтолцоо руу шилжих үү? Газрын тухай хууль болон эдгээр хуулиудын шинэчлэлийг батлуулах уу?
3.3.4.1 дээр Шинэ хоршоо хөдөлгөөнийг үргэлжлүүлж чинээлэг хотыг хэрэгжүүлнэ гэж байна. Шинэ хоршоо хөдөлгөөнөөр бид хөдөө аж ахуйн үйл ажиллагааг дэмжих нь гол зорилго гэж бодож байгаа. Энэ хөтөлбөрөөс харахад төвийн болон хангайн бүс л тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон байна. Бусад 4 бүсийн тэргүүлэх чиглэл нь юу байх юм, энэ хөтөлбөртөө тусгаж оруулж ирээсэй хэмээн хүсэж байна.
Түүний асуултад Монгол Улсын сайд 20 минутын хот төслийн үндэсний хорооны дарга Р. Эрдэнэбүрэн, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар хариуллаа.