2024.08.23

М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг бодлогоор дэмжих ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

Хүнийг аз жаргалтай болгодог гол хоёр зүйл бол нэгт үр хүүхэд, хоёрт байгаль эх дэлхий. Монголчууд үүнийг үртэй бүхэн жаргаж, үндэстэй бүхэн дэлгэрдэг гэдэг. Үүнтэй холбоотой байнгын хорооны зарчмын зөрүүтэй санал дээр санал хэлье. Засгийн газрын өргөн мэдүүлсэн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөн гэснийг байнгын хороод дээр "өргөтгөн" гэснийг хассан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг нийт газар нутгийн 30 хувьд хүргэх гэж Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт тусгасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг ямар ч улс орон нэмэгдүүлэх зорилт тавьдаг, хасах зорилт тавьдаггүй. Үүнийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр хэвээр нь үлдээх хэрэгтэй. Засгийн газрын хөтөлбөрт хүүхэд хамгааллын дөрвөн заалт байсан, хүүхэд хөгжүүлэх талаар ганц ч заалт ороогүй. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэж үздэг. Хөгжсөн өөрийгөө авч явах чадвартай хүүхэд, өөрийгөө хамгаалж чадна.

Хүүхэд хөгжүүлэх зүйлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Түүнчлэн баялагтай эзэн монгол хүн гэж байгаа. Үүнийг их тунхагладаг. Уул уурхайн баялаг ард түмний өмч. Хувийн хэвшил эргэлтэд оруулж байгаа ч гэсэн үйл ажиллагааг нь ил тод болгож, үр ашигтай байх хэрэгтэй. Бэлчээр ашиглалтын асуудлыг олон талаас нь харж үзэж, анхаарах цаг болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn