УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.15/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийн талаар танилцуулав. Хамтарсан Засгийн газар хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр, тогтвортой хамтран ажиллах зорилгоор ХБНГУ, Шинэ Зеланд, Австрали зэрэг улсын туршлагыг судалж, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан.

Дээрх гэрээг удирдлага болгон 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.

Тэрбээр, Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг (S.M.A.R.T буюу Тодорхой, Хэмжигдэхүйц, Хэрэгжихүйц, Ач холбогдолтой, Цаг хугацаатай байх) зарчимд тулгуурлан, хүний хөгжлийн түвшнийг илэрхийлэгч, хүний хөгжлийг хэмжих Хүний хөгжлийн индекс, эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж буй эсэхийг дүгнэдэг Эдийн засгийн эрх чөлөөний байдлын индекс, боловсролд зарцуулж буй хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн судалгааны нийтлэлүүд, оюуны өмч бүртгүүлэх хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг илэрхийлдэг Дэлхийн инновацын индекс, Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж байгааг илэрхийлдэг Авлигын төсөөллийн индекс зэрэг олон улсын хөгжлийн индексүүдийг тооцож, илүү бодитойгоор хэрэгжихүйц зорилго, зорилтуудтай боловсруулсан.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн 4 бодлогын чиглэлийн хүрээнд “Улаанбаатар хот-“20 минутын хот”, “Бие даасан эдийн засаг бүхий дагуул хот”, “Бүсийн төрөлжсөн хөгжил”, “Орон нутгийн хөгжил”, “Чинээлэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрүүл Монгол хүн”, “Баялагтаа эзэн Монгол хүн”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчин”, “Эдийн засгийн төрөлжилт, либералчлал”, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт”, “Хүний эрх, эрх чөлөө”, “Авлигагүй засаглал”, “Цахим засаглал, төрийн бүтээмжийн дахин инженерчлэл”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар ба амар тайван нийгэм” зэрэг 16 зорилго, 62 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 569 үйл ажиллагааг тусгалаа хэмээлээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүрний төсөл, Хөшигийн хөндийн туннелийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үе шаттайгаар шийдвэрлэж, дулааны станц, цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг байгуулах аж.

Хүнд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, үзвэр үйлчилгээ, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлтийг цогцоор нь дахин хийж, “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж, батлуулахаар тусгажээ.

Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20,000 айлыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийг байгуулж, ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно хэмээн заасан байна.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, Эрчим хүчтэй хэмнэлттэй амины орон сууцад олгох дэмжлэгийг нэмэгдүүлж хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, “И-Монгол” платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ хэмээн сайд Л.Гантөмөр танилцуулсан.

Дижитал шилжилт, технологийн өөрчлөлт шинэчлэлийн сорилтыг даван туулах чадвартай, монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч хүмүүжлийг олгох боловсролын үндэсний хөтөлбөрийг хөгжүүлэхээс гадна шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөөлөн ур чадвар (soft skills), асуудалд суурилсан (Problem based learning) шүүмжлэн эргэцүүлэх чадамжтай (critical thinking), эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хариуцлагатай гэр бүлийн гишүүн байх дэлхийн монгол иргэнийг бэлтгэх боловсролын тогтолцоог бэхжүүлнэ хэмээн тусгасан байна.

Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж буй хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээг бууруулж, гар утсанд суурилсан стратеги (one or two way messaging)-ийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжих боловсрол олгохоор төлөвлөсөн байна.

Олон улсын зохистой дадал, стандартыг бүрэн нэвтрүүлэхийн зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгслийн салбар дундын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, эмийн импортыг бүрэн цахимжуулах бөгөөд ингэснээр иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи телемедицин, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ хэмээн үзсэн байна.

Эдийн засгийн бодлогын хүрээнд хувийн хэвшлийн бизнесийн орчныг бүрдүүлж, татварын реформ хийж, Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, бизнесийн багц хуулиудыг баталж, зах зээл дэх төрийн зохицуулалтыг багасгаж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

Хөрөнгө оруулалт, худалдаа, дампуурлын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

Төсвийн хөрөнгө оруулалтыг их өгөгдөлд суурилан төлөвлөж, төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухааныг ашиглан зохион байгуулна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, тэтгэврийн нөөц сан, хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын менежментээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ.

Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна хэмээн танилцуулав.

30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн, эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт, Дэлхийн инновацын үзүүлэлтийг тус тус 10 байраар ахиулна гэж тооцсон байна.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшнийг 2 дахин бууруулна гэлээ.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцлэх арга хэмжээ авна хэмээн сайд танилцуулгадаа онцолсон.

Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг үргэлжлүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг мэдээлэх тогтолцоог хялбаршуулах, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Тэрбээр, Шүүхийн процессыг цахимжуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг ил тод болгож, хэрэг, маргааныг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Цахим засаглалын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэн, хүний оролцоогүй, хиймэл оюун ухаанд суурилсан төрийн үйлчилгээний ухаалаг “E-Mongolia” нэгдсэн системийг нэвтрүүлж, бүртгэл нэртэй зөвшөөрлүүдийг цуцалж, зөвшөөрлийг 2.0 системийг нэвтрүүлж бүрэн цахимжуулна.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлж, уул уурхайн төрийн өмчит компаниудыг олон улсын менежментийн багаар удирдуулж, үр ашгийг дээшлүүлнэ.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээ авч, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох реформ хэрэгжүүлнэ. Төрийн албаны хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж , олон улсын үнэлгээний цогц систем (DME-Design, Monitoring Evaluation)-ийг хөгжүүлж гүйцэтгэлийг үнэлнэ.

Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, хөгжүүлэх тогтолцоог сайжруулна.

Дээрх засаглалын бодлогыг хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлтийн индекс болон Дэлхийн сайн орны үзүүлэлтийг тус бүр 10 байраар, Авлигын индексийг 30 байраар тус тус урагшлуулна хэмээлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого, зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын үндэсний хэмжээний томоохон 149 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн чадавх, манлайлал нэн тэргүүнд тавигдах бөгөөд нийт төслийн 54.1 хувь нь дэд бүтцийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд, 18 хувь нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд, 27.8 хувь нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд тус тус чиглэгдэж буй аж.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эдийн засгийн өсөлтийг жил бүр 5 хувиас доошгүй түвшинд хадгалах бодлогыг баримтлах шаардлагатай бөгөөд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай гэсэн санхүүгийн урьдчилсан тооцоо гарсан байна.

Эдгээрээс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 24.4 хувь, гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгөөр 17.3 хувийг тус тус хэрэгжүүлж, үлдсэн 46 хувийг бусад эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар татвартай холбоотой ямар шинэчлэл хийх гэж байгааг тодруулсан. Мөн тэрбээр айл өрх бүр ямар нэг зээлтэй, зээлийн хүүгийн дарамтанд байна хэмээгээд зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн тусгасныг лавласан. Үүний тулд гадны банкны салбарууд үйл ажиллагаа явуулах боломжоор ханган энэ салбарт өрсөлдөөнийг бий болгох нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хамтарсан Засгийн газар татварын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, татварыг бууруулах чиглэлээр ажиллана. Үүний тулд бидэнд хугацаа хэрэгтэй байгаа. Хувь хүн, аж ахуйн нэгж дээр очиж байгаа татварын дарамтыг хэрхэн багасгах талаар тодорхой тооцооллуудыг хийх шаардлага бий. Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг шинээр боловсруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах алхам хийнэ. Мөн татвартай зэрэгцсэн хураамжийг цэгцлэх ажлыг ойрын үед хийх хэрэгтэй байгаа. Ямар хураамжийг хэн, хэрхэн авах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Иргэдээс давхар татвар, хураамж, төлбөр авдаг хаалгуудыг ээлж дараалан хаагаад явна. Хамтарсан Засгийн газар татвар нэмэхгүй гэдэг байр суурьтай байгаа. Татвар буулгах ажлыг судалгаанд үндэслэн хийнэ.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бэлэн болсон байна. Шинэчилсэн найруулгын төслийг ойрын үед УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Тэрхүү хуулиар гадны банк монголд үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр зээлийн хүү буурах боломжтой гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал хууль, тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн заасан. УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн зарим заалт, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаж шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтийг УИХ 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 78 дугаар тогтоолыг баталсан юм. Дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц дахин хянан хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолыг гаргасан аж.

Байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хөндсөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.