Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанканд ажиллав
2024.08.20

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанканд ажиллав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд (2024.08.20) Монголбанканд ажиллав.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Байнгын хорооны дарга Р.Сэддорж болон тус хорооны гишүүдэд эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар танилцууллаа.

Монголбанк 2024 онд инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын эцсийн байдлаар инфляц 5.5 хувьтай, Монголбанкны үндсэн зорилтын түвшинд байна. Нийт инфляцын 63.1 хувь буюу дийлэнх хувийг дотоодын бараа, үйлчилгээний бүлэг бүрдүүлж байгаа гэлээ.

2021-2022 онд цар тахлын нөлөө байдал болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэн тээврийн саатал, гадаад үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан. Энэ үед инфляц 16.9 хувь хүртэл өсөж, Төв банк бодлогын хүүг 6 хувиас 13 хувь хүртэл өсгөж, мөнгөний хатуу бодлого баримталсан. Хэдийгээр 2023 онд хаваржилт, 2024 онд зуд тохиож, гадаад талд геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байсан ч Төв банкнаас хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгснөөр инфляц саарч, дагаад бодлогын хүүг 11 хувь болсон бууруулснаа Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулгадаа онцлов.

Цаашид эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Монголбанкны зүгээс бодлогын хүүг алгуур бууруулах замаар өсөлтийг дэмжих, тэр дундаа уул уурхайн бус салбарыг дэмжихэд анхаарч ажиллах юм.

Мөн ГВАН өсөж, 5 тэрбум ам.долларт хүрсэн, төгрөгийн ханш тогтворжсон болон банкны салбарт хэрэгжүүлж буй реформ, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.