Т.Дорждэрэм: Нүүрсээ борлуулахад биржээс илүү томоохон стратеги хэрэгтэй
МХХ-ны гишүүн, Хуульч Т.Дорждэрэм
2023.06.22

Т.Дорждэрэм: Нүүрсээ борлуулахад биржээс илүү томоохон стратеги хэрэгтэй

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлтэд өнгөрсөн хугацаанд ямар ч хяналтгүй явж ирснийг “нүүрсний хулгайн хэрэг” бидэнд гэрчилсэн. Манай улс нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаас хямд, шударга бусаар борлуулсаар өдийг хүрсэн.

Тэгвэл эл асуудалд цэг тавихаар өнгөрөгч оны сүүлээр Улсын Их Хурал “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль”-ийг баmалсан. Энэ хуулийн талаар Монголын Хуульчдын Холбооны гишүүн, Хуульч Т.Дорждэрэмтэй ярилцлаа.

-Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулийг баталлаа. Ингэснээр биржээр дамжуулан нүүрс борлуулахаар болсон. Уг хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ? 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах нь уул уурхайн салбарт Монгол Улсын эдийн засгийг далайд гарцтай болгож буйтай адил үр ашигтай үйл ажиллагаа мөн. Ингэж арилжаалснаар уул уурхайн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээнд хяналт тавьж, эдийн засгийн хувьд үр ашигтай болно. Гэвч үнэт цаас, хувьцаа арилжаалдаг системтэй адил худалдаалах нь хэр зөв бэ гэдгийг бодох хэрэгтэй.  

Тухайлбал “Энержи ресурс” компани хөрөнгийн биржээр нүүрсээ зарчихаад, ирээдүйд хувьцаагаа гаргаад мөн биржээр зарах нь тогтолцооны хувьд буруу байгаа юм. Эрдэнэс Тавантолгой, “Энержи Ресурс” зэрэг компанийн хувьцааг арилжаалдаг газраар дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдаалах нь сул тал гэж харж байна. Хөрөнгийн биржийн ерөнхий үйл ажиллагаа бол үнэт цаас, хувьцаа арилжаалах байдаг.

Гагцхүү эдийн засгийн ашгаа бодож биржээр арилжаалах нь зөв гэхээс илүүтэй том зургаар нь харж стратеги боловсруулах шаардлагатай байсан.

Ингэхдээ дуудлага худалдааны зарчмаар борлуулж болно. Хөрөнгийн биржээр хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг л арилжаалах бол дуудлага худалдаагаар уул уурхайн бүтээгдэхүүнээр зогсохгүй өөр олон зүйлийг худалдаалах боломж бий.

-Том зургаар нь харж стратеги боловсруулах шаардлагатай гэж та сая дурдлаа. Биржээр нүүрс арилжаалснаар ашигтай байна гэж хууль санаачлагчид үзсэн шүү дээ.  

Уул уурхайн салбар ашигтай байхын хувьд байна. Гэхдээ байнгын ашигтай байхгүй. Яаж тогтмол эргэлтэд байлгах вэ, нөөцөө яаж хангах вэ гэдэгт төвлөрч томоохон стратеги боловсруулах шаардлагатай байгаа юм. Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувийг уул уурхайн салбарын орлого бүрдүүлдэг.

Энэ салбартаа түшиглэж дэд бүтэц хөгжиж, эдийн засаг өснө. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй компани олборлолт хийх, дэд бүтцээ шийдэх, хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайн бүтээгдэхүүнийг тогтвортой худалдаж авах хэрэглэгчдийг анхаарсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь л нэн чухал.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаалах, зохион байгуулах субьект нь заавал хөрөнгийн бирж байх ёстой бус урт хугацаанд хөгжих боломжтой дэд бүтцийг нь байгуулах чадвар, чадамжтай субьект байх хэрэгтэй юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зарснаар гарах үр дагаварыг хариуцах эрх зүйн чадамж байхгүй, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй. Тусгай эрхийг нь өгсөн ч гэсэн дуудлага худалдаа үнэт цаас тусдаа байх ёстой.

-Цаашдаа нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнээ хэрхэн зах зээлд гаргах боломж байна гэж харж байна вэ?

Ганц хуультай, бусад журам нь хэрэгждэггүй, тээвэр нь хөгждөггүй бол хоёр талын гэрээний асуудалд хариуцлага яригдана.Монгол Улсыг хөгжүүлэх боломж нь уул уурхайн бүтээгдэхүүн байхад зөвхөн нэг зүйлдээ төвлөрч харах нь өрөөсгөл юм. Хамгийн сайн ашигтай стратегийн хувилбарыг боловсруулж, цогц шийдвэр гаргах ёстой.

Дээр дурдсанчлан дуудлага худалдаа хэлбэрээр хөгжүүлээд явбал ашигтай. Ингэснээр 5-6 биш 50-60 төрлийн бүтээгдэхүүнийг борлуулна. Эдгээрийг гадагш гаргахын тулд хэдэн лаборатори, үйлдвэр хэрэгтэй вэ. Хэдэн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, тээврийн компани, хэдэн үйлдвэр хөгжих вэ гэдгийг харах хэрэгтэй