С.Цэнгүүн: Ганц сайтын үйл ажиллагаа үндэсний эв нэгдлийг алдагдуулна гэдэгт хувьдаа итгэхгүй байна
Өчигдөр орой буюу 03 сарын 17-ны 22:00 цагийн үед Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид Ноорог.мн сайтын ажлын байранд нэгжлэг хийж, тоног төхөөрөмж, эд зүйлс хурааж, өглөөний 05:00 цаг хүртэл тус сайтын 8 ажилтанг саатуулан, мэдүүлэг авсан тухай олон нийтэд мэдээлэл түгээд байгаа. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19.9.1 заалтыг үндэслэж, хойшлуулшгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулсан тал дээр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн байр байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.
Тэрбээр "Монголд өмнө нь ч энэ төрлийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Ганц сайтын үйл ажиллагаанаас шалтгаалж, үндэсний эв нэгдэл алдагдана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 19.9.1 заалт нь Тагнуулын байгууллагын эрх үүрэгт хамаарах байтал Цагдаагийн байгууллага өөрт хамаатуулан Гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн зөрчил болох үндэслэл харагдаж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хангаж ажилласан уу? Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн үү? Эрүүдэн шүүлт явагдсан уу? Хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан уу? Эдгээр асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллага яаралтай шалгах ёстой. УИХ-ын гишүүний хувьд Цагдаагийн байгууллагаас “Гүйцэтгэх ажиллагаа”-тай холбоотой мэдээллийг хуулийн хүрээнд олон нийтэд өгөхийг шаардаж байна" гэжээ.
Холбоотой мэдээ
2025.03.14
2025.02.18
2025.02.05