УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна гэдэг нь нээлттэй, ил тод олон нийтэд тайлагнадаг. 1072 хувьцаа эзэмшигч буюу Эрдэнэс Таван толгойгийн 18 орчим хувьцааг эзэмшиж байгаа иргэд өөрсдийнхөө төлөөллийг хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нь томилдог, хэн нэгэн УИХ-ын гишүүний эсвэл ах дүү, хамаатан садны хүн томилогддоггүй. Дээрээс нь иргэд өөрсдөөө ногдол ашгаа авдаг ийм компаныг бий болгоё гэж оролдоод байгаа юм.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй боллоо гээд нэмж хувьцаа гаргах уу, үгүй юу гэдгийг компанын засаглалыг ойлгох хүн мэдэж байгаа шүү дээ. Төлөөлөн удирдах зөвлөл, стратегийн орд газар учраас УИХ шийднэ.
Иргэдээс асуумаар байна. Танд 2011, 2012 онд 1072 хувьцааг 933 төгрөгөөр үнэлж өгчээ. Өнөөдөр энэ хувьцааны үнэ 200 төгрөг болтлоо унасан уу. 2000 төгрөг болтлоо өссөн үү гэдгийг иргэн та мэдэж байгаа юу. Таныг мэдэхгүй байхад хувьцааг зараад хэн ч авахад хэцүү болтол нь засаглачихсан байж болзошгүй учраас ил тод болгоё гээд байгаа юм.
2011 оноос хойш зарим хувьцаа эзэмшигч иргэд нас барсан. Үр хүүхдүүд нь хувьцааг эзэмшиж чадахгүй байгаа. Үүнээс хойш 1 сая орчим хүнээр хүн амын тоо олширсон. Энэ бүгдийг л нээлттэй болгоё, иргэдээ баялагт нь эзэн болгоё гэхээр хувьчлах гэж байна гээд худлаа яриад байх юм.
10 гаруй жил УИХ-д суучихаад хамгийн том төрийн өмчит компаниа хөрөнгийн биржид бүртгэлтэй үгүйг нь мэдэхгүй байна. Эрдэнэс тавантолгой компани хөрөнгийн биржид бүртгэлгүй. Харин орон нутгийн дулааны жижиг компаниуд бүртгэлтэй. Гэтэл 1072 хувьцаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй. Бид нар энэ бүгдийг хийхгүйгээр 5,10 жилийн дараа дахиад Сүхбаатарынхаа талбайд жагсана. Яагаад гэвэл бид гүйцэтгэх захирал, тайлан баланснаас нь эхлээд 7.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг захиран зарцуулж чадахгүй байна. Ил тод биш байна гэж иргэд бухимдаад байхад энэ чигээрээ явъя гээд нэг хэсэг нь уурлаад байх юм. 1072 хувьцаагаа зарах уу үгүй юу гэдгийг УИХ дээр шийдэж болно.