Төсвийг Хүний хөгжил сангийн хуультай уялдуулан батална
2009.11.20

Төсвийг Хүний хөгжил сангийн хуультай уялдуулан батална

МАХН 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн амлалтаа биелүүлж эхэллээ.
Энэ нь уржигдар батлагдсан Хүний хөгжлийн сангийн тухай хууль юм. Өөрөөр хэлбэл хоёр намын амлалтыг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр хэлэлцэж явсаар энэхүү хуулийг баталсан бөгөөд хуулийн нэрийг МАХН-ын бүлгээс оруулж ирсэн юм.

УИХ-ын чуулганаар баталсан Хүний хөгжлийн сангийн тухай энэхүү хууль энэ сарын 18-нд батлагдсанаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, сэргээгдэхгүй баялгаас тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах,түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах , гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон бүхий л харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Уг сангаас нийт иргэдийн боловсрол, эрүүл мэнд сургуулийн төлбөр, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхээр заасан билээ. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж байгаа 2010 оны төсвийг энэ хуультай уялдуулан батлах нь зүйтэй гэж өнөөдөр хуралдсан УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд үзлээ.

Ингэснээр энэ санд хуримтлагдах 270 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2010 онд эхний ээлжинд иргэдэд дэмжлэг болгон зарцуулахаар боллоо. Харин уг хөрөнгийг ямар зарчмаар олгохыг Засгийн газар журам гарган ойрын хугацаанд УИХ-д оруулах нь зүйтэй гэж олонхийн бүлгийн олонхи гишүүн санал гаргалаа гэж УИХ дахь МАХН-ын бүлгийн Хэвлэл, мэдээллийн хэсгээс мэдээлэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.