Ч.Сайханбилэг: Сангийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан оруулахгүй
2009.10.24

Ч.Сайханбилэг: Сангийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан оруулахгүй

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн гол хүчнүүд иргэн бүрт хувь хүртээнэ хэмээн амалсан. Үүнийгээ Эх орны эрдэнийн сангийн тухай хууль болгон боловсруулж, ажлын гараагаа эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт саналаа танилцуулжээ. Бүлгийн гишүүд хуулийн төслийн агуулгыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэг тийш болгосон байна. Тодруулбал, төслийн эхний хувилбарт тусгасан Засгийн газарт өгсөн зарим эрхийг тэд УИХ-д шилжүүлэх нь зөв хэмээн үзжээ.

Хуулийн төслийн гол утга нь газрын хэвлий дэх баялгийн тодорхой хувийг иргэн бүрт хүртээж, үүнийгээ тусгай сангаар дамжуулан олгох гэнэ. Гэхдээ жил бүр санд төвлөрөх орлогоос хамаараад тухайн иргэнд өгөх хувийг Засгийн газраас тогтоохоор төсөлд тусгасан. Харин энэ мөнгөний хэмжээг Засгийн газар биш УИХ тогтоох ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

Тэд энэ өдрийн хуралдаанаараа уг санг стратегийн ордод буюу төрийн эзэмших хувь, тухайн хуулийн этгээдээс авах нөөцийн төлбөрийн улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн 30 хувиар санхүүжүүлэх саналыг гаргажээ. Мөн тухайн сангийн удирдах зөвлөл 11 хүнтэй байхаар төсөлд заасан. Тэгэхдээ бүрэлдэхүүнийг Засгийн газраас томилохоор тусгасныг гишүүд ард түмнээс сонгодог төдийгүй УИХ, Ерөнхийлөгч санал болгон парламент батлах учиртай хэмээн өөрчилжээ. Харин жилд олгохоор тогтоосон хувийн дөрөвний нэгийг бэлнээр, үлдсэн хувийг нь орон сууцны зээл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгалд зарцуулах аж. Гэхдээ бэлнээр авсан мөнгөнөөсөө иргэд хүн амын орлогын албан татвар төлөх аж. Түүнчлэн тухайн иргэн нас барвал эзэмших хувийг үр хүүхдэд нь өвлүүлэх гэнэ. Мөн шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа иргэдэд ч хувь хүртээх ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байна.
Хуралдааны дараа бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

-Эх орны эрдэнийн сангийн тухай хуульд намын бүлгүүд зарчмын зөрүүтэй саналтай байна гэж дуулдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Юуны өмнө бид бүхэн ярилцаад эх үүсвэрээ тодруулж, нэгдсэн шийдвэр гаргасан.

-Тодруулбал?

-Стратегийн орд газруудын төрийн зэмшлийн хувь хэмжээ, ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг буюу 70 хувийг нь төвлөрүүлж байхаар, үлдсэн 20 хувь нь тухайн аймагт, 10 хувь нь сумандаа ногдож байхаар тусгасан.

-Сангийн удирдлагаар Засгийн газрын тэргүүнийг ажиллуулна гэж байсан. Бүлгийн гишүүд энэ саналыг дэмжиж байна уу?

-Монгол хүн бүр энэ сангийн хувьцаа эзэмшигч учраас ард түмний төлөөлөл болсон УИХ, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч нар удирдах зөвлөлийг байгуулж байх нь зүйтэй гэж тогтлоо. Эцсийн шийдвэрийг энэ хоёр субекьт нэр дэвшүүлээд УИХ баталж байх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Мөн санд орж ирж байгаа хөрөнгийг хуучин төслөөр хоёр гурван зүйлд зарцуулахаар байсан ч бид зөвхөн 2.7 сая иргэндээ хувь хишиг хүртээж байхаар шийдсэн. Энэ хувь хишгийг бэлэн мөнгө, орон сууц, боловсролд зарцуулахаар тусгасан. Эдгээр хувилбараас сонгох эрх нь иргэдэд нээлттэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сайн дурын төлөх хэмжээний даатгалын хэмжээг энэ сангаас иргэдийн өмнөөс төлөөд үлдсэнийг түрүүний хэлсэн зүйлд зарцуулж байх гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн үү?

-Хуулийн төслийг батлахтай холбогдсон үйл явцыг ажиглаад хуучнаар нь явуулах нь зөв гэж үзсэн. Тиймээс Төрийн албаны зөвлөл энэ мөрдөгдөж буй хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Цаашдаа МАХН-ын бүлгийнхэнтэй зөвлөлдөж байгаад энэ хуулийн зохицуулалтыг улам боловсоронгуй болгож ажиллана гэсэн шийдвэрт хүрлээ.

-Байгалийн баялгаас хүртээх хувийг ямар хүн авах эрхгүй вэ. Үүнд ямар нэгэн хязгаарлалт тогтоосон уу?

-Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа иргэд болон ял эдэлж буй хүнийг хамруулахгүй гэсэн санал гарсан ч бид Монгол Улсын харьяат л бол бүгдэд нь тэгш олгох хэрэгтэй гэж үзсэн.

-Хувийг иргэн бүрт олгох тухай ярьж байгаа болохоор иргэний бүртгэлээ нарийн гаргах ёстой болох нь ээ. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүртгэлгүй бол энэ ажил амжилттай хэрэгжихгүй. Тиймээс бүртгэл, хаягжуулалтыг шинээр хийх ёстой. Ажлыг хэрэгжүүлэх үед УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг өгөх байх. Төгөлдөржсөн бүртгэлийн системд үндэслэн Монгол Улсын иргэн бүрт баялгаасаа тэгш хуваарилах нь хуулийн зорилго шүү дээ. 1.5 сая төгрөг бол улс төрийн амлалт. Тэгвэл бид үүнээс хальж, иргэддээ байгалийн баялгаас нэг удаа хүртээх биш байнга олгохоор зорьж байгаа.

-Сангийн удирдах зөвлөлд Засгийн газраас хүн оруулахгүй гэсэн үг үү?

-УИХ, Ерөнхийлөгч бүрэлдэхүүнийг санал болгохдоо Засгийн газраас хүн оруулж болно. Гэхдээ бид уг сангийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан оруулах хэрэггүй гэж үзэж байгаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.