50 мянган төгрөгийг эмзэг бүлгийнхэнд хүртээе гэсэн санал даваймгайлжээ
УИХ дахь МАХН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлд тусгуулахаар УИХ-ын гишүүдээс нийт 463 санал гарсны 300 гаруйг МАХН-ын бүлгийнхэн дэвшүүлжээ. Түүнээс 148 саналыг хүлээн авах боломжтой гэсэн байна. Мөн хөрөнгө шаардсан 315 саналаас 60-ыг тусгах боломжтой гэж үзжээ.
Аймаг бүр наймаас арван саналыг Үндсэн чиглэлд тусгуулахаар ирүүлсэн байна. Тэдгээрээс Оюутолгой, Тавантолгой тийш зам, төмөр зам тавих, Завхан, Говь-Алтайн эрчим хүчний эх үүсвэр зэрэг асуудлыг эн түрүүнд ярьж буй аж. Гишүүдээс Үндсэн чиглэлд тусгуулахаар нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, төсвийн байгууллагынхны цалин хөлстэй холбоотой саналууд гарч, тэдгээрээс 2010, 2011, 2012 онд хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан ярилцаж, Эх орны хишиг 1,5 сая төгрөгийг олгох арга хэлбэр, менежментийн талаар санал солилцов. Хишиг хүртээх байгууллагыг Хүний хөгжлийн сан гэж нэрлэхээр ярилцаж, Төсвийн тогтворжилтын сан, Хүний хөгжлийн сан зэргийг байгуулахаар хэлэлцэж байна. Байдал хүндэрсэн үед төсвөө тогтвортой байлгахад Төсвийн тогтворжилтын сан хэрэг болох юм байна.
Оюутолгойн гэрээний эхний ээлжинд орж ирсэн 100 сая ам.доллараас иргэдэд хэрхэн хүртээх чиглэлээр ярилцаад амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай иргэд, өндөр настнуудад түрүүлж хүртээе гэсэн санал, мөн иргэний бүртгэлтэй холбоотой 50 мянган төгрөгийг нийтэд хавтгайруулах биш, хэмжээг нь арай өсгөөд эмзэг бүлгийнхэд хүртээе гэх санал гишүүдээс давамгайлж гарсан байна.