Нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.03.28) хуралдаан 14 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам горимын санал гаргалаа. Тэрбээр тус ажлын хэсгийн удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувийн саналаар дэмжлээ.