УИХ-ын гишүүн Б.Саранчимэг борооны усыг цуглуулах, хуримтлуулах, ашиглах тухай уриалга гаргалаа
2022.03.23

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг борооны усыг цуглуулах, хуримтлуулах, ашиглах тухай уриалга гаргалаа

Өнөөдөр буюу жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтээр Усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Тэгвэл өнөөдөр “ногоон хөгжлийг дэмжигч” УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан “Борооны усыг ундны бус зориулалтаар өөрсдийн хэрэгцээнд зориулан цуглуулах, хиймэл нуур цөөрөм байгуулах, хуримтлуулах байгууламжуудыг барих, ашиглах болон төр захиргааны байгууллагуудын зүгээс энэ ажлыг бодлого, шийдвэрээр дэмжиж ажиллах”–ыг уриалгыг гаргажээ.

Монгол Улсын “Усны тухай” хуулийн 4.1, 8.1.3, 9.1.4, 12.1.1 болон 23.1 дэх заалт, УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоол “Ус” үндэсний хөтөлбөрийн 2.2.3 дах заалт, УИХ-ын 2010 оны 7-р сарын 15-нд батлагдсан 48-р тогтоол “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.1.8 дэх заалт, УИХ-ын 2016 оны 19-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-ын 2.3.1-д заасан “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийг хэрэгжүүлэх зорилтуудыг тус тус үндэс болгосон байна.

Уриалгадаа: Монгол улс нь цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орон бөгөөд нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га нь ойн сан бүхий газар нутаг гэж бүртгэгдсэн ч сүүлийн жилүүдэд ойн сан бүхий газар нутгийн хэмжээ багасч байгаа, 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн, 2019 оны байдлаар 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан, 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн гэсэн харамсалтай тоон мэдээ судалгаануудад дурьдагдсан байна.

Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчинд төдийгүй ховордсон болон нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлж байна. Борооны усыг цуглуулж, хуримтлуулж ашигласнаар гүний цэвэр усны хэрэглээг бууруулах, газар тариалан болон мал аж ахуйн салбарт усны менежментийг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн цэвэр усны зохистой хэрэглэх нэмэгдүүлэх, цаашлаад цөлжилтийн эсрэг тэмцэхэд чухал ач холбогдолтой болохыг дурьджээ.

Монгол улсын томоохон гол мөрнүүд ихэнхи нь гадагшаа урсгалтай. Бороо хур тунадас ихтэй жилүүдэд дээрх голуудын усны түвшин нэмэгддэг хэдий ч Монголчууд бид хуримтлуулж авах усан сан байхгүйгээс урсаад явчихдаг гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүний борооны усыг хуримтлуулж, ашиглах энэхүү санаачилга, уриалгыг иргэд, аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагууд, шийдвэр гаргагчид шат бүртээ дэмжиж ажиллах нь цаг үеийн шаардлагатай маш чухал асуудал юм.