Сумын Соёлын төвүүддээ анхаарал хандуулахыг уриаллаа
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” хүндэтгэлийн арга хэмжээ гуравдугаар сарын 23-нд боллоо.
13 дахь жилдээ зохион байгуулагдсан "Мөнгөн мод" арга хэмжээгээр 2020, 2021 онуудад хамаарах шилдэг 12 уран бүтээл болон 12 уран бүтээлчийг шалгаруулсан юм. Тодруулбал, соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлүүдэд шилдэг бүтээлийг шалгаруулаад байна. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр тодрууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд Ч.Номин нарын тэргүүтэй албаны хүмүүс, урлаг соёлын эрхмүүд оролцлоо. Ё.Баатарбилэг гишүүн “Мөнгөн мод” цом гардуулах индэр дээрээс СУМЫН СОЁЛЫН ТӨВ-үүддээ анхаарал хандуулахыг соёлын салбарынхандаа уриалсан билээ.