“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2022.02.09

“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэл хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул болон түүх судлаачид оролцсон юм.

Энэ өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Улсын нийслэл, хот хэмээн зарласан өдөр. Даяар олонд ийнхүү зарлан тунхагласнаар Монгол Улсын орчин үеийн нийслэлийн эрх зүйн байдал анх хуульчлагдан баталгаажсан түүхтэй.

“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнд Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл Хүрээний албаны газруудын тэмдэг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Хангарди шүтээн, нийслэл хотын анхны иргэдийн тухай баримтууд, түүхэн гэрэл зураг, шороон зураг зэрэг үзмэр дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд танхимаар болон цахимаар үзэх боломжтой.