Сайд Х.Баттулга төслөө дахин мэдүүлэв
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа сайд Х.Баттулга өнөөдөр уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт дахин мэдүүлжээ. Ингэснээр сайд Х.Баттулгын хувьд хоёр дахь удаагаа саналаа мэдүүлж буй аж. Саналын гол агуулга нь архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлахаар зааж өгчээ. Уг нь энэ саналыг ажлын хэсгээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулсан байсан ч ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгах шатанд тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар гишүүдээр санал хураалгалгүй, шууд унагасан байсан гэнэ. Тиймээс сайд Х.Баттулга саналаа дахин мэдүүлээд буй нь энэ юм.
Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулашгүй өндөр үзүүлэлт аж. Нөгөөтэйгүүр судалгаагаар Монгол улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь, 2011 онд 55.2 хувь болж нэмэгджээ. Тиймээс нийгмийг хордуулж байгаа энэ төрлийн бизнес эрхлэгч ард түмнийг төлөөлөх ёсгүй гэж үзэж буй бололтой.