“Ковид-19 цар тахлын үеийн ҮЭ-ийн тулгамдаж буй асуудлууд” цахим сургалт боллоо
2020.12.15

“Ковид-19 цар тахлын үеийн ҮЭ-ийн тулгамдаж буй асуудлууд” цахим сургалт боллоо

МҮЭ-ийн холбоо, Японы Олон Улсын Хөдөлмөрийн сан (JILAF)-тай хамтран зохион байгуулж буй “Ковид-19 цар тахлын үеийн ҮЭ-ийн үйл ажиллагаа тулгамдаж буй асуудлууд” сэдэвт цахим сургалт МҮЭ-ийн холбооны хурлын танхимд эхэллээ.

Сургалтад нийслэл хотын болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга 120 гаруй хүн хамрагдаж байна.

Энэхүү сургалтын зорилго нь Ковид-19 цар тахлын үеийн хямрал хөдөө орон нутгийн ажилчид, гэрийн үйлчилгээний, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй хүмүүсийн хөдөлмөрийн хүрээний суурь эрх, зохистой хөдөлмөр болон нийгмийн хамгаалалд үзүүлэх нөлөөллийн талаар ҮЭ-ийн идэвхтэн, сонгуултнуудын нийтлэг ойлголтыг бий болгох, МҮЭ-ийн холбооны “Хөгжлийн хөтөлбөр-2030” баримт бичгийг танилцуулах, шинээр сонгогдсон ҮЭ-ийн хороодын дарга нар, анхан шатны ҮЭ-ийн хорооны ажилтнуудад сурталчлах, Анхан шатны ҮЭ-ийн хороод болон орон нутаг, сумдын ҮЭ-ийн холбооны гишүүд дарга нарын мэдлэгийг дээшлүүлэх, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэхэд чиглэжээ.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЕНБД Г.Адъяа, Японы Олон улсын Хөдөлмөрийн сангийн Ерөнхийлөгч Нагумо Хироюуки нар нээлтийн үг хэлж Ковид-19 цар тахлын үеийн ҮЭ-ийн тулгамдаж буй асуудлын талаар хамтран сургалт зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтын эхний өдөр “Ковид-19 цар тахлын үеийн Японы ҮЭ-ийн хөдөлгөөн, тулгамдаж буй асуудлууд, сайн туршлага” сэдвээр Японы Олон Улсын Хөдөлмөрийн Сангийн ажлын албаны орлогч дарга Тоши Сайто, “МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа тулгамдаж буй асуудал, МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөр-2030 хэрэгжилт” зэрэг сэдвээр МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа нар илтгэл тавьж сум дүүргийн ҮЭ-ийн холбоо болоод анхан шатны хороодын дарга нарын сонирхсон асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Харин сургалтын сүүлийн өдөр Орон нутгийн ҮЭ-ийн холбоо болон анхан шатны ҮЭ-ийн хороодын хөдөлмөр эрхлэлт, ХАБЭА, Нийгмийн хамгаалал, Нийгмийн түншлэлийн асуудлаар авч хэрэгжүүлж буй туршлага, тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид илтгэл мэдээлэл хийж, МҮЭ-ийн холбоо болон Японы Олон Улсын Хөдөлмөрийн сангийн санал зөвлөмж, удирдамжийг өгч энэ хүрээнд нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж Ковид-19 цар тахлын үед ҮЭ-ийн холбоо, хороодын цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан сургалтыг дүгнэснээр энэ удаагийн Ковидийн үеийн ҮЭ-ийн тулгамдаж буй асуудлууд цахим сургалт өндөрлөх юм.