Т.Энхтүвшин: Ирэх онд БНХАУ болон Европын зах зээл рүү их хэмжээний нүүрс экспортлох  боломжтой
2020.11.27

Т.Энхтүвшин: Ирэх онд БНХАУ болон Европын зах зээл рүү их хэмжээний нүүрс экспортлох боломжтой

Dardas.mn-ий сэтгүүлч Б.Пүрэвжав УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй “Ярилцах танхим” булангаараа урьж ярилцсан байна. 

Томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орвол Дорноговь аймаг ажиллах хүчийг дангаараа хангаж чадахгүй, бусад газраас хүн, хүч татна.

Дорноговьчуудыг дөрвөн жил парламентад төлөөлөхөөр таны хувьд сонгогдсон. Ямар төлөвлөгөө, зорилго, бодлогыг хэрэгжүүлж ажиллах вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

Миний хувьд Дорноговь аймгийг өнгөрсөн дөрвөн жил удирдлаа. Энэ хугацаанд манайх 21 аймгаас өрсөлдөх чадвараараа гуравдугаарт эрэмбэлэгдэж чадсан.

Засгийн газраас хэрэгжүүлдэг “Үйлдвэржилт 21:100” гэж хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, бодит ажил болгох талаар нэлээд анхаарч ажиллана. Түүгээр ч зогсохгүй хөтөлбөрийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийг сум бүрд байгуулах зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Тухайлбал, сүүгээ боловсруулдаг, махаа дулааны аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох, сав баглаа, боодол гэх мэт хэрэглээний зүйлийг үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. Манай аймагт сүүлийн хэдэн жил Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нэлээд амжилттай хэрэгжиж бодит ажил болж байгаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам, Алтанширээ суманд баригдах нефтийн үйлдвэр гээд томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймаг хөгжлийн тулгуур төв болох гараа аль хэдийнэ эхэлсэн гэж харж байна?

Тийм ээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг аль болох түүхийгээр нь экспортод гаргахгүй. Харин баяжуулаад, боловсруулж гаргах бодлогыг барьж ажиллаж байгаа. Мөн томоохон бүтээн байгуулалтын хүрээнд өнгөрсөн дөрвөн жил нүүрсийг угаадаг болсон. Жоншийг баяжуулдаг боллоо. Цахиур чулуу болон манганы үйлдвэрүүдийг ашиглалтад орууллаа. Ер нь нэмүү өртөг шингэсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн үйлдвэрийг сум бүрд бий болгохын төлөө зүтгэж байна. Миний хувьд Дорноговь аймгийн ирээдүйг нэлээд өөдрөгөөр харж байна. Манай аймаг аж үйлдвэрийн томоохон цогцолбор болох ирээдүй бий.

Томоохон бүтээн байгуулалтаа дагаж, орон нутаг мөн бэлтгэлээ базаах хэрэгтэй?

Бид одооноос хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан станц болон эрчим хүчийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байгаа. Түүнчлэн мал аж ахуйн салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг барина. Мөн манай аймагт Азийн хөгжлийн сангийн хөнгөлөлтэй зээлээр баригдаж буй цэвэрлэх байгууламжаа түшиглэн ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрийг барих юм.

Газар зүйн хувьд Дорноговь аймаг хамгийн тохиромжтой бүсэд оршдог шүү дээ?

Дорноговийг стратегийн аймаг гэж нэрлэдэг. Тэр дундаа Дорноговь аймагт Ази, Европыг холбосон төмөр зам баригдаж байна. Монголдоо хамгийн урт төмөр зам нь шүү дээ. Замын–Үүд гээд олон улсын нэг боомт ажиллаж байна. Мөн Хангимандал хэмээх байнгын ажиллагаатай нэг боомт ажиллаж байна. Эдгээр давуу талуудаа ашиглан импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд зогсохгүй экспортлох боломж бидэнд байна.

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд санхүүжилт их шаардлагатай. Гаднаас хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бололцоо нь хэр байх вэ?

Бид гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг. Гадны хөрөнгө оруулалтыг орон нутаг руугаа татаж оруулдаг. Түүгээр ч тогтохгүй гадны технологийг нэвтрүүлж байна. Залуучуудыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн чиглэл болон төмөр замын ажилчдыг одооноос эхлээд бэлдэх ёстой. Тиймээс Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг түшиглэж, төмөр замын ажилчдыг бэлдэж эхэлсэн. Бидний хувьд шинэ технологийг нутагтаа авч үлдэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн. Энэ хүрээнд Энэтхэг улсын Засгийн газартай хамтран нефть боловсруулах инженерүүдээ бэлтгэж байна. Төмөр замын мэргэжлийн ажилчдыг аймгийнхаа мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв болон ОХУ-ын Ленинградын төмөр замын сургуулиудад сургаж эхэлсэн зэрэг таатай олон сайхан мэдээлэл бий.

Орон нутаг төдийгүй улс эх оронд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Харин цаг хугацааны хувьд хэдэн жилээр тооцож байгаа вэ?

Өөдрөгөөр төсөөлж байгаа. Ерөнхий сайд 2024 онд нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гэж хэлсэн. Хэдийгээр цар тахал гарсан хэдий ч ажил урагшилж байгаа. Ирэх оноос ажил нь улам эрчимтэй явах болов уу гэж харж байна. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт дуусаж байгаа. Төмөр зам дагасан ордууд эдийн засгийн эргэлтэд орно. Төмөр зам дагасан үйлдвэрүүд дагаж ашиглалтад орно. Тиймээс цар тахлын үед бид эдийн засгаа өөдрөгөөр төсөөлж байна. Энэ цаг үед бид дотоодынхоо дэд бүтцийг шийдээд явна.

Зүүнбаян, Хангимандалын төмөр зам, Сайншанд Баруун-Урт, Бичигтийн төмөр зам гэх мэт ажлуудаа улам эрчимжүүлэх ёстой. Ингэснээр үндэсний компаниуд ажилтай, орлоготой байна. Түүнийг дагаад иргэд ажилтай, орлоготой байх юм.

Ийм боломж бидэнд байна. Тиймээс төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоос гадна, дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн санал их ирж байгаа. Аль болох хүндрэл чирэгдэл багатайгаар саналыг нь дэмжээд явна гэсэн байр суурьтай байна. Орон нутаг ч ялгаагүй ийм байр суурийг баримтална. Хил хаалттай гээд гараа хумхиад суухгүй бүхий л нөөц, бололцоогоо ашиглаж байна.

Томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Дорноговь аймгийн хүн ам ойролцоогоор 20 мянгаар нэмэгдэх байх гэж бодож байгаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, соёлын газар, барилга байшин, дэд бүтэц, зам талбай барих зэрэг маш их ажил бий. Хүссэн ч эс хүссэн ч Дорноговь аймагт бусад аймгийн залуус ирнэ. Бид гадных, дотных гэж ялгахгүйгээр ажиллуулдаг, найрсаг хүмүүс. Улс эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх ёстой. Манай аймгийн хувьд их нээлттэй бас зочломтой байдаг шүү.

Ажиллах боловсон хүчнийг ганц аймаг дангаараа хангахгүй шүү дээ. Хүн хүчний дутагдал их гарах байх. Та бүхэн ямар төлөвлөгөө, зорилгыг авч хэрэгжүүлэх вэ?

Бид энэ асуудалд маш их анхаарал хандуулдаг. Том бүтээн байгуулалт ашиглалтад ороод эхэлбэл ажилчдыг Дорноговь аймаг дангаараа хангаж чадахгүй. Манайх ажиллах боловсон хүчний дутагдалтай аймгийн нэг. Тиймээс бусад 20 аймгийн залуучууд энэхүү томоохон бүтээн байгуулалтад ороод ажиллах боломжтой. Энэ нь орон нутаг төдийгүй Монголын эдийн засагт чухал нөлөөтэй. Мөн том үйлдвэрийг дагаж байж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг. Тухайлбал, ус, хүнс, хувцасыг нь хэн хангах вэ гэх мэтчилэнгээр хуваарилаад явна. Энэ хүрээнд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийг давхар дэмжин ажиллаж байна.

Залуусыг төвлөрүүлэн ажиллах бэлтгэлээ хангасан уу. Ажил хөдөлмөр, амар тайван газар хүн хамгийн жаргалтай байдаг шүү дээ?

Үнэн шүү. 21 аймгийн хүмүүсийг Дорноговь аймаг руу татаж ажиллуулах, хүн амаа нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс иргэдийг төвлөрч ажиллах нөхцөл бололцоог одооноос эхлээд бэлтгэх ёстой. Энэ нь олон талын ач холбогдолтой. Эдийн засгийн хувьд хүн цугласан газар хөгжил байдаг, бизнес бий болдог. Томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Дорноговь аймгийн хүн ам ойролцоогоор 20 мянгаар нэмэгдэх байх гэж бодож байгаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, соёлын газар, барилга байшин, дэд бүтэц, зам талбай барих зэрэг маш их ажил бий. Хүссэн ч эс хүссэн ч Дорноговь аймагт бусад аймгийн залуус ирнэ. Бид гадных, дотных гэж ялгахгүйгээр ажиллуулдаг, найрсаг хүмүүс. Улс эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх ёстой. Манай аймгийн хувьд их нээлттэй бас зочломтой байдаг шүү.

Тэгэхээр туслан гүйцэтгэгч үйлдвэр олноороо бий болох нь?

Тийм ээ. Манай аймагт асар их ирээдүй бий. Импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг олноор бий болгоно. Мөн аялал жуулчлалын асуудал байгаа. Цар тахал дууссаны дараа нэг өдрийн болон бүс нутгийн аялал жуулчлалыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс манай аймагт хил орчмын аялал жуулчлал хамгийн их хөгжих боломжтой. Түүччлэн хөдөө аж ахуйн чиглэлээр дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэр хэрэгтэй байна. Бяслаг, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр хэрэгтэй байна. Бидэнд том бүтээн байгуулалтыг дагаад хийх зүйл их байна даа. Ирэх оныг их бүтээн байгуулалтын жил болно гэж харж байгаа.

Мэргэжлийн эдийн засагч хүний хувьд асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Төсөв тойрсон хэл ам багагүй гардаг. Орон нутагт төсөв мөнгөний хуваарилалт харьцангуй байна гэх мэт асуудал нэлээд гарсан. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Төсөв, мөнгөний санхүүжилт бүгд адилхан. Гэхдээ зураг төсөл нь батлагдсан аймгууд өндөр харагдаж байгаа юм. Харин зарим нь зураг төсөлгүй хэрнээ цэцэрлэг барина гэж оруулсан байгаа. Ийм л асуудал бий. Миний хувьд энэ жилийн төсвийг сайн гэж харсан. Цар тахал гарсан гээд Сангийн яам бүх зүйлээ хумисангүй. Харин ч эсрэгээрээ эдийн засгаа тэлсэн. Тухайлбал, нүүрсний экспортоос гадна улс орны эдийн засагт нэмэртэй шаардлагатай томоохон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр төсөвт тусгасан байгаа. Шаардлагатай төслүүдээ санхүүжүүлэх, үргэлжлүүлэхээр болсон нь маш чухал зүйл. Эдийн засгаа тэлж, орлого нэмэгдүүлсэн сайн төсөв болсон гэж дүгнэж байгаа. Ер нь орлогоо өндөр тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажиллана шүү дээ.

Цар тахлын үед хэт өөдрөг төсөөлөл нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. Та үүнтэй санал нийлэхгүй гэсэн үг үү?

Санал нийлэхгүй. Шаардлагатай бол төсөвт тодотгол хийгээд явна шүү дээ. Гэхдээ төсвийг бүрдүүлэх орлогыг өндөр буюу дээд түвшинд нь хүртэл тавьж, өгч байж зорилгодоо хүрнэ. Бага тавьчихаад давуулан биелүүлсэн гэх нь учир дутагдалтай. Ер нь өндөр тавьж байж, аж ахуйн нэгжүүдийг ажил хийх боломж бололцоогоор хангана. Цар тахал гарлаа гээд бүх зүйлээ хумиад байж болохгүй. Хэрэгтэй, шаардлагатай төслүүдээ, ажлуудаа, бүтээн байгуулалтаа зогсоогоод байж болохгүй юм. Энэ нь эргээд улс эх орон болон хөдөө, орон нутгийнханд асар их хортой. Түүнчлэн цар тахалтай байгаа нөхцөл бололцоог ашиглаад монголчууд дотоодынхоо нөөц боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэж байна. Учир нь БНХАУ, Европын холбоо гэх мэт томоохон зах зээлийг ашиглаад бид нүүрсээ экспортлох боломж бий.

Нүүрсний экспортыг 42 сая тонн байхаар төсөвт тусгасан. Өмнө нь хэзээ ч тавьсан зорилтдоо хүрч байгаагүй. Үүнийг л өөдрөг төсөөлөл гэж шүүмжлээд байна?

Ямар нэгэн зүйлийн нөхцөл боломжийг мэдэхгүй хүмүүс гайхаад эсвэл үгүйсгээд байгаа юм. Хил гааль болон Өмнөговь, Дорноговь аймгийн нөхцөлийг мэдэхгүй хүмүүсийн үг гэж хэлмээр байна. Ирэх жил Тавантолгой- Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орчихно. Маш олон сая тонн нүүрсийг байгальд ямар нэгэн хор хөнөөлгүйгээр төмөр замаар баялгаа экспортод гаргах боломж бүрдэнэ. Төмөр замын бүтээн байгуулалт дуусаад, ашиглалтад ороход нүүрс тээвэрлэлт, экспорт улам нэмэгдэнэ шүү дээ. Одоо зөвхөн автомашинаар л татаж байна. Ирэх оны гурав, дөрөвдүгээр сар гэхэд төмөр зам ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа учраас авто машинаараа зөөж л байг. Хажуугаар нь төмөр замаар тээвэрлэлт явна.

Нүүрс таталт болон хүргэлтийн хувьд хамаагүй түргэн шуурхай байх юм. Тэр хэрээрээ эдийн засагт ч нэмэртэй. Тиймээс ирэх онд 42 сая тонноос ч илүү нүүрсийг урд хөрш рүү гаргах бүрэн бололцоо байгаа. Тухайлбал, 100 жолооч 100 машин барина. Харин 100 вагоныг хоёр машиннист чирээд явна.

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Импортыг орлох бараа бүтээгдэхүүн хийнэ гэж яриад хэчнээн жил болсоныг хэлж мэдэхгүй нь ээ. Харин ажил хэрэг болоод явсан нь цөөхөн?

Малаас гарч байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг сум бүрд бий болгох ёстой. Наад зах нь дулааны аргаар махаа боловсруулаад, борц үйлдвэрлэдэг баймаар байна. Үүнийгээ гадагшаа гаргамаар байна. БНХАУ гэхэд зөвхөн дулааны аргаар боловсруулсан махыг авдаг шүү дээ. Олон сая тонн махыг гаргахын тулд наад зах нь 2-3 сумын дунд нэг үйлдвэрийг байгуулж, борц хийх боломжтой. Цаашилбал, дайвар бүтээгдэхүүнийг хүртэл боловсруулдаг болмоор байна. Хамгийн чухал нь боловсруулж байж экспортод гаргахгүй бол хөрш орнууд авахгүй. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлж бий болгох ёстой. Тэгэхээр том үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрийг бий болгох хэрэгцээ, шаардлагатай бид тулгарч байна.

Дорноговь аймаг жижиг, дунд үйлдвэрлэлийг хэр дэмждэг вэ. Санхүүжилт хангалтгүйгээс үйлдвэрүүд шинээр бий болж чадахгүй байна. Эрх мэдэлтнүүд тусгай сангаас хүртдэгээс болж, үйлдвэрлэл өндийхгүй, өсөхгүй, дэвжихгүй байна?

Дэмждэг. Цаашид томоохон бүтээн байгуулалтыг дагаж, улам нэмэгдүүлэх ёстой. Бидэнд боломж бололцоо бий болж байна. Уут шуудайнаас эхлээд зах зээлд маш их хэрэгцээ шаардлага бий. Томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор олон жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болно. Зах зээлд чанарын өрсөлдөөн бий болно. Давхар үйлчилгээний соёл болон хариуцлага сууна. Хүмүүс маш их хөдөлмөрлөдөг. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн хүмүүсийн орон зай их гарна. Хүссэн ч эс хүссэн ч зах зээлийн жамаа дагаж, үндэсний үйлдвэрлэл сэргэнэ. Алийн болгон гаднаас зөөж, бэлэнчлэх вэ дээ.

Түүнээс гадна миний хувьд өвөл, хавар хоёр хэр болох бол гэж санаа зовж байгаа. Одооноос эхлээд махны экспортод санаа тавих ёстой. Мөн малчид болон аймаг орон нутаг өвөл, тэжээлээ сайн бэлдэх хэрэгтэй байна. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ цаг бусаар алдмааргүй, асар их хөрөнгө мөнгөний хохирол амсмааргүй байна. Үүнд нэлээд анхаарч ажиллана даа.

Та орон нутгийн сонгуулиар нутагтаа ажиллаж байсан. Малчид хэр бэлтгэлээ хангасан байна вэ?

Малчид хувийн бэлтгэлээ сайн хангадаг болсон. Манайх бусад аймгийг бодвол мал цөөтэй. Аймгийн хэмжээнд 2.4 сая толгой малтай. Дундаж малын тоо 600-700 байдаг. Манайхан аль болох үйлдвэр угсааг нь сайжруулж, чанаржуулах талаар анхаарч ажилладаг. Малчид цөм сүргийн бүтцэд ч багагүй анхаардаг. Хамгийн чухал нь отор нүүдэл их явж байна. Говийн ургамал амархан талхлагддаг. Эргэж сэргэхдээ удаашралтай. Тиймээс бэлчээрийн асуудалд нэлээд анхаарах ёстой юм.

Махны экспортыг яаралтай нэмэгдүүлэхгүй бол олон сая толгой малаа хүчрэхгүй болох вий. Улсын хэмжээнд бэлчээрийн хомсдол үүсч байна. Бэлчээр, уснаас болж, малчдын дунд маргаан их гарч байна. Яаралтай малын тоо толгойг сайжруулж, үйлдвэр угсааг нь сайжруулах хэрэгтэй. Тооноос илүү чанарыг эрхэмлэдэг болох нь энэ цаг үед чухал байна.

Маш олон сая тонн нүүрсийг байгальд ямар нэгэн хор хөнөөлгүйгээр төмөр замаар баялгаа экспортод гаргах боломж бүрдэнэ. Төмөр замын бүтээн байгуулалт дуусаад, ашиглалтад ороход нүүрс тээвэрлэлт, экспорт улам нэмэгдэнэ шүү дээ. Одоо зөвхөн автомашинаар л татаж байна. Ирэх оны гурав, дөрөвдүгээр сар гэхэд төмөр зам ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа учраас авто машинаараа зөөж л байг. Хажуугаар нь төмөр замаар тээвэрлэлт явна. Нүүрс таталт болон хүргэлтийн хувьд хамаагүй түргэн шуурхай байх юм. Тэр хэрээрээ эдийн засагт ч нэмэртэй.

Тиймээс ирэх онд 42 сая тонноос ч илүү нүүрсийг урд хөрш рүү гаргах бүрэн бололцоо байгаа. Тухайлбал, 100 жолооч 100 машин барина. Харин 100 вагоныг хоёр машиннист чирээд явна.

Манай махны чанар олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс махны экспорт хангалттай нэмэгдэж чадахгүй байна шүү дээ?

Тиймээс л дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийг олноор нь бий болгох ёстой гэж үзээд байгаа юм. Цаашид элдэв төрлийн халдварт өвчнөөс сэргийлсэн вакцинтай малыг хоёр хөрш авахгүйд хүрч байна. Аль болох борц хийж, экспортод гаргах нь зүйтэй. Мөн ХХААХҮЯ махны квотыг орон нутаг руу шилжүүлэх ёстой гэж үздэг. Аймгууд квотынхоо дагуу мах бэлтгэлээ хангадаг байх хэрэгтэй. Ингэснээр махны экспорт тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх гэсэн байр суурьтай байдаг. Улаанбаатар хотыг тойрсон махны үйлдвэрүүд байна. Амьд мал оруулахыг завдаж байна. Цаашид махны үйлдвэрүүдийг төвлөрүүлэх хэрэгтэй. Хөдөө, орон нутаг руу явуулах ёстой.

Говийн бүсийн хөгжил болоод дэд бүтцийг хангасан нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үү. Үүнд хэрхэн анхаарах вэ?

Анхаарах ёстой асуудлын нэг нь мөн. Нэгдсэн бодлого гаргахын өмнө Монголд бүсчлэлийг дахин тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, аль хэсэгт хүнд үйлдвэр нь байх юм. Цаашилбал, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүд хаана, хаана байх вэ гэдгээ шийдэх ёстой. Ингэж тодотгохгүй болохоор Сэлэнгэ аймаг буюу газар тариалангийн бүсэд маш их мал байх жишээтэй. Түүнчлэн говийн аймгуудад усны асуудал их байдаг. Газрын гүнээс ус татаж авдаг.

Худаг, ус гаргахад маш их санхүүжилт шаарддаг. Тиймээс гадаргын усыг говь руу татах, газар тариалан болон хөдөө, аж ахуй руугаа татах боломжтой. Нэн тэргүүнд гадаргын усыг ашиглах шаардлагатай байна гэх мэт асуудлууд нэлээд бий. Тиймээс улсын хэмжээнд бүсчлэлийг тодорхой болгох ёстой. Харин түүний дараагаар говийн бүсийнхэн дэд бүтэц болоод хөгжил дагасан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Шат дарааллын хувьд ингэж явах нь зүйтэй.

Бэлчээр болон усны асуудал хөдөө аж ахуйн салбарын толгойны өвчин болоод удаж байгаа?

Манай аймагт ирсэн оторчид хавар гурав, дөрөвдүгээр сараас гарчихдаг. Гэтэл сүүлийн үед гарахаа байчихсан. Түүнчлэн говийн аймгууд бэлчээрийн даац багатай. Манай аймаг хилийн бүс, төмөр зам, уул уурхайтай болохоор бэлчээрийн даац маш багатай. Тиймээс бид малаа зохистой түвшинд барих бодлого баримталдаг. Цаашид аймгуудад хэчнээн мал байх ёстой вэ гэдгийг тогтоож өгөх ёстой. Тэгж тоондоо бариулахгүй бол бэлчээр, ус нь хүрэлцэхээ байсан.

Хөдөө, аж ахуйн салбарт шинэчлэл хэрэгтэй. Талхлагдсан газар сэргэнэ гэдэг маш хүнд шүү дээ. Ургамал 2-3 жилийн дараа сэргэдэг. Түүнчлэн мал их өсөж байгаа нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаатай холбоотой. Түүнээс болж мал ихсээд байна.

Малаа борлуулж чадахгүйгээс болж, ийм байдалд хүрсэн. Жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрчихөөд 40-50 мянган төгрөгөөр зарж, борлуулахгүй шүү дээ.

Тиймээс яаралтай махны экспортыг нэмэгдүүлж, борцны үйлдвэрийг барих хэрэгтэй. Та 500 тоо толгой малтай бай. Бусдыг нь нядлаад зараад бай гэж хэлж болохгүй. Зарсан ч авахгүй байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хэрэгтэй байгааг сануулж байна. Дорвитой, шуурхай, малчдад хэрэгтэй, эдийн засагтаа чухал нөлөөтэй бодлого үгүйлэгдэж байна.