2020.11.25
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлнэ
Дорноговь аймгийн Онцгой комисс Чандмань-Илч ОНӨХХК-нд хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэл хүргүүллээ.
Дорноговь аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар аймгийн Засаг дарга О.Батжаргалтай цаг үеийн нөхцөл байдлын талаар зөвшилцлөө.
Үүний дагуу аймгийн Засаг дарга “Чандмань-Илч” ОНӨХХК-д чиглэл өгч, аж ахуйн нэгж, компаниудын дулааны төлбөрийг 50 хүртэл хувиар бууруулах, өртэй аж ахуйн нэгж, компаниудын алданги тооцохгүй байх, гэр хорооллын айл өрхүүдийн зөөврийн ундны усны төлбөрийг тэглэх зэрэг шийдвэрийг гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Бизнес эрхлэгчдийн форумд төрийн байгууллагуудад хандаж хэлж байсан шүүмж ажил хэрэг болж байгаад аймгийн шинээр томилогдсон удирдлагууддаа талархаж байна.
Цаашид, шинээр ажилд томилогдож, ажлаа хүлээж аваад удаагүй байгаа аймгийн удирдлагууд орон нутгийн ард иргэдэд чиглэсэн оновчтой шийдвэр гаргахад хамтран ажиллаж, энэ хүнд үеийг хамтдаа давж гарч чадна гэдэгт итгэж байна.
Амны хаалтаа зүүж, гараа угааж, гадуур явахгүй байж, зай барьж чадвал бид хамтдаа коронавирусийн халдвараас хамгаалж чадна.