Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Онгоцны түлш нийлүүлэлттэй холбоотой асуудлыг хойд хөрштэйгөө ярилцаад хэлэлцээр хийж буйг дэмжиж байгаа. Энд эргэлзээтэй байгаа гол асуудал нь энэ заалтууд шударга, зөв Монгол Улсад хэрэгтэй, цаг үеэ олсон уу эсэхэд байгаа юм. Танилцуулган дээр гоё зүйлс их бичигдсэн байна. Холоос нь хамаад өргөн уудам нутагтай гэж эхлээд маш их юм байна. Гэхдээ Монгол Улсад яг ямар ашигтай вэ гэдэг нь хайгаад хайгаад олдохгүй. Эдгээр заалтууд дээр би эргэлзэж байна. Жишээлбэл, гэрээний 4.4-т Чингис хаан нисэх буудал дахь үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ гээд тодорхой заажээ. Нефтийн үйлдвэр ашиглалтад ороод, бид өөрсдөө түлш хийсэн ч Чингис хаан нисэх буудалд бид нийлүүлэхгүй. Хаачихаж байгаа юм. Буянт-Ухаад нийлүүлэх юмуу, орон нутагт уу? Ийм том заалm байхад бид хайнга хандаж болохгүй. 20 жилийн гэрээ шүү дээ. 20 жилийн гэрээ нь бизнесийн харилцаа, соёлыг тогтоочихно. Цаашид 200 жил явна гэсэн үг.
5-р зүйл дээр бас адил. Газрын тостой холбоотой бүх зохицуулалт энэ гэрээ, харилцаанд үйлчлэхгүй гэсэн заалт байгаа юм. Бидний нефтийн үйлдвэр барьж байгаа, хараат бус болох гэсэн бодлогыг байхгүй болгосонтой адил хариуцлагагүй заалт энэ гэрээнд байна.
Гишүүд хэлж байна. Монголын талаас асар их үүрэг хүлээчихсэн, татварын, бодлогын бүх заалтуудыг тогтворжуулчихсан хэрнээ хариуд нь бидний авч байгаа зүйл юу гэхээр тоймтой хариулт алга. Авч байгаа зүйл нь "тогтвортой" гэнээ. Энэ талаар Ц.Туваан сайд, ажлын хэсэг, гишүүдэд хандаж хэлэхэд тогвортой байна гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын тухай асуудал ердөөсөө биш. Тогтворгүй байх нь харин ч эсрэгээрээ тусгаар улсын үндэс тогтдог үндсэн орчин юм. Үүнийг хэтэрхий тогтвортой байлгахын төлөө байна гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл явдал шүү. Ямар улс, ямар хот тогтвортой байдаг вэ гэхээр бусдын муж, юу ч боддоггүй, ямар ч асуудалгүй газарт. Тогтвортой байдлыг хангаж буй Үндэсний аюулгүй байдлыг хангаж буй хэрэг гэж хэлж байгаа нь логик зөрчил шүү гэдгийг анхаарна уу!