Л.Гантөмөр: Говь нутгийнхан бодох шаардлагагүй шууд л МОД ТАРЬ. Хэн мод тарьж, ургуулж чадна тэр "ГОВИЙН БААТАР"
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод болж байна. Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Дэлхийн эдийн засаг тогтворгүй, эрсдэл өндөр, түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байгаа энэ үед бид хүлээлтийн байр суурь барих бус, урьдчилан тооцоолсон, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, ялангуяа бүс нутгийн онцлогт тулгуурласан, тэнцвэртэй хөгжилд анхаарлаа хандуулах нь илүү чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын хүн амын 213.5 мянга буюу нийт хүн амын 6.02 хувь нь Говийн бүсэд ажиллаж, амьдарч байна. Говийн бүсийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн борлуулалт 2024 онд 4.2 их наяд төгрөг, худалдааны салбарын борлуулалт 804.1 тэрбум төгрөгт хүрч, тус бүсийн ДНБ-д үйлдвэрлэл хамгийн их хувийг буюу 53.9 хувь, үйлчилгээ 33.8 хувь, хөдөө аж ахуйн салбар 12.3 хувийг тус тус эзэлж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо 5.1 мянга байгаа юм. Үүнээс үзэхэд говийн бүс нь хөрш орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болох бүрэн боломжтойг илтгэж байна.
Бүсчилсэн хөгжлийг үр дүнд хүргэх хамгийн чухал хөшүүрэг НЬ хөрөнгө оруулалт татах
Говийн бүс нутаг нь өвөрмөц байгаль, амьтан, ургамал, соёлын өвөөр баялаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тус бүс нутагт байгалийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлснээр орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, соёлын өвийг хадгалах зэрэг олон давуу талуудыг бий болгох боломжтой. Бүсчилсэн хөгжлийг үр дүнд хүргэх хамгийн чухал хөшүүрэг бол хөрөнгө оруулалт татах билээ. Говийн бүсэд хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаас усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Хэрлэн-Тоонот, Орхон-Онги” төсөл, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх "Тавантолгойн 450 мвт- ын дулааны цахилгаан станц" зэргийг дурдаж болно. Дэд бүтэц шийдэгдэж байж л бүтээн байгуулалт өрнөж, улмаар иргэд, бизнесүүд тогтвортой орлого олох, үйл ажиллагаа явуулах орчин бүрдэнэ гэж үзэн онцгой анхааран ажиллаж байна. Төвлөрлийг сааруулж, орон нутагт тогтвортой суурьшил бий болгох, улсын эдийн засгийн бүтээмжийг бүхэлд нь нэмэгдүүлэхэд бүсчилсэн бодлого чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүс бүрийн хөгжлийг зөв оновчтой төлөвлөж, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар бид тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг бий болгоно гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Хамгийн чухал нь бид нэг санаа зорилготой байж, эв нэгдэл, урам зориг, үр дүнтэй түншлэлд тулгуурлан Говийн бүсийг хөгжил дэвшлийн жишиг бүс болгон хөгжүүлэх нь чухал юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:
Говийн хүмүүсийн бодох шаардлагагүй шууд хийх ёстой ажил нь мод тарих
Та бүхэн бодох шаардлагагүй мод тарь, мод ургуул. Говийн бүсийн дөрвөн Засаг дарга нар мод тарьж, ургуулах уралдааныг сумын дарга нарынхаа дунд зарлах хэрэгтэй. Хэн мод тарьж, ургуулсан чадсан, тэр хүн бол говийн баатар. Эдийн засгийн сайдын хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол Говьд мод ургуулж чадаж байгаа болгоны араас явъя гэж. Говьд мод ургуулдаг тусдаа шинжлэх ухаан байна. Тиймээс Говийн бүсээс сонгогдсон гишүүд, Говийн засаг дарга нар нэг зүйлийг анзаараасай. Та бүхэн Израйль улстай ах дүү хот болох хэрэгтэй. Израйл улсын хувьд манай Говиос хэцүү газарт ногоо ургуулдгаараа дэлхийд алдартай. Говийн хүмүүс хаана очиж гадаад харилцаа хийх вэ гэвэл, Израйлд очдог байгаасай. Гадаад хэргийн сайд энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Говийнхон Израйл явж байгаа бол томилолтыг нь баталж өгдөг, дэмжиж өгдөг байх хэрэгтэй! Мөн хамтарсан судалгааг нь хөгжүүлдэг байх хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн алтан зорилго бол Монголыг ядуурлаас салгах юм шүү гэдгийг дахин хэлье.

Сэтгүүлч