Үндэсний аюулгүй байдал ба үндэстний ижилсэл
2011.07.28

Үндэсний аюулгүй байдал ба үндэстний ижилсэл

XX зууны 90-д оны эхээр Монгол орны улс төрийн систем эрс өөрчлөгдөж, бүрэлдэн тогтсон нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал олон улсын харилцаанд нээлттэй, чөлөөтэй оролцох боломжийг нээж өгсөн. Зуун дамнан дэлхий нийтэд өрнөсөн даяарших үйл явц ч үүнд их хувь нэмэр болж байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.


Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх төрийн бодлогоо тодорхойлох үйл ажиллагаа дэлхий нийтэд төдийгүй Монголд ч идэвхтэй хийгдэж байна. Ийм хэрэгцээ байгаа нь бодит байдал, өөрчлөгдсөн гадаад дотоод нөхцөлтэй холбоотой юм. Улс орны хөгжлын асуудлыг дангаараа өөрсдөө хариуцах болсон эдүгээ цагт үндэсний аюулгүй байдлаа хангах зорилго, зорилтууд Монгол улсын, улс төрийн эрх мэдэл бүхий этгээд, төрийн институтын өмнө тулгараад байна.

 

 

Үндэстний ижилслийн асуудалтай нягт уялдан аюулгүй байдлын талаарх улс төрийн бодлого бүрэлдэн төлөвших учиртай юм. Ардчилах, эдийн засгийн ойртон нягтралт, мэдээлэлжүүлэх, соёлын нэг хэв шинжинд оруулах, үнэт зүйлийг нийтэд хэвшүүлэх нь үндэсний аюулгүй байдалд үлэмж нөлөөтэй даяаршлын тодорхой үйл явцууд юм. Эдгээр үйл явц үндэсний ижилсэлтэй зайлшгүй тулгарч олон зуун жилийн туршид бүрэлдэн тогтсон үндэстэн ястны соёл, уламжлал, үндэстэний өөрийн талаарх тогтсон төсөөлөлийг эвдэх “аюул” учруулдаг байна. Үндэстний ижилсэлт нь үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үндэс мөн бөгөөд даяршлын нөхцөлд улс орны өрсөлдөх чадварын нэг гол нөөц болдог байна.

 

ЗСБНХУ, Югослав, Чехословак зэрэг улс орон өрсөлдөх чадвар нь шавхагдаж, задарч унасан түүхтэй. Өнөөдөр ч гэсэн үндэстний ижилслээ алдах аюул олон оронд тулгараад байна. Даяаршил уг үйл явцыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байхад улс орон өөрийн соёл, уламжлалаа хадгалж үлдэх гэж тэмцэж байна.

 

Үндэстний ижилслээ алдсанаар үндэстний үнэт зүйлсийн баримжаа баларч, төр улс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж улмаар үндэсний сонирхлоо “гээж”, бие даасан гадаад, дотоод бодлого явуулах чадваргүй болдог байна. Улс төрийн янз бүрийн сонирхлууд нийгэмд зэрэгцэн оршиж зөрчилдөх, зарим тохиолдолд өөрийн хүсэл зорилго, сонирхлоо тодорхойлж чадахгүй байх, мөн эдийн засгийн нөөц боломж, санхүүгийн хомсдол нь үндэстний ижилсэлд сөрөг нөлөөтэй юм. Харин үндэсний ижилслийг зүй зохистой, оновчтой томъёолж, түүнд тулгуурлан үндэсний сонирхлоо цэгцтэй тодорхойлсоноор хараат бус гадаад, дотоод бодлого явуулах боломж нээгддэг.

 

Улс төрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадвараа алдаж, бусдын эрхшээлд орсон ч гэсэн үндэстний ижилслээ сэргээн тогтоох талаар хүч чармайлт тавьж түүний төлөө идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж чадвал тусгаар тогтнолоо буцаан олж авч чадна. Соёл, уламжлал, түүх, улс төр хүчийг агуулж байж даяаршлын үйл явцад уусахгүй үлдэж болно.

Даяаршлыг “мунхаглан” эсэргүүцэх боломжгүй юм. Даяаршлын үйл явц ашиг гаргах боломжийг олгодог түүнийг алдахгүй байж аялдан дагагчийн байр суурийг орхин өөрсдөө идэвх гаргаж тоглоомын дүрэм зохиолцох хэрэгтэй юм. Даяаршлын субъект нь их гүрэн улс байдаг ч өнөөдөр дэлхийн улс орон бүр уг үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох бололцоотой билээ.

 

Орчин үеийн ертөнцийг ардчилах үйл явц даяаршлын нэг тодорхой илрэл юм. Гадаад, дотоод бодлоготоо нийтлэг дүрмэнд захирагдах шаардлага тулгаж, нийгмийн үндсэн эд эсийн байрыг сольж өөрчилж байна. Юуны өмнө, бие хүнийг дараа нь нийгмийг тэгээд төрийг тавих болжээ. Төр хүн, нийгмийн сонирхлыг хамгаалах гол хэрэгсэл хэмээн үзсэн. Дээр дурдсан шатлалыг хатуу мөрдсөн тохиолдолд олон улсын тавцанд ямар нэгэн байр суурь эзэлж, амжилт гаргах боломжтой юм.

 Мэдээлжүүлэх үйл явц нэгдсэн мэдэллийн орон зайг төлөвшүүлэн глобал сүлжээг бүрдүүлж түүнд хамрагдсан бүхэн материалаг баялаг хүртэх боломжийг нээж, оюуны нөөцийг үржүүлэн нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг ханган эерэг үр дүнд хүргэдэг байна. Нөгөө талаас мэдээллийн технолог сөрөг талыг өөртөө агуулдаг. Олон нийтийн санаа бодлыг хянаж түүгээр тоглож, удирдах шинэ эх сурвалж, сувгийг нээж мөн иргэдийн үзэл санаа, ухамсарт нөлөөлөх үр бүтээлтэй шинэ хэрэгслийг бүтээсээр байна. Энэ бүгд нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд шинэ чиг хандлага нэмж байна гэсэн үг юм. Глобал шинжтэй мэдээллийн урсгал ижилслийг үгүй хийх нэг хүч болж байна.

Мэдээлэл нээлттэй болсоны үр дүнд соёлын нэг хэв шинжинд орох үйл явц идэвхжсэн. Төрөл бүрийн соёлыг зааглаж байсан хаалт үгүй болж соёлын ижилсэл задарсан байна. Эрчимтэй өөрчлөгдөж буй бодит байдалд дасан зохицох шаардлага улс орны өмнө тулгарсан. Үндэсний өвөрмөц онцлогийг хадгалан орчин үеийн соёл иргэншлийн ололтыг эзэмших хэрэгцээ ч гарч байна.

Гэвч энэ тэнцвэргүй “тулаанд” улс орон амжилт гаргах найдвар бага юм. Их Британи, Герман, Франц зэрэг хөгжилтэй улс орон ч даяаршлын түрлэгт өртөж, үндэсний аюулгүй байдлын асуудалд анхаарал тавих болжээ.

 

Үнэт зүйлсийг нийтэд хэвшүүлэх үйл явцыг даяаршил хэрэгжүүлж байдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр барууны үнэт зүйл хэмээгдэх хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлтэй эдийн засаг, эрх зүйт төр, иргэний нийгмийг сурталчилан барууны хөгжлийн загварын давуу тал гэдгийг ухуулах болжээ. Дээрх үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдсөн улс орон тодорхой амжилтанд хүрсэн байна. Гэсэн ч эдгээр үнэт зүйлс нь мөнх бус, барууны соёлын үе өнгөрч өөр үнэт зүйлс гарч ирж ноёлох боломж нээлттэй билээ.

Өнөөдөр даяаршил нийгэм эдийн засаг, технологийн хувьд хөгжсөн улс орны эрх ашигт илүү нийцэж байна. Үүнээс үүдэн баян ядуу орны хооронд зөрчил үүсэж мөргөлдөөнд хүргэх аюул бий болсон ажээ.

 

Даяарших үйл явц үндэсний соёл, иргэншлийг доройтуулж байгаа ч нөгөө талаас өөрийгөө ухаж ойлгох үндсэний ухамсрыг дээшлүүлж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Даяаршил улс оронд хөгжих шинэ боломж гаргаж, шинэ аюулыг давхар бий болгож байна.

 

Орчин үед үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар хоёр хандлага зэрэгцэн оршиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Нэгд, бодит хандлага. Гадаад орчноос аюулын хэмжээг тодорхойлон үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлыг боловсруулан шийдэх. Үүнтэй уялдан аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад орчинг “өөрчлөх” үйл ажиллагааг хэрэгжүүлж, уг орчинд байгаа бодит аюулын эх сурвалжид хаалт хийж түүнийг үгүй хийх зорилт тавьдаг. Хоёрт, үйл ажиллагааны хандлага. Энэ хандлага нь үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлыг төр болон бидний дотоод үйл ажиллагаатай холбон, аюулын эх сурвалжийг, аюулд учирч буй объекттой нэгтгэн авч үздэг байна.

 

Системийн онол, арга зүй нь аюулыг байгалийн үйл явц ч юм уу аль эсхүл гаднаас заналхийлэх давуу хүчтэй холбон авч үзэлгүй нийгмийн дотоод хүчин зүйлтэй уялдуулах нь илүү ашигтай, үр бүтээлтэй гэж үздэг. Аливаа аюулын эх сурвалж нь бид өөрсдөө. Буруутай, мэдлэггүй, урвуулан тэрсэлсэн үйлдлээс аюул нүүрлэх нь тун элбэг учир нийгмийг бүхэлд нь хариуцсан төр засгийн хүч, чадавхи үүнийг “төлөвшүүлэхгүй” байх санхүү, түүхийн эдийн ба хүний нөөцтэй байх нь нэн чухал ба түүнийг аривжуулан, хомсдлыг арилгах ёстой юм.

 

Төрийн засгийн эрхийг барьж буй улс төрийн хүч үндэсний аюлгүй байдлыг шууд хариуцах ёстойг тэмдэглэхийн зэрэгцээ иргэн ч өөртөө аюул учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд үлэмж их үүрэгтэй.

 

Аюул нь юуны өмнө хүн түүний өмч хөрөнгө, цаашилбал нийгэм, төр улс, соёл иргэншилд заналхийлдэг ба тухайн аюулыг хүмүүн төрөлхтөн, нийгэм өөрөө бүтээдэг. Шинжлэх ухааны дэвшил нь хүнд заналхийлэх аюулыг бий болгодог. Үүнээс үүдэн хүнийг аюулаас хамгаалах номлолын ач холбогдол өссөж, бодитой тулгарч болох аюултай үйл явцыг судлан түүнийг урьдчилан тооцож, түүнээс хамгаалах арга хэмжээг санал болгож, үйл ажилгааны удирдамж боловсруулах нь нэн чухал юм.

 

Уг аюултай “ажиллах” арга барил, зохион байгуулалтын хэлбэр, арга хэрэгсэл, бидэнд байх, байхгүй гэдгээс аюулыг зайлуулах үйл явц шууд хамааралтай юм. Тиймээс аюулыг иж бүрэн шинжлэж түүний талаар бүрэн төгс мэдлэг, мэдээлэлтэй байх нь түүнийг удирдан, хянах боломж бүрдэж гэнэтийн гэх зүйл багасах магадлалтай юм.

 

Ер нь нийгэмд нүүрлэх аюул ямар нэгэн байдлаар тогтмол оршин байдаг. Түүнийг дуудаж өдөөх нь бас л бидний зүй зохисгүй, ухвар мөчид, мэдлэг, чадваргүй үйл ажиллагаатай холбоотойг дахин тэмдэглэмээр байна. Намжмал байгаа аюулыг сэдрээхгүй байж түүнийг аль болох хяналтандаа байлгаж нийгмийн сонирхолд нийцүүлэн удирдан чиглүүлэх нь өнөөгийн төр засгийн бодлогод тулгамдсан асуудал болоод байна.

Дээр дурдсан зүйлээс арга зүйн шинжтэй дүгнэлт хийж болно.

Үүнд:

  1. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн засгийн эрх барьж буй улс төрийн хүч, түүний мэдэлд буй төр засаг дангаараа хариуцдаг онцлогтой.
  2. Тухайн үүргийг биелүүлэн, гүйцэтгэх явдал нь төр ямар хэмжээний нөөц агуулж ашиглах боломжтой гэдгээс шууд хамаарна.
  3. Аюулгүй байдлыг хангах механизмын хувьд уламжлаж ирсэн хэрэгсэл байгаагийн зэрэгцээ “барууны” арга барилд суралцах нь чухал ч Монгол улсын өнөөгийн нөхцөлд таарч тохирсон аюулгүй байдлыг хангах арга барил, нөөц олж тогтоох нь ач холбогдолтой байна.
  4. Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцаж буй мэргэжилтний ур чадвараас гадна төрийн захиргааны зохистой үйлдлээс их зүйл шалтгаалдаг байна. Хараат бус шинжээчдийн санал, зөвлөмжийн гадуур байх нь тэдний зөвхөн алдаа төдийгүй, санаатай гэмээр гажуудалт юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.