Дэлхийн хамгийн сонирхолтой төрийн далбаанууд
2011.04.20

Дэлхийн хамгийн сонирхолтой төрийн далбаанууд

Хүн төрөлхтөн анх хэзээ туг далбааг хэрэглэх болсон нь тодорхойгүй. Харин өнөөгийн улс орнуудын төрийн далбаа нь соёл иргэншлийн хамгийн эрхэм зүйлсийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Цагаан туг

Цав цагаан туг бол даян дэлхийд энх тайван, эвлэрэл, гал зогсоохыг билэгддэг. Түүнээс гадна энэ тугийг хэлэлцээр хийх, дайсандаа бууж өгөх үед хэрэглэдэг болсон. Цагаан тугийг ашиглах журам Женевийн конвенцэд бий.

Хар туг

Анархи үзэлтнүүд анх 1880 оноос хар тугийг билэгдлээ болгожээ. Тэд мөн нууц нэр авахдаа хүртэл хар гэдэг үгийг оруулдаг уламжлалтай. Зарим улс оронд хар туг нь эрх баригчдын эсрэг тэмцэж буй сөрөг хүчний билэгдэл болжээ. Ер нь хар тугийг эсэргүүцлийн бэлгэ тэмдэг гэх нь бий.

Ливийн ногоон туг

Дэлхийн улс орнуудаас дан ганцхан өнгөөс бүрдсэн төрийн далбаатай улс нэг л байдаг нь Ливи. Ямар ч зураггүй, бичиг энэ тэр гээд элдэв юм юу ч байхгүй нов ногоон энэ өнгө нь Ливийн төрийн шашин болох исламыг билэгддэг аж. Тэрчлэн Муаммар Каддафийн Ногоон хувьсгалын бэлгэ тэмдэг гэнэ.

Непалын тэгш өнцөгт бус далбаа

Непалын төрийн далбаа бусад улс орныхоос ялгаатай. Энэ бол дэлхийн цорын ганц тэгш өнцөгт бус далбаа /Гэхдээ АНУ-ын Огайо мужийн туг мөн тэгш өнцөгт биш/. Непалын далбаа үнэндээ хоёр тугаас бүрддэг бөгөөд тус улсын Ран хаадын угсааны хоёр удмыг төлөөлсөн аж. Непал улс нь нар ба сар шиг урт удаан оршин тогтноно гэсэн агуулгатай. Улаан өнгө нь энэ улсын рододендрон хэмээх ургамлын өнгө бол цэнхэр хүрээ нь эх дэлхийгээ билэгджээ. 1962 он хүртэл нар ба саран дээр хүний нүүр царайг дүрсэлсэн байсан ч орчин үеийн хэлбэртэй болгох гэж аваад хаячихсан аж.

Бразилийн одтой туг

Бразилийн төрийн далбаа нь ногоон дэвсгэр дээр шар ромбо дүрсэлсэн. Тэрхүү ромбоны доторх 27 цагаан одтой хар хөх тойргийг бүсэлсэн туузан дээр “Дэг журам ба хөгжил дэвшил” гэсэн Бразилийн үндэсний уриаг бичжээ. Бразилийн уламжлалт гэгддэг ногоон ба шар өнгийг тайлбарлая. Ногоон нь Амазонийн ойг, шар нь алтны нөөцийг билэгджээ. XVI-XIX зууны үед Бразилийн алтны уурхайнууд дэлхийд хамгийн томд тооцогдож байсан юм. Төрийн далбаан дээрх оддын байрлал их учиртай. Бразилийн тусгаар тогтнолыг зарлах үед буюу 1889 оны 11-р сарын 15-ны өглөөний 9 цаг 22 минут 43 секундэд Рио-де-Жанейро хотын тэнгэрт одод яг ийм харагдаж байсан. 27 од нь Бразилийн 26 муж болон Холбооны тойргийг төлөөлж байгаа аж.

Швейцарийн тэг дөрвөлжин далбаа

Дэлхийн бусад орны төрийн далбаанаас ялгаатай нь Швейцарийн туг тэг дөрвөлжин. Энэхүү квадрат хэлбэртэй далбаа нь кантон Швицийн сүлдээс үүдэлтэй аж. 1291 онд Швиц, Ури, Унтервальден нарын гурван кантон нийлж, Швейцарийн холбоог байгуулжээ.

Папуа Шинэ Гвиней

Таван од нь Өмнөдийн Загалмай хэмээх оддын ордыг билэгджээ. Хар ба улаан өнгө нь папуасуудын урлагийн уламжлалт өнгө, харин нисч байгаа диваажингийн шувуу зөвхөн Шинэ Гвинейд байдаг.

Бутан

Бутанчууд өөрийн эх орноо Лууны нутаг гэж нэрлэдэг. Иймээс төрийн далбаан дээрээ лууг зарлажээ. Луу савартаа эд баялгийн бэлгэ тэмдэг болох үнэт эрдэнэсийн чулууг атгасан байна. Шар өнгө нь эзэн хааны засаглалыг, улбар улаан нь буддын шашныг билэгджээ.

Кирибати

Номхон далайд байрладаг арлууд дээр орших Кирибат улсын төрийн далбааны улаан өнгө нь тэнгэрийг, хөндлөн гурван долгион нь Гилберт, Феникс, Лайн хэмээх арлуудыг билэгджээ. Харин хөх нь Номхон далай юм байна. Кирибати улс эквадорын хоёр талд байрладаг учраас ургаж буй нарыг дүрсэлсэн гэнэ. Нарны 17 цацрагаар Гилбертийн 16 арал болон Банабын арлыг төлөөлүүлжээ. Фрегат нь эрх мэдэл, эрх чөлөө, Кирибатийн соёл бүжгийн билэгдэл аж.

Даннеброг

Данийн иргэд улсынхаа далбааг Даннеброг гэж нэрлэдэг. Иймэрхүү далбаа анх Хятад, Энэтхэгт үүсээд дэлхий даяар таржээ. Данийн далбаа нь хамгийн эртний далбааны нэг. 1219 оны 6-р сарын 15-нд Данийн далбаа ийм хэлбэрээ олсон байна.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.