Кейт Миддлтон Жорж Вашингтоны холын хамаатан
2011.04.10

Кейт Миддлтон Жорж Вашингтоны холын хамаатан

Америкийн угийн бичиг судлаачдын судалгаа дэлхийн олон нийтийг дахин гайхшруулжээ. Тус улсын Массачусетс муж улсын Бостон хотод оршдог Шинэ Английн Түүхэн угийн бичгийн нийгэмлэгийн мэргэжилтнүүдийн судалгаанаас үзвэл, Британийн хунтайж Уильямын сүйт бүсгүй Кейт Миддлтон АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон болон Нэгдсэн улсын төрийн дууллыг зохиогч Фрэнсис Скотт Ки нарын холын хамаатан гэнэ.


Хунтайжийн ирээдүйн эхнэр Кейт нь Нэгдсэн улсыг үүсгэн байгуулагч Жорж Вашингтоны найм дахь үеийн ач охины зээ ажээ. Түүнээс гадна мэргэжилтнүүд түүнийг Америкийн төрийн дууллыг зохиогчийн холын хамаатан гэж үзэж байгаа гэнэ. Мөн Кейтийн бас нэгэн алдартай хамаатнууд бол судлаач Мэриуэзер Льюис /1774-1809/, хурандаа Жорж Паттон /1885-1945/ нар юм.
Шинэ Английн Түүхэн угийн бичгийн нийгэмлэгийн захирал Том Чампогийн хэлснээр, «Миддлтон Америкийн алдартай хүмүүстэй төрөл садан болж байгаа нь 17 дугаар зууны дундуур Атлантын далайгаар Виржинид ирсэн англи гэр бүлийнхтэй холбоотой» ажээ. АНУ-д ч Кейттэй цусан төрөл болох хэдэн мянган хүмүүс байгаа биз ээ гэж тэрбээр ярьсан байна.


Кейтийн төрөл садангийн олонх нь ажилчин гаралтай бөгөөд тэдний дунд уурхайчин, махны худалдагч, шуудан зөөгч, талхчин, угаагчид байжээ.


Дашрамд дурдахад энэ сарын 29-нд болох тэдний хуримын ёслолыг 2 тэрбум орчим хүн телевизээр үзнэ гэж Их Британийн Соёлын яамны сайд Жереми Хант мэдэгдсэн байна. Хуримын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ.


Өмнө нь явуулж байсан судалгаанаас үзвэл, 1981 онд болсон Уильямын эцэг хунтайж Чарльз болон Диана Спенсер нарын хуримын ёслолын ажиллагааг 800 сая хүн зурагтаар үзсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.