Гуравдугаар Рейхийн өмнөд туйл дахь нууцаас
Гессагийн нууц нислэгийн тухай маргаан өнөөг хүртэл дуусаагүйгээс гадна нацистууд атомын бөмбөгтэй байсан уу?, тэд Гэгээн Граалийг хайж байсан гэх цуурхал хэр үнэний хувьтай бол? Гитлер Шамбалын орныг олж чадах байсан болов уу? гэх зэрэг таамаглалууд өнөөг хүртэл хариугаа хүлээж байна. Тэдгээрээс хамгийн дуулиантай нууцуудын нэг бол Антарктидад байрладаг “Шинэ Шваби” нэртэй Вермахтын нууц баазуудын тухай дам яриа юм.
Шинэ Шваби бааз буюу Нойшвабенланд (Neuschwabenland) нь Антарктид тивд 600 мянган хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршдог гэнэ. Баруун талаараа Норвегийн Котс хэмээх нутагтай залгадаг бол өмнөд хэсэг нь мөн л Норвегийн газар нутагт харьяалагдах ба тус улсын Хатан хаан Модын нэрээр нэрлэгдсэн газартай хиллэдэг байна. Антарктид тивийг судлах Германы судлах баг 1939 оны нэг, хоёрдугаар сард Шинэ Швабийн газар нутгийг судалжээ. Уг газар нутгийн ихэнх нь мөсөөр хучигдсан байдаг.
1938 оны намар Герман Герингийн тушаалаар ахмад Альфред Ритшер ахлагчтай Антарктидыг судлах баг дөрвөн жилийн хөтөлбөрийн дагуу ажлаа эхэлсэн байна. Судлаачид Антарктидын газар нутгийн өнөөг хүртэл судлагдаагүй байгаа хэсгийг судлахаас гадна эрдэм шинжилгээ болон эдийн засгийн судалгаа явуулах даалгавартай байв. Судалгааны багийн бас нэгэн зорилго нь тус газар нутгийг эзэмших боломжийг судлахад оршиж байжээ.
Германчуудад Америкийн туйл судлаач Ричард Берд зөвлөгөө өгдөг байв. Тэрбээр өмнө нь Антарктид тивд хэд хэдэн удаа судалгаа хийсэн билээ.
Судалгааг хэвийн явуулах нөхцлийг хангахын тулд Германы агаарын тээврийн «Люфтганз» компанийн өмнө нь Хойд туйлд шуудан зөөхөд ашиглаж байсан «Шваби» онгоцыг ачаа тээврийн хөлөг онгоц болгон өөрчилсөн байна. Уг хөлгийн тавцан дээр «Дорнье” гэдэг хоёр жижиг онгоц байрладаг байсан бөгөөд эдгээр онгоцоор Антарктидын дээгүүр тагнуулын нислэг хийдэг байжээ. Бараг арван тонн жинтэй онгоцууд автоматаар шидэгч төхөөрөмжийн тусламжтайгаар хөлөг онгоцны тавцангаас шууд хөөрдөг байв.
Шинэ Швабийн газар нутгийг судлахын тулд энэ хоёр нисэх онгоцыг ашигласны учир нь ийм загварын онгоцууд нь нэг удаагийн цэнэглэлтээр агаарт есөн цаг хүртэлх хугацаагаар байх чадвартай ажээ. Харин ямар ч түр бааз газарт байхгүй байсан нь ажиглалт явуулах газар нутгийн хэмжээг багасгахаас аргагүйд хүргэсэн байна. Нийтдээ 15 нислэгийг 16 мянган бээр агаарын зайд үйлдэж, 350 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг зургийг хальсанд буулгажээ. Мөн 11 мянга гаруй тусгай тэмдэглэгээг уг газар нутгийн газрын зурган дээр хийсэн байна. Нэгэн удаа нислэг үйлдэхдээ хас тэмдэг бүхий дарцагуудыг хаясан нь тухайн газар нутаг Германы Рейхийн эзэмшлийнх болохыг сануулсан хэрэг ажээ.
Антарктидын судалгааны багийн цаг уурчид тандалтын радио бөмбөлгийн тусламжтайгаар 28 км-ын өндөр дэх агаар мандлыг судалснаас гадна далайн уснаас шинжилгээ авчээ. Харин Дэлхийн хоёрдугаар дайны үед Шинэ Швабийн нутаг дэвсгэрт албан ёсны эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулаагүй байна. Дайны дараа Нойшвабенландыг норвегичууд эзэмшилдээ авчээ. 1952 онд ХБНГУ-ын засгийн газар газарзүйн нэрийн тухай хуулийн дагуу уг газар нутгийг эзэмших эрхийг өөртөө авсан байна. Одоо Нойшвабенландын нутаг дэвсгэрт Антарктидыг судлах «Георг фон Ноймайер» гэдэг станц үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Антарктидад Германы цэргийн бааз байрлаж байгаа тухай мэдээллийг дэлхий нийтэд чухам хэн анх тараасан нь тодорхойгүй юм. Тэдгээр хүмүүсийн нэг бол Аргентины сэтгүүлч Ладислав Сабо гэгч юм. Тэрбээр 1947 онд “Гитлер одоо хүртэл амьд байгаа” гэдэг нэртэй номоо хэвлүүлсэн бөгөөд уг номонд Гитлер эхнэр Ева Брауны хамт Антарктидад “Бяцхан Берхтесгаден” гэдэг баазад амьдарч байгаа тухай бичжээ. Ладислав 1945 онд Аргентины боомтод Германы хоёр шумбагч онгоц олзлогдсон тухай баримтыг нотолгоо болгон дурдсан байна.
1945 оны дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 2-ны хооронд фюрер эхнэрийн хамт Норвегийн эргээс усан онгоцоор хөдөлсөн гэж судалгааны багийнхан сонссон ажээ. Яг энэ үед Гитлерийг амиа хорлосон гэдэг ярианд олон хүн итгэхгүй байлаа. Түүнээс гадна, 1939 оноос хойш Өмнөд туйл руу хэд хэдэн удаа явж байсан гэх Антарктидын судалгааны багийн гишүүн байсан хоёр хүний тухай цуурхал тархсан байна. Яг энэ үед Антарктидад Гитлерт зориулан маш бат бөх цайз байгуулсан гэж адмирал Дениц ярьсан тухай дам яриа газар авчээ.
Энэхүү хэн ч үнэмшимгүй яриаг 1947 онд америкчууд жинхэнэ утгаар нь дэвэргэсэн байна. Алдартай туйл судлаач Ричард Ивлин Берд Антарктидад явуулсан нууц судалгааг удирдаж байжээ. Түүний экспедицийн явуулсан «Өндрийн харайлт» гэдэг нэртэй ажиллагаанд нийтдээ 4000 орчим хүн, нисэх онгоц тээгч хөлөг онгоц, хэд хэдэн эскадрын мина зөөгч, шумбагч онгоц, 25 нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцсон байна. Судалгааны баг Шинэ Швабаас холгүй орших “Хатан хааны Мод”-ын эрэг хавьд байрласан бөгөөд эхний үед бүх зүйл хэвийн явагдаж байсан ч судалгааны ажил санамсаргүй байдлаар зогсчээ. Судалгаанд оролцсон хүмүүс амь үрэгдсэн тухай яригдаж эхэллээ. Хохирлын хэмжээний талаар янз бүрээр мэдээлж байжээ. Берд 1947 оны аравдугаар сард «National Geographic» сэтгүүлд нийтлүүлсэн илтгэлдээ зөвхөн нэг л удаа агаарт осол болсон тухай дурдсан ч тухайн үедээ нэлээд том аваар болсон байв. Берд яагаад ч юм баримтуудыг нуухыг оролдож байлаа. Судалгааны ажлын дүнгийн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал хийгээгүй боловч Берд ирээдүйд хойд туйлаас өмнөд туйл руу нисэх нисгэгчид болгоомжтой байхыг сануулж, мөн Антарктид дэлхий нийтэд ямар нэгэн аюул учруулж байна гэж илтгэлдээ тэмдэглэсэн байсан гэх яриа гарчээ.
Мөн тэрбээр илтгэлдээ Европ, Ази, Африк тивийг Америк тивтэй холбох хамгийн дөт зам нь Хойд туйл болохыг тэмдэглэсний зэрэгцээ цэргийн мөргөлдөөний талаар дурдсан байна. Энэ нь юуны өмнө хүчирхэг ЗХУ-тай мөргөлдөөн гарах тухай дурдсан болов уу гэж түүхчид таамаглажээ. Гэсэн хэдий ч үлгэр бодит болон хувирсан юм. 1950-аад оны эхээр Нойшвабенландтай холбоотой бүх дам яриа, мөн Вильгельм Ландигийн бодит баримтан дээр үндэслэн бичсэн «Туле» гэдэг роман эдгээр бүх түүхийг улам хэтрүүлэн дэвэргэжээ.
1909 оны арванхоёрдугаар сарын 20-нд төрсөн Вильгельм Ландиг Вена хот дахь СС-ийн нэгэн нууц ангид нисдэг таваг бүтээх төсөл дээр ажиллаж байжээ.
Түүний номонд бичснээр, дайны эцсээр өөрөө цэнэглэгддэг цахилгаан хөдөлгүүр болон түүнд ус нэвтрэхээс хамгаалах шнорхел төхөөрөмжөөр тоноглогдсон, усны гадаргуу дээр ил гарахгүйгээр маш нууц байдлаар хол зайг туулах чадвартай шумбагч онгоцны цуваа нисдэг таваг болон СС-ийн багийнхны хамт Шинэ Швабийн 211 дүгээр баазад буусан байх магадлалтай.
Тэдгээр цуваа нь замдаа дайралдсан Америкийн шумбагч онгоцуудыг устгасан байна. Ландиг 1977 онд нас барахынхаа өмнө ярилцлага өгөхдөө, Шинэ Швабид тийм бааз үнэхээр байсныг нотолжээ. Гэхдээ уг баазыг 1939 оноос хойш байгуулсан бөгөөд 1950-аад оны үед хаагдаж, Өмнөд Америкт шилжин байрласан гэж тэрбээр нотлон ярьсан байна. 1943 оноос эхлэн маш нууц зэвсгийг боловсруулахад ажилд оролцож байсан Ландигийн энэ мэдээлэл үнэн эсэхийг хэлэхэд хэцүү юм.
Тэр үеийн шумбагч завиар туйлын зузаан мөсийг зүснэ гэдэг нь санаанд оромгүй боловч онолын хувьд шумбагч онгоц нь Антарктид тивийн мөстдөггүй нууранд хүрсэн байх магадлалтай. Дайн дууссаны дараа Германы Киль болон Норвегийн Кристиансан боомтоос хэдэн арван шумбагч онгоц хөдөлсөн гэдэг баримт байдаг. Эдгээр онгоцуудын дотроос хамгийн орчин үеийн зэвсгээр тоноглогдсон U-234 гэдэг шумбагч онгоцны талаар онцлон ярьдаг. Уг онгоц нь Японы хоёр офицерыг суулган Японы эргийг чиглэн хөдөлсөн бөгөөд тавдугаар сарын 9-нд Германыг бууж өгсний дараа Портсмут боомт руу хөдөлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, уг шумбагч онгоцон дотроос Америкийн анхны цөмийн зэвсэг бүтээхэд ашигласан ураны нэгдэл олдсон байна. Дээрх онгоцноос гадна бас U-530 болон U-977 гэдэг шумбагч онгоцууд байжээ. Эдгээр онгоцууд долоо, наймдугаар сард Аргентины боомтод ирсэн бөгөөд тэдгээрийн талаар янз бүрийн дам яриа байдаг. Жишээлбэл, тэдгээр онгоцууд Шинэ Швабиас ирсэн бөгөөд дотор нь Гуравдугаар Рейхийн дээд удирдлагууд, тэр ч бүү хэл Гитлер өөрөө ч байсан байж магадгүй юм.
Дайн дууссанаас хойш олон жилийн дараа ч гэсэн ачаа тээврийн усан онгоцууд Германы шумбагч онгоцуудтай далайд тааралдаж байсан тухай яриа байдаг. Гэхдээ тэдгээр онгоцууд нь Нойшвабенландын нууцлаг эрэг рүү бус харин Өмнөд Америкийн эрэг тийш хөвж байжээ. 1946 онд Аргентины аюулгүй байдлын албаны ажилтан байсан Хуан Перон тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Латин Америкийн энэ улсад Германы цагаачдын тоо эрс нэмэгдсэн ажээ.