Ерөнхийлөгч, Эзэн хаан, дарангуйлагч Бокасса
2010.12.10

Ерөнхийлөгч, Эзэн хаан, дарангуйлагч Бокасса

Жан Бедель Бокасса (1921-1996)


Төв Африкийн БНУ-ын 1966 оны нэг сарын 1-нээс 1976 оны 12 сарын 4 хүртэлх Ерөнхийлөгч, дараа нь 1976 оны 12 сарын 4-нөөс I Бокасса эзэн хаан, 1974 оноос маршал цолтон. XX зууны хамгийн, хачин жигтэй дарангуйлагч юм.


Мбака аймгийн (энэ аймгийн олон хүн колоничлолын үеийн Төв Африкийн томоохон зүтгэлтнуүд болсон гэдэг) нэгэн тосгоны ахлагчийн хүү аж. Түүний Жан Бедель гэсэн нэр нь католик шашны ариун гэгээнтэн болох Жан Батеё Де Ласалийн хуанли дээрх нэрийг хазгай буруу уншсаны үр дагавар гэнээ. Харин мбака хэлээр “бяцхан ой” гэсэн утгатай Бокасса нэрээ хожим нь овгоо болгосон бөгөөд харин Төв Африкийн эзэнт улсаа байгуулмагцаа дахиад л нэрээ болгосон гэдэг.

Зургаатайдаа бүтэн өнчирсөн (Францчууд аавыг нь будан хоосон бол ээж нь амиа хорложээ) Түүнийг хамаатнууд нь өсгөсөн бөгөөд санваартан болгохоор зорьж байжээ. Гэвч 1939 оны 5 дугаар сард тэрбээр францын армийн колонийн нутаг дэвсгэр дэх цэргийн албанд элссэн байна. Улмаар 1941 оны 11 дүгээр сард “Тэмцэж буй Франц"-ын армийн ахлах түрүүч цол хүртэн, Браззавиль хотыг эзлэх тулаанд оролцсон гэдэг. Энэ үедээ ердөө л 20 настай байжээ. 1944 онд Францын өмнөд нутагт буусан гитлерийн эсрэг холбоотнуудын цэргийн десантад оролцож, дараа нь Рейн мөрний тулаанд оролцож байж. 1949 онд Сенегал дахь офцеруудын сургуулийг дүүргэн, 1950 оны 9 дүгээр сараас 1953 оны 3 cap хүртэл Энэтхэг-Хятадын дайнд оролцжээ.


Байлдааны эрэмгий зоригийнхоо төлөө "Хүндэт легионы одон” болон Лотарингийн загалмайгаар шагнуулж байв. Браззавильд цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байгаад 1961 онд 40-тэйдээ францын армийн оржээ. 1962 оны 1 сард францын армиас халагдаад Төв Африкийн зэвсэгт хүчинд хошууч цолтойгоор зүтгэх болж. Харин Төв Африкийн БНУ-ын Ерөнхийлөгч бөгөөд түүний нагац ах Давид Дако дараа жил нь түүнийг зэвсэгт хүчний штабын даргаар томилон 1964 онд хурандаа цол олгожээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ


1965 оны 12 сарын 31-нээс 1966 оны 1 сарын 1-нд тэрбээр төрийн эргэлт үйлдэж (шинэ жилийн төрийн эргэлт" буюу "гэгээн Сильвестрийн өдрийн эргэлт" гэдэг) нагац ах Дакогоо түлхэн унагаж шоронд хорив. Уг нь хуйвалдааныг харгис цагдаагийн газрын дарга анх дэглэсэн боловч түүнийг Бокасса "номонд нь оруулж" орхиод харин өөрөө үр ашгийг нь хүртсэн гэдэг. Ийнхүү Жанжин штабын дарга маань өөрийгөө улс орныхоо Ерөнхийлөгч болон "Хар Африкийн нийгмийн хувьслын төлөөх хөдөлгөөн" (МЕСАН) хэмээх цор ганц улс төрийн намын даргаар тунхаглан зарласан байдаг. Гэтэл энэ нам нь улс орныхоо насанд бүх хүнийг өөрийнхөө эгнээнд заавал гишүүнчилдэг байна.

Шинээр өргөмжлөгдсөн Ерөнхийлөгч гурав хоногийн дараа нэгдүгээр сарын 4-нд Төв Африкийн БНУ-ын үндсэн хуулийг халснаар дарангуйллын дэглэмээ тогтоох нь тэр. Улмаар 1972 оны гуравдугаар сарын өөрийгөө насан туршийн Ерөнхийлөгчөөр тунхаглав.

Гэхдээ 1969 болон 1974 онд төрийн эргэлтийн замаар Бокассаг огцруулах гэж хоёронтоо оролдсон хэдий ч амжилт олсонгүй, түүнчлэн 1976 онд амь насанд нь халдсан оролдлого мөн бүтэлгүйтсэн аж. Эдгээр бүтэлгүйдэл нь харин ч өөрийнхөө харгис дэглэмээ улам чангаруулахад нь Бокассад шалтаг болж байжээ.

Тэрбээр панафрикийн хөдөлгөөнд оролцож, 1968 онд Төв Африкийн улсуудын холбоог сэдэж, гадаад бодлогын хувьд ЗХУ, Өрнөд болон “эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн” –ий дунд гуйван дайвж явжээ. 1970 оны 6 дугаар сард ЗХУ-д айлчилснаас гадна Муамар Каддафитай уулзсаныхаа дараа лалын шашинд орохоор буцалтгүй шийдэж, өөрийнхөө Жан-Бедель хэмээх христос нэрээ богинохон хугацаагаар Салах-Эд-дин –Ахмед Бокасса хэмээн өөрчилж ч үзсэн гэж байгаа.

ЭЗЭН ХААН

1976 оны 9 дүгээр сард Бокасса Засгийн газраа татан буулгаж Муамар Каддафийн Ливийн хувьсгалт командлалын зөвлөлийн жишгээр Төв Африкийн хувьсгалын зөвлөл гэгчийг байгуулан, түүндээ шоронгоос суллагдсан Дако нагацаа ч оруулж үзжээ. МЕСАн намын их хурлын үеэр 1976 оны 12 сарын 4-нд БНУ-аа Төв Африкийн эзэнт улс хэмээн нэрийджээ.
Эзэнт улсынхаа Үндсэн хуулийг батлан гаргаж, эргээд католик шашнаа хүлээн авчээ. Түүний бүрэн гуншин нь "Үндэсний улс төрийн МЕСАН намд нэгдсэн төв Африкийн ард түмний хүсэл эрмэлзэл болсон Төв Африкийн эзэн хаан" гэгдэж байж. Энэ явдлаас хоёр жилийн өмнө Эфиопийн эзэн хаан Хайле Селассие түлхэн унагаагдсан байсан тул тэрбээр Японд хаанчилж байсан эзэн хаан Хирохитогоос гаднах манай дэлхийн цорын ганц эзэн хаан болж ч үзэв.

Тэрбээр дэндүү баян тансаг ёслолын эцэст яг нэг жилийн дараа өөрийгөө I Бокасса эзэн хаан хэмээн өргөмжилсөн бөгөөд энэхүү ёслолдоо 20 илүү сая доллар зарцуулсан гэдэг. Хаанд өргөмжлөр ёслолд өмссөн түүний гутал нь дэлхийн хамгийн үнэтэй гутал хэмээгдэн "Гиннесийн амжилтын ном"-д бүртгэгдсэн түүхтэй. Шинэ эзэн хаан өөрийнхөө үлгэр дууриал хэмээн үздэг францын I Нашшеон хааны өргөмжлөх ёслолоос олон зүйлийг нь даган дууриасан гэж байгаа.

Уг өргөмжлөх ёслолд нь Африкийн болон дэлхийн бүх улс гүрнүүдийн удирдагчид, түүний дотор ромын пап ламтан VII Пийг хүртэл урьсан гэдэг. Учир нь Наполеон эзэн хаанаар өргөмжлөгдөхдөө ромын пап ламын гараас эзэн хааныхаа титмийг шууд булаан аваад тэргүүн дээрээ тавьсан тэр түүхийг давтахыг хүссэн хэрэг биз. Гэвч хэдий ихээхэн мөнгө шагнал амласан хэдий ч пап лам ч, бусад улсын тэргүүнүүд ч Бангид болсон өргөмжлөх ёслолд хүрэлцэн очоогүй гэдэг. Тухайлбал, Франц Улс л гэхэд Хамтын ажиллагааны сайд болон Тэнгисийн цэргийн хүчнийхээ оркестр болон ёслолын ажиллагааг хамгаалах баталионыг л илгээсэн гэдэг.

Учир нь олон хүн түүнийг сэтгэцийн хувьд хэвийн бус гэж үзэж, Уганда улсын хэт давилуун дарангуйлагч Иди Аминтай адилтган үздэг байснаас тэр аж .Эзэн хаанд өргөмжлөх ёслол болон хааны ордны үлгэрийн мэт тансаг байдал нь ард түмнийх нь ядуу хоосон амьдралтай даан ч нийцэхгүй байв гэнэ. Тухайлбал 1977 онд гэхэд 43,4 мянган оршин суугчдад нь ганцхан эмч, бүхий л эзэнт улсад цор ганцхан шүдний эмч ноогдож байлаа. Хэдийгээр энэхүү эзэнт улс үндсэн хуульт гэгдэж байсан авч өөрөөр сэтгэгчдийг баривчлах, тэднийг эзэн хаантан өөрөө эрүүдэн шүүх явдал нь энгийн хэрэг байж.

Цуст дэглэмийг Жескар д Эстений тэргүүлсэн Францын Засгийн газар дэмжиж байсан нь Бокасса түүнд францын цөмийн зэвсэгт шаардлагатай уран зэрэг ашигт малтмалаа олборлуулах ашигтай нөхцөл боломжийг олгож байсантай холбоотой ажээ. Тиймээс ч Жескар д Эстен 1975 онд Бокассаг өөрийн "анд нөхөр", "гэр бүлийн гишүүн" хэмээн нэрийдэж, Төв Африк руу хэдэнтээ ангуучлахаар морилж байжээ.

ТҮЛХЭН УНАГААСАН НЬ


Засгийн газраас сургуулийн насныханд тулгасан сурагчдын үнэтэй форм хувцсыг эсэргүүцсэн сурагчдыг жагсаалыг 1979 онд нухчин дарах үеэр 100 илүү хүүхэд амь үрэгдсэн, сөрөг хүчний олон тооны эсэргүүдлийг хэрцгийгээр дарсан зэрэг нь олон улсын хэмжээнд ихээхэн дуулиан шуугиан дэгдээж, хүний эрхийг хамгаалагчдын анхааралд өртсөнөөр Бокассагийн дэглэмийг дэмжих явдал нь Франц Улсын хувьд гутамшигтай явдал болон хувирчээ.

Мөн энэ үеэр эзэн хаантан "хүний мах иддэг" гэсэн цуурхал дэгдэх нь тэр. Тэгээд ч Бокассагийн дэглэм Муамар Каддафатай улам ойртон сүжрэх болсон нь Франц улсын хувьд тэвчишгүй алхам болох нь тэр ээ. Ингээд цуст эзэн хаантанг Ливи улсад айлчлал хийж хийж явах үеэр 1979 оны 9 сарын 20-нд Банги хотод францын десантчдын оролцоотойгоор /"Барракуда" ажиллагаа/ цусгүй төрийн эргэлт гарснаар Давид Дако дахин шинээр тогтоогдсон БНУ-ын Ерөнхийлөгч болсон байна, Францын дипломатч Жак Фоккар энэ ажиллагааг "Франц улсын сүүлчийн колоничлох ажиллагаа" хэмээн нэрийдсэн гэдэг. Удалгүй францын хошин шогийн "Канар аншене" долоо хоногийн сэтгүүлд Бокасса нь Жескар д Эстенд өгч байсан бриллиант болон бусад бэлэг харамжийг олон нийтийн хүртээл болгосон аж. Эдийн засгийн хямралын хүнд цаг үед энэ нь Жескар д Эс тенд томоохон цохилт болсноор 1981 оны сонгуульд Франсуа Миттеранд ялагдахад хүргэжээ. Түүнчлэн иймэрхүү өгөөмөр бэлгийг 1973 онд Генри Киссенжэрт ч өгч байсан нь тодорхой болсон гэдэг.

ДАРАНГУЙЛАГЧИЙН ТӨГСГӨЛ

Ливиэс харих аргагүй болсон Бокасса тэндээсээ Кот д Ивуарт очиж /Зааны ясан эрэг улсын нэр/, эцэстээ ФранцадПарисийн ойролцоох шилтгээнд амьдрах болжээ.Харин энэ үеэр эх оронд нь түүний хэргийг 1980 онд шүүн хэлэлцээд эчнээгээр цаазаар авах ял оноож орхив оо. Гэтэл 1986 онд тэрбээр амьдралынхаа бас нэг хамгийн тайлбарлашгүй алхмыг хийх нь тэр. Ард түмэн маань намайг эргүүлэн хаан ширээнд зална хэмээн найдсан Бокасса өөрөө сайн дураараа эх орондоо буцан очсон байдаг. Гэвч түүнийг шууд баривчлан авч дахин шүүхдээ "эх орноосоо урвасан, аллага үйлсэн, хүний мах идсэн, улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан" хэрэгт буруутгасан байна. Харин ч Бокасса оөрийгеө идэвХтэй хамгаалж, тухайлбал идэхийн тулд бус харин бэлгэдлийн зорилготойгоор зарим алсан хүнийхээ биеийг хергөгчинд хадгалж байсан /тухайлбал "дайсны Маань бөөр аз авчирдаг"/ гэх зэргээр шүүгчдийг үнэмшүүлж чадсан байдаг.Хэдийгээр тэрбээр "хүний мах идэж байсан гэх хэрэгт буруугүй" хэмээн тогтоогдсон боловч бусад үйлсэн хэрэг нь түүнд цаазаар авах ял онооход хангалттай хэмээн үзсэнээс шүүхээс түүнд 1987 оны -6 сарын 12-нд цаазаар авах ялыг дахин оноожээ.

Дараа жил нь түүнийг өршөөснөөр цаазлах ялыг нь бүх касаар нь хорих ялаар, дараа нь 20 жил хорих ялаар сольсон билээ.Харин 1993 онд тус улсад ардчилсан байгуулал тогтсоноор тус улсад бүх нийтийн өршөөл үзүүлснээр тэрбээр чөлөөлөгдсөн байна. гэвч тэрбээр инфарктаар 1996 оны 11 сарын 3-нд 75 настайдаа нас баржээ.Бокасса нь 18 эхнэр, өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн 77 хүүхэдтэй байжээ. Түүний нэгэн эхнэр хатан хаан Екатерина Дангиаде нь түүний хүж барьсан гэргий нь байсан бөгөөд Наполеоны гэргий Жозефина Богарнегийн маягаар хуримласан гэх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.