Хүний махан хүнстэн-дарангуйлагчийг “нэхэн” цагаатгажээ
Төв Африкийн Улсын /ТАУ/ эрх баригчид тус улсын дарангуйлагч асан, хүний махан хүнстэн Жан Бедель Бокассаг цагаатгалаа. ТАУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Бозизе Янгувонда албан ёсоор энэ тухай зарлажээ. Тэрээр хүний мах идэгчийн бүх эрхийг сэргээсэн тушаал гарган, “Үндэстний агуу хүү, их бүтээн босгогч” гэж түүнийг нэрлэсэн байна. “Бокасса улс орноо сэргээн босгосон. Харин бид түүний байгуулсан бүхнийг нураачихжээ” хэмээн Янгувондо мэдэгдсэн нь дарангуйлагчийн үед баригдсан дэд бүтэц одоо нурж, балгас болсонтой холбоотой бололтой. Энэ ч аргагүй, яагаад гэвэл Янгунвондо чухам Бокассагийн ачаар л ахмад байснаа гэнэт генерал болон дэвшсэн юм чинь.
Бокассагийн нэрийг сонсоод одоо ч энэ улсын хүмүүс чичрэн дагждаг. Тэрээр 1966 оноос 1979 оны 9-р сарын 20 хүртэл хугацаанд тус улсыг захирч байсан бөгөөд хүний мах идэх хоббигоороо дэлхий даяар алдаршсан юм. Жишээлбэл тэр улсынхаа цорын ганц математикчийг, дараа нь бас шүдний эмчийг идчихсэн аж.
ТАУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга асан Бокасса үнэнч цэргүүдийнхээ тусламжтайгаар засгийн эрхийг булаан авмагцаа “Хөрөнгөтний нийгмийг халлаа. Бүгд тэгш эрхтэй шинэ эрин эхэллээ” хэмээн тунхаглажээ. Тэрээр парламентыг “ард түмнийг төлөөлдөггүй, амьдрах чадваргүй” хэмээн нэрлэж, хөөн тараав. Бокассагийн төрийн эргэлт хийсэн, мөн үндсээр нь өөрчлөлт шинэчлэл хийсэн нэг шалтгаан нь “авилга, коммунист аюул” байсан гэнэ. Гэхдээ энэ нь түүнийг ЗХУ-тай “сээтгэнэхэд” саад болоогүй юм. Тэр бүү хэл Бокасса 1973 онд "Артек" хүүхдийн лагерьт айлчилж, Зөвлөлтийн пионер болсон юм. Хүний махан хүнстэн пионер шүү. Бокассаа өсвөрийн ленинчүүдийн талаар “Зөвлөлтийн хүүхдүүд их, бүр маш их таалагдсан” гэж ярьж байжээ.
Гэхдээ түүний авч явуулж байсан зарим арга хэмжээ тийм ч муу байгаагүй юм. Тухайлбал Бокасса сүйт бүсгүйдээ инж өгдөг заншлыг, мөн эмэгтэйчүүдийн хэлүүг огтолдог зэрлэг уламлалыг халсан билээ. Түүнээс гадна түүнийг засгийн эрхэнд байхад хөдөлмөрийн чадвартай, 18-55 насны бүх иргэн ажил хөдөлмөр эрхэлж, амьдрах мөнгөө үнэнч замаар олж чадна гэдгээ батлах ёстой байлаа. Эсрэг тохиолдолд шоронд хорьж байжээ. Гуйлга гуйвал бас ингэж шийтгэдэг. Тэрчлэн ажлын цагаар тухайн үед энэ улсад өргөн түгсэн “Том том” хэмээх тоглоомыг тогловол мөн хорьж байлаа.
Өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Бозизе Янгувонда
Бокасса засгийг гартаа авмагцаа л чангалж өгөв. Улстөрийн бүх намыг, мэдээж өөрийн “МЕСАН” намаас бусдыг хоригложээ. Дашрамд дурдахад “Mouvement pour l'йvolution sociale de l’Afrique Noire” буюу “МЕСАН” хэмээх энэ намд тус улсын насанд хүрсэн бүх хүн элсэх ёстой байсан юм.
Дарангуйлагч олон нийтийн ёс суртахууныг өөд татахыг оролдож, “ёс суртахууны бригад” гэгчийг санаачилжээ. Энэ бригад баар, цэнгээний газар болон бүжгийн танхимд тогтмол эргүүл хийдэг байлаа. Бокасса нэг явдлыг ихэд бахархан ярьдаг байлаа. Өмнө нь засгийн эрх барьж байсан Дако /Бокассагийн хамаатан/ нэг удаа “Төв Африкийн Бонапарт”-ыг/мань эрийг/ улс орноосоо нэгмөсөн хөөж явуулах гэж байхад Францын Ерөнхийлөгч Шарль де Голль хөндлөнгөөс биечлэн оролцож, "Бокасса яаралтай эргэн ирэх ёстой. Би зэр зэвсгийн холбоотондоо ийм харгис хандахыг тэвчихгүй” гэж Дакод хэлсэн гэнэ.
Хар арьст дарангуйлагч этгээд, гаж алхам их хийдэг байсан ч өмнө нь энэ улсыг колоничилж байсан Франц орны эзэд түүнд сэтгэл хангалуун байлаа. 1975 онд Францын Ерөнхийлөгч Валери Жискар д'Эстен “Би Бокассагийн найз, гэр бүлийн гишүүн нь” гэж хэлсэн байдаг. Аргагүй ээ, Эстен түүний эзэмшил газарт байнга ан ав хийдэг байсан юм чинь. Тэрээр Африкийг алдаршуулсан цуст алмаазыг хүний махан хүнстэн-дарангуйлагчаас бэлгэнд авч байсан тухай баримтууд хожим нь ил гарч ирсэн юм.
Парис ийнхүү Бокасссад санхүү, цэргийн тусламж үзүүлж байсан бол ТАУ хариуд нь Францын цөмийн эрчим хүчний салбарт амин чухал хэрэгтэй, мөн стратегийн хүчийг нэмэгдүүлэгч ураныг тэдэнд нийлүүлж байв. Францчууд Бокассагийн элдэв авир, үйлдлийг нүд анин өнгөрөөж байлаа. Бокасса 1972 оны 3-р сард насан туршийн Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарлан тунхаглав. Харин 1976 оны 12-р сард Бокасса улс орноо эзэн хаант засаглалтай болгож, ТАУ-ыг эзэнт гүрэн хэмээн мэдэгдлээ. Жилийн дараа тэр албан ёсоор император болжээ. Ажиглагчид тэрхүү ёслолыг I Наполеоны хаан ширээнд залах ёслолтой адил байсныг тэмдэглэж байлаа. Бокасса өөрөө Ней маршалынхтай усны дусал шиг адил мундир өмссөн байсан гэдэг.
Бокассаг өргөмжлөн залах үед буюу 1977 онд уг нь “хаант засгийн дайсан” гэж өөрийгөө үздэг, хувьсгалт Парис түүн рүү “ёслолын ажиллагаа”-нд зориулан, цэргийн батальон илгээж, бас шинэ императорт 17 онгоцоо “зээлжээ”. Тэрчлэн флотын алдарт оркестроо ч томилон явуулсан аж. Хаан Бокасса тэр бүү хэл бүгднайрамдахчуудын гараас алмаазан титэм, том гэгчийн цул алтан “хаан суудал” бэлгэнд авчээ. Хаанд өргөмжлөх энэхүү ёслол хөөрхий орны 10 сая фунт стерлингийг зарлагадаж, ТАУ-ын жилийн төсвөөс ч даваад талийжээ.
Бокасса ийнхүү хаант улс байгуулснаар өөрийн орныг тус тивийн бусад улсаас эерэг, сайн талаараа ялгарна, тэрчлэн манай гараг даяар нэр хүнд олно гэж үзсэн байна. Яагаад гэвэл тэр ардчилсан засаглалтай байна гэж амласан аж. Гэвч үнэндээ энэ бүхний дараа энэ улсад тамлан зовоох, харгис хэрцгийгээр цаазаар авах явдал улам нэмэгдсэн байна. Бокасса өөрөө иймэрхүү ажиллагаанд байнга оролцдог байсан юм.
Хааны ордны зардал хямд байхгүй нь ойлгомжтой. Иймээс император төрийн сан хөмрөгөө ер бусын аргаар арвижуулахаар шийджээ. Тэрээр 1979 оны 4-р сараас өөрийн хөрөг бүхий сургуулийн болон оюутны дүрэмт хувцас гаргажээ. Энэ хувцсыг асар өндөр үнээр худалдаж авах ёстой байлаа. Гэвч энэ бүхэн аллага хядлагаар төгссөн байна. Энэ үеэр багаар бодоход 130 хүн амь үрэгджээ. Хааны эсрэг тэмцсэн буруутнуудыг Бокассаа өөрөө цаазалдаг байсан. Тэрээр сумаа хайрлан, яллагдагсдыг зам дээр эгнүүлэн тавихыг тушааж, өөрөө ачааны машинаар дайрч алж байжээ. Заримд нь хаан анхаарлаа хайрлан, өөрийн гараар саваагаар хатгаж алдаг байв.
Бокассаг шунал нь л “алчихсан”. Яагаад гэвэл Бокасса францчуудаар тэжээлгэж байж, уучилж болшгүй тэнэг алдаа хийн, 1979 онд Муаммар Каддафийн талд оржээ. Гэтэл Каддафи францчуудаас Чад улсыг салгаж авахыг хүсч байв. Бокасса өмнө нь ч түүнтэй “сээтгэнэж” байсан. 1976 оны есдүгээр сард Бокасса Христийн шашныг исламаар сольж, бөөн мөнгө авчээ. Гэвч гурван сарын дараа буцаад лонокатолицизмд орсон аж. Бокассаг төрийн эрх барьж байхад аймшигт нэгэн явдал болсон нь түүнийг ширээнээсээ буухад нөлөөлсөн юм. Түүний хамгаалалтын албаныхан нийслэл хотод дэгдсэн бослогыг дарах үеэр 100 орчим хүүхдийг алжээ. Энэ явдал улс орныг донсолгож, ард иргэдийн уур хилэнг бадраасан юм.
Энэ үеэр Францын тагнуулынхан “Император-хүн идэгч үнэхээр Францын чиг хандлагаа өөрчлөх гэж байна” гэсэн мэдээлэл олж авчээ. Ингээд Францын арми "Барракуда"ажиллагааг 1979 оны 9-р сарын 20-нд явуулан, Бокассаг авч хаяв. Тэгээд түүний авга ах Давид Дакод эрх мэдлийг атгуулсан ажээ. Гэвч хачирхалтай мэт боловч энэ явдал Бокассаг Франц руу зугтааж, тэнд Францын гадаадын легионы түрүүч байсныхаа хувьд улстөрийн орогнол хүсэхэд нь саад болсонгүй. 1980 онд түүнд эчнээгээр цаазын ял оноожээ. Бокасса 1986 онд эх орондоо буцан ирэхэд түүнийг барьж хорив. Гэвч 1993 онд түүнийг чөлөөлсөн байна.
Бокасса үхэн үхтлээ гаж авирлахаа больсонгүй. Тэрээр 1996 онд өөрийгөө 13 дахь апостол хэмээн тунхаглаж, нууцаар Ромын Паптай уулзаж байлаа. Үүний дараахан Бокасса 75 настайдаа зүрхний шигдээсээр нас барав. Тэр энэ үед 17 /эсвэл 18/ эхнэртэй байсан гэдэг. Ер нь Бокасса дэлхийн бүх орны хүүхнүүдээс бүрдсэн эмсийн хүрээлэнтэй болохыг мөрөөддөг байжээ. Тэр 50 /эсвэл 77/ хүүхэдтэй байсан юм. Тэдний хувь заяа бол өөр, том сэдэв.
Маш олон хүүхдүүдээ Бокасса ялгаж таньдаггүй байсан гэдэг. Гэхдээ тэр хан хөвгүүдийг цэргийн боловсрол эзэмшихэд ихэд анхаарч, эм хүнтэй байнга бэлгийн харьцаанд орох боломж өгдөг байлаа. Иймээс Бокасса хөвгүүдээ 12 нас хүрмэгц туршлагатай татвар эм бэлэглэдэг заншилтай байжээ. Императорын хуулийн дагуу ордны бүх эмэгтэй, /энд Францын Элчин сайдын эхнэр л хамаарахгүй/ хан хөвгүүдийг секс хүсвэл татгалзах эрхгүй байсан. Энэ хуулийг бүр гадаадын сайд нарын болон генералын эхнэр ч дагаж мөрдөх ёстой байжээ.
Нэгэн хан хүү “Бид юу ч хүссэн огт татгалздаггүй байсан. Нэг удаа би хамгаалалтын офицероос гар буугаа өгөөч гэж хүссэн. Тэр миний үгээс зөрж зүрхэлсэнгүй. Яагаад гэвэл би аавд ховлож болох байлаа. Би тэр зэвсгийг бариад түүний дух руу чиглүүлэхэд дэслэгч өрөвдөлтэй инээмсэглэсэн. Харин намайг гар бууг хаяхад тэр “Бурхны аврал, Мария охин тэнгэр минь” гэж билээ” хэмээн дурсч байна.
Тэр бүү хэл Бокассагийн нэг хүү зарцаа алжээ. Түүнд хамгийн харгис шийтгэл оноосон нь 7 хоног амттан идэхгүй гэнэ. Жак хэмээх өөр нэг хан хүү ядууст алтан зоос шидэж, хооронд нь зодолдуулж зугаацдаг байлаа. Нэг удаа ядуу жаал өөр нэг хүүг хутгалж алсны дараа ч түүний энэ зугааг хэн ч зогсоосонгүй. Бокасса өөрөө харин энэ явдлыг харж, их хөгждөг байсан.
Бокассагийн хүүхдүүдийн ярьснаар түүний шеф-тогооч Ленгис хүний махаар тусгай нөөшилсөн мах /консерв/ хийж өгдөг байжээ. Үүнийгээ тэд “чихэрлэг гахайн мах” гэдэг байв. Эдгээр консервыг Бокасса бүр гадаадад айлчлал хийж байхдаа авч явдаг байлаа.
Гэтэл одоо энэ дарангуйлагчийн бүх аймшигт харгислалыг албан ёсоор өршөөн уучилжээ. Дарангуйлагчийг цагаатгасан нь ард түмний дунд хуучны сайн цагийг санагалзах уур амьсгал ихэссэнтэй холбоотой. Иргэд “Түүний үед улс оронд илүү их дэг журам байсан” хэмээн ярих болжээ.
Тэр бүү хэл зарим сэтгүүлч “Тэр ер нь хүний мах иддэг байсан юм уу” гэж асууж байна. Африк судлаач Сергей Карамаев "Эргэлзээгүй, Бокасса хүний мах иддэг байсан. Тэр ганцаараа ч биш. Энэ тал дээр Угандагийн тэргүүн асан Иди Амин их алдартай. Ер нь Африкт хүний мах иддэгт гайхаад байх юм алга. Тэнд одоо хүртэл хүний мах идэх дуртай шүү дээ. Тэгээд ч олон нутагт уламжлал ёсоор идүүлсэн хүний сайн чанарууд идсэн хүнд шилжин ирдэг гэж итгэдэг” хэмээн ярьж байна.
“Бокасса сөрөг хүчний лидерүүдийг, мөн дургүйг нь хүргэсэн эхнэрүүдээ ширээнд хоол болгодог” гэсэн дарангуйлагчийн хувийн тогоочийн ярианд эргэлзэж болох юм. Мөн Бокассагийн хөргөгчнөөс гарсан хүний мөчилж бэлдсэн хүүрүүдийг дарангуйлагчийг ширээнээс буулгасан Францын шүхэрчид зориуд хаясан гэсэн мэдээлэл байдаг ч түүний хүү Люсьений мэдэгдлийг хэн няцаах вэ дээ. Дарангуйлагчийн хүүхдүүдийн хувьд хэн нь ч түүний нэрийг “дарж” чадаагүй. Одоо тэд цэвэрлэгч, загвар өмсөгч, зуушны газрын эзэн хийж байгаа. Дашрамд сонордуулахад тэр хоолны газарт зөвхөн тахианы мах өгдөг гэж эзэн нь баталдаг.
Харин нэг хүү л “ эцгийнхээ шийрийг хатаажээ”. Францад амьдарч байсан ханхүү Антуан Жан-Бидель Бокасса өөрийн хэдэн амраг бүсгүйгээ алж идсэн хэргээр шоронд одоо сууж байгаа.