2020.02.10

Иргэдтэйгээ ойр байх нь түүний зарчим

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ.


“Сайдын ажлаа өгье, ёс зүйн хариуцлага хүлээе”... Энэ бол УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийн жиргээ. Тэрбээр ингэж мэдэгдээд Зам, тээврийн хөгжлийн сайдын албаа шууд өгсөн нь өнөөгийн улс төрд шинэ үзэгдэл бөгөөд Булганыхан анхдагч гэдгийг дахин харуулсан явдал болсон. Ажил, албан тушаалын төлөө шалдаа бууж, гуйж гувшиж явдаг хүмүүс бишгүй бий. Харин тэдний нэг нь Ж.Бат-Эрдэнэ яавч биш. Сандал ширээтэй үхэн хатан зууралдъя, үлдэж хоцоръё гэж адгалгүй улс төрчийн хувиар “МУЖИК” зан гаргаж, хайртай яамныхаа хаалгаар гарч одсон.

Өдгөө төр түшиж яваа эрхмүүдийн дундаас үг үйлдэл нь зөрдөггүй, ажилдаа эзэн болдог гэдгээрээ ялгардаг нь тэр. Харин тэрбээр өөрийнхөө энэ чанарыг  “Би хэнхэгдүү хүн учир нэг ажил бариад авсан бол бусад бүх зүйлээ хаяад улайрчихдаг талтай” хэмээн энгийнээр тодорхойлсон байна лээ. Түүний энэ “хэнхэг” зан  Монголын зам, тээврийн салбарын хөгжилд их өгөөж дагуулсныг тодотгоё. Өнөөдрийн зам тээврийн салбарыг өнгөлж буй гол ажлуудын “автор” нь тэр юм.

Хүмүүс түүнийг Зам, тээврийн Бат-Эрдэнэ гэж тодотгоод байдаг нь санаандгүй зүйл огт биш. Энэ салбартай олон жилийн өмнөөс холбогдсон тэрбээр сайдаар ажиллах хугацаандаа салбараа сайн мэдэх хүний хувиар хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг нь энд  бичихэд хэвлэлийн хуудас багадна. Онцолж заримыг нь дурдая.

Улс орныг хөгжилд хөтлөх том үүрэгтэй зам, тээврийн салбар сүүлийн 5-7 жилийн хугацаанд  салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийлгүй “гацсан” байв. Харин шинэ сайд Ж.Бат-Эрдэнэ  санаачилга гаргаснаар авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарынхан олон жил болоогүй зөвлөгөөнөө хийцгээж,  салбарынхаа тулгамдаж буй асуудал, ойрын хугацаанд хийх ажлаа хэлэлцэн тодорхойлсон нь өнөөдөр бодит үр дүнгүүдийг дагуулж байна.

Мөн тэрбээр зам, тээврийн салбарынхаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлсэн. Агаарын тээврийг либералчлах бодлогын шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Зам, гүүрийг төсөвлөхөөс эхлээд ашиглах явц хүртэл чанаржуулах, хариуцлагажуулах, улсын чанартай авто замыг бүрэн тэмдэгжүүлэх үүрэг өгсөн нь өдгөө мөрдөгдөж байна. За мөн олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэхэд анхаарал тавьсан, төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөх, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн шинэ коридор нээх эхлэлийг тавьсан гээд олон асуудлыг “онилж” ажиллажээ.

Заавал дурдах ёстой бас нэг ажил нь Гашуун сухайтын боомтын нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдэхийн тулд  “Авто зогсоолын цогцолбор” төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг засгаар гаргуулсан явдал юм. Мөн Нарийн сухайт-Шивээ хүрэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудтай холбоотой шийдвэрүүдийг Засгийн газраар гаргуулсан.

Монгол Улс БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмших санамж бичгийг айлын талтай  бүр 2009 онд байгуулсан байдаг. Тэгвэл хүлээлгийн өрөөнд олон жил гацсан уг төслийг урагшлуулахад Ж.Бат-Эрдэнэ сайд анхаарал хандуулсан. Есөн жилийн өмнөх санамж бичгийг 2018 оны тавдугаар сард шинэчлэн байгуулсны сацуу энэ боомтод ложистикийн төслийг хөрөнгө оруулж хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулсан юм.

Томилогдсон, хариуцсан ажил бүрдээ өөрийгөө бүрэн зориулж, шат ахих тусам чадавхжиж өнөөдрийг хүрсэн тэрбээр хууль тогтоогчийн хувиар ч сайн дүн авах нэгэн. Түүний санаачилсан хуулиудыг нь дурдахад чамгүй урт жагсаалт гарч байна. Зөвшөөрлийн тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хоршооны тухай, Эрүүгийн хуульд Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай зэрэг хуулиудыг өргөн бариад байна.

Тэрбээр УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгогдоод буй. Амлалтаа Мөрийн хөтөлбөртөө тусгаад, ард түмнийхээ итгэлийг хүлээгээд, сонгогдсон бол хэрэгжүүлдэг байх ёстой. Цаасан дээр тунхаг шиг үлдээж болохгүй гэж шулуухан хэлдэг гишүүн бол Ж.Бат-Эрдэнэ. 

Иргэн баян бол улс баян, улс баян бол иргэн баян гэж үг бий. Иргэд нь ажилтай, орлоготой байж гэмээнэ улс орон дэвжин хөгждөг жамтай. Энэ бол Ж.Бат-Эрдэнийн итгэж, дагадаг нэгэн зарчим. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны салбараа дэмжсэн шиг дэмжих хэрэгтэйг байнга хэлж, төрийн бодлогод тусган ажиллаж байна. Тиймдээ ч “Шинэ хөдөө-Булган” төслийг санаачлан, тойрогтоо хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд герефорд, сэлэнгэ үүлдрийн бух, дархад, баяд үүлдрийн хуц, эрчмийн хар үүлдрийн ухна, дуслийн усалгааны систем, худаг, хүлэмж, бүх сумддаа арьс шир элдэх тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, дунд оврын трактор зэргийг иргэд, өрхийн үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийн зэрэгцээ “Чацаргана” хөтөлбөрийг санаачилж бүх сумдад 10-50 га-д чацаргана тариалсан бол Булган-Орхон чиглэлийн 22 км авто зам, ахмадын өргөө, хүүхдийн зуслан, гэрэлтүүлэг, авто зам, авто зогсоолууд, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. 

Ж.Бат-Эрдэнэ гишүүний хийж, хэрэгжүүлсэн ажил болоод  хэрэгжүүлэхээр хэлж ярьж буй бүхий л асуудлыг энд багтаах боломжгүй учир заримыг нь өгүүлэхэд ийм байна.

Vip Эксперт сэтгүүл