2020.01.06

Зөв бодлого-Нийтийн эрх ашиг

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар.


Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн, брокер, диллерүүдийн дунд гүйж байсан “Эрдэнэс Тавантолгойн бүх хувьцаа эзэмшигчдийн дансыг нээх гэнэ.” гэсэн яриа бодит ажил боллоо. Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хөрөнгийг олон улсын зах зээлээс татах бодлогыг зангидаж, зааварчилж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх ажлаа эхлүүлсэн. Учир нь салбарын сайд Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгойн IPO-г би хийх болно." гэж саяхан мэдэгдэж байсан нь ийнхүү ажил хэрэг болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийх зөвлөх банкуудаа сонголоо, “Эрдэнэс-Тавантолгой” Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах бэлтгэлээ хангаж байна гэсэн гарчигтай мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүдээр өдөр алгасахгүй гарах боллоо. Тэр хэлсэндээ хүрчээ. Сураг тасарсан иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа бүртгэл төдий биш ногдол ашиг болон хүрэх гэж байна. Үүний төлөө салбарын сайд 2020 оны тавдугаар сар гэхэд зорилгодоо хүрэхээр чадварлаг багаа, чамбай удирдлагаар ханган ажиллаж байна. Ийнхүү өмнөх сайд нарын халгаж, бэргэж байсан Тавантолгойн IPO-ыг Д.Сумъяабазар сайд зориглон барьж аваад, шийдэж чадлаа. 

Өмнөх сайд нарын зориглоогүй ажлыг ч тэрээр салбарын сайдаар томилогдсон даруйдаа хийж чадсан юм. Ашигт малтмалын лицензийг замбараагүй олгож байсныг зогсоов. Оюутолгойн Монголын талын удирдлагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн захиралтай уулзаж, алдаа оноог нь ний нуугүй ярилцав. Уулзалт бүртээ салбарынхнаасаа хариуцлага, шударга байдлыг нэхнэ гэж хэлж байснаа ч хийж эхэлсэн. Шийдлээ хүлээсэн том төслүүдийг ч хөдөлгөж, Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж, экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар батлууллаа. Мөн хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх, 

  • Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл

  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл

  • Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төсөл

  • Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг эхлүүлээд байна. 

7 их наяд орчимоор хэмжигдэх Монгол Улсын төсөвт хамгийн том жин дарах салбар бол уул уурхай, хүнд үйлдвэр. Д.Сумъяабазарын тэргүүлж буй энэ салбар 2 их наяд орчмыг нь татварын эх үүсвэрээр бүрдүүлж байдаг. Тиймдээ ч тэрээр хурдтай, эрч хүчтэй, шийдвэрүүдийг гаргаж, зөв зохион байгуулалтаар салбараа амжилттай удирдаж явна. 

Монгол Улсын Засгийн газарт сайдаар, тэр дундаа улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хариуцан, зоригтой  шийдвэр гаргаж, бодлогоо зөв тодорхойлж, түүнийхээ дагуу ажиллаж чадаж байна. 

Д.Сумъяабазар төрийн сайд хүртэл явахадаа даргын цүнх барьж гүйн, лифтэнд суусан хурдаар өгсөж ирээгүйг түүний ажлын намтар гэрчилнэ.

Тэр 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан, хууль тогтоох талаар бэлтгэлээ базааж, шат дамжлагаа давчихсан хүн. Нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүргийг төлөөлж байсан юм. Мөн МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012, 2016 онуудад хотын хамгийн олон хүн амтай, гэр хороолол ихтэй, нийгмийн халамж, хамгаалал хүртээмжгүй дүүргийн иргэдийг тэрбээр эдүгээ УИХ-д төлөөлж буй.

Харин 2017 онд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон юм. Төрийн сайдын их ажлыг тойргийн жижиг ажилтай жиших боломжгүй ч тэрээр зав л гарвал сонгогдсон тойрогтоо очиж, гэр хорооллынхоны амьдрал, хүүхэд багачуудын сурах орчин, багш, ажилчдын нийгмийн халамж хамгаалал, хуучин барилгуудын засвар шинэчлэл, хороо дүүргийнхээ зам, бүтээн байгуулалттай өөрийн биеэр очиж танилцаад, газар дээр нь шийдэх боломжтойг нь шийдэж байдаг. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлан боловсруулж, батлуулсан хуулиуд Монгол Улсын эдийн засаг, байгаль орчинд чухал ач холбогдолтой гол хуулиуд байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, Хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг сорчлон дурьдаж болно. 

“Шантрашгүй байдал үргэлж амжилтад хүргэдэг.” гэдэг үгийг зарчим болгон яваа түүний Монголын төрд гүйцэтгэж буй үүрэг их ч “Өнөөдөр би өөртөө бус өрөөлд амжилтыг бүтээж өгч явна” гэсэн түүний үгээр төгсгөж байна. 

Ц.Соёлмаа