Улсын төсвийн "Онош тогтоогч"
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаараа "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.
Өнөөдрийн онцолж буй түшээ бол Загдхүүгийн Нарантуяа.
"Монгол Улсын нэгдсэн төсөв жил бүр орлого бус зарлагаа дагасан бодлого баримталсаар ирсэн нь алдагдалтай төсөв батлах нөхцөлийг үүсгэдэг. Үүнийг одоо засах ёстой.” гэсэн мэргэжлийн хүний үг Загдхүүгийн Нарантуяа гишүүнээс гарч байсан.
Монгол Улс сүүлийн 10 орчим жил олох орлогоосоо давсан их зарлагатай төсвийг баталсаар ирсэн. Энэ нь ирээдүйд олох орлогоо хадгалах бус алдагдлаа нөхөхөд зарцуулсаар байгаад манай улс эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах үед үргэлж гадны санхүүгийн байгууллагаас царайчилдаг байдлыг үүсгэсэн.
Улс төрч, түүн дотроо УИХ-ын гишүүдийн эзэмшсэн байвал зохих эдийн засагч, хуульчийн мэргэжлийг гадаадад эзэмшсэн хос морьтой хуруу дарам цөөхөн хүний нэг бол З.Нарантуяа юм. Саяхан тэрээр, "Хоёр сар хэлэлцэж байж баталдаг төсвийнхөө гүйцэтгэлийг хоёрхон хоног хэлэлцэж баталдаг хуумгай үйлдлээ болих хэрэгтэй.” гэж УИХ-ын гишүүдээ ширүүхэн шүүмжлээд авсан нь түүнийг жинхэнэ мэргэжлийн хүн гэдгийг нь баталсан.
Монголбанкинд 1992 оноос ажлын гараагаа мэргэжилтнээс эхлүүлж, ахлах мэргэжилтэн, Хяналт шалгалтын газар, Хуулийн хэлтэст захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал, Мөнгөний бодлогын болон захирлуудын зөвлөлийн гишүүнээр 2006 он хүртэл нийт 14 жил ажиллаж, банкны социалист тогтолцоог орчин үеийн хоёр шатлалт системд шилжүүлэх түүхэн бөгөөд хариуцлагатай, амаргүй үйл хэрэгт манлайлах үүргийг З.Нарантуяа гүйцэтгэснийг Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгч, удирдлагууд салбарынхан нь маргаангүй хүлээн зөвшөөрдөг. Мөн 2012-2016 онд УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллахдаа банк бус санхүүгийн байгууллага, хоршоо, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг бас л З.Нарантуяа гардан удирджээ. Банкны систем, санхүүгийн салбарыг 10 хуруу шигээ ийнхүү мэддэг учраас Түүнийг “Мэргэжлийн хүн” гэж тодотгох нь зүй ёсных биз ээ.
З.Нарантуяа УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хороог ахалдаг нь ч учиртай. Хэдхэн жилийн өмнө Монгол Улс 2-3 төсөвтэй болчихсон. Тэр их мөнгө хаашаа хэрхэн урсах нь нэг гарт биш нилээд хэдэн гарт байсан. Хуримтлуулах биш үрэлгэн, бүтээлч биш булаах хандлагаар ажиллаж байсан үе бий. Харин энэ удаагийн парламент, цаашлаад эдийн засгийн мэргэжлийн гишүүдийн хүчээр эмхэндээ орсон. Үүнийг хийхэд түүний туршлага, мэдлэг, чадвар гол үүрэг гүйцэтгэсэн.
Хөдөөг шинэчлэх хүрээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар төрсөн нутаг болох Завхан аймгийн Алдархаан сумаа эдийн засгийн хувьд бие даалгах, баруун бүсийн аж үйлдвэрийн төв болгох зорилготой “Алдархаан-жишиг сум” төслийг санаачилж, сүр дуулиан болголгүйгээр хэрэгжүүлж эхлүүлээд одоогийн байдлаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Аливаа ажлыг эхлэхдээ тэрбээр үргэлж том зургаар нь улсын хөгжилтэй холбон харж, уялдуулан төлөвлөдөг нь түүний ясны эдийн засагчийн тооцоотой, нягт нямбай чанартай салшгүй холбоотой юм. Тиймээс ч энэхүү төсөл нь Монгол Улсын байгалийн болон, дэд бүтэц, бусад нөөц ашиглалтыг оновчтой болгох, хөдөөд эрүүл, аюулгүй, ая тухтай орчинг бий болгох, эдийн засгийг солонгоруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах стратегийн томоохон зорилгыг давхар агуулж байгаа тул ийнхүү зориглон барьж аваад, ноцолдож эхэлж байгаагаа З.Нарантуяа хэлсэн. Хэзээ хэрэгжих нь тодорхойгүй цаасан дээрхи том төслүүд сонгогчдод харуулж, хоосон ярьж мөрөөдөн суугчдаас З.Нарантуяагийн ялгагдах гол чанар нь энэ. Өнөөдөр ч Завхан аймагт томоохон бүтээн байгуулалтуудыг хийгээд байна.
Загастайн давааны 67 км авто замын ажил ид өрнөж, Алдархаан, Шилүүстэй, Дөрвөлжин суманд стандартад нийцсэн 50-100 хүүхдийн цэцэрлэг, Ширээгийн голын 90,7 метр урттай, төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулаад байна. Цаашилбал Цагаанчулуут сум төвийн нэгдсэн халаалт, цэвэр усанд холбогдсон гээд алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэд, малчдынхаа амьдрал, ахуйд томоохон өөрчлөлт авчирах ажлуудыг хийсээр байна.
Тэрээр УИХ-ын гишүүний хууль санаачлан, боловсруулах бүрэн эрхийнхээ хүрээнд банк, санхүүгийн салбарын томоохон хуулиуд болох Актив удирдлагын тухай хууль, хөгжлийн банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлуулсан юм.
"Өрх гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж. Анхдагч гэдэг утгаараа улс орны хөгжилтэй шууд холбоотой. Гэр бүлийн бат бөх байдал, гэр бүлд хүмүүжиж буй хүмүүжил хэр зөв төлөвшилтэй байгаагаас нийгмийн хөгжил шууд хамаарна. Иймээс гэр бүлийн тухай хуулийн зүйл заалтыг өргөн хүрээнд, нийтээрээ хэлэлцэж батлах нь зүйтэй.” гэсэн зарчмыг баримталдаг тэрбээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бүтэц, төлөөллийн байгууллагаар дамжуулан улс орон даяар “Хамтдаа хэлэлцье” аяныг өрнүүлж 30 гаруй мянган иргэний саналыг хуульд тусгуулахаар холбогдох байнгын хороонд хүргүүлээд байна.
Түүнийг "Аливаад туйлшралгүй, голч шулуун ханддаг, шударга түшээ” гэж онцлох хүн цөөнгүй. Монголын төрд зайлшгүй байх ёстой нэгэн бол Загдхүүгийн Нарантуяа юм. Мэргэжлийн хүн, туршлага хавсран төрийн ажлыг чамбай залгуулж буй түүний тухай цөөн үг бичихэд ийм байлаа.
"VIP EXPERT" СЭТГҮҮЛ
Хуулбарлахыг хориглоно