2020.01.28

Итгэл үнэмшлээсээ урваагүй улстөрч

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн Цэдэнбалын Цогзолмаа.


Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудын шийдвэрлэлтэд ахиц гардаг нь судалгаагаар батлагддаг. Энэ нь эмэгтэй хүн аливаа асуудлын учиг шалтгаан, хамаарлыг илүү гярхай олж хардагтай холбоотой байж болох юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар ажиллах хугацаандаа салбарынхаа эд эс бүрийг яг л тэгж харж, тодорхойлж байснаараа өмнөх сайд нараас эрс ялгарч байсан.

“Хүүхэд бол туршилтын талбар биш. Боловсролын шилжилт  хүүхдийг туршилтын талбар болгох ёсгүй” гэдэг үгийг тэр л хэлсэн. Үе үеийн Боловсролын сайд нарын амнаас гарах нь байтугай, бодолд нь орж байгаагүй болов уу гэмээр санал, санаачилгуудыг тэрбээр сайдын хувиар дэвшүүлж, шийдвэр гаргагч бусад түшээдийн хандлагыг өөрчлөхөд жин дарах хувь нэмэр оруулсан нэгэн. Тэрбээр сайдын ажилд томилогдсоныхоо дараахан сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би боловсролын салбарт ямар нэгэн шинэ төсөл, хөтөлбөрийн туршилт хийхгүй. Харин “Цөм”, “Кембриж” гээд олон улсын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд дээр дүн шинжилгээ хийж, чанарыг нь сайжруулна” гэж хэлсэн. Тэгээд яг л хэлснийхээ дагуу жанжин шугам барьж ажилласан.

Үнэндээ том зургаар нь харах юм бол ямар ч мега төсөлтэй харьцуулшгүй, ач холбогдолтой  сэдэв бол хүүхдийн хөгжил. Ц.Цогзолмаа гишүүн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй. Тиймдээ ч “Хүнээ хөгжүүлсэн улс орон л хөгжиж байна. Оюутолгой биш оюунлаг толгой Монголыг хөгжүүлнэ гэдэг бол хатуу ч гэсэн үнэн үг. Иргэн болгоноо эрүүл байлгах, иргэн болгоноо боловсролтой байлгах энэ бодлого Монголын төрийн төвд байх учиртай. Тэр тусмаа өнөөдөр. Хамгийн сайн боловсрол бол хүмүүжил” тэр хэлсэн. Зүгээр нэг хэлээд  яриад байлгүй бодит ажил болгон хэрэгжүүлдэг.

Богинохон хугацаанд сайдаар ажилласан ч боловсролын салбарт маш чухал үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй ирсэн 2 томоохон стандартыг батлуулсан. Үүнд: 

  • ЕБС-ийн орчны аюулгүй байдал MNS6782:2019, Ерөнхий шаардлага
  • ЕБС-ийн сурагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ MNS6781:2019, Ерөнхий шаардлага. 

Эдгээр стандарт одоо мөрдөгдөж байна.                                       

Үнэнийг мэдсээр байж урвадаг, тойрдог, халгадаг хандлага манай улстөрчдөөс анзаарагддаг. Харин Ц.Цогзолмаа гишүүний хувьд үнэт зүйл, ёс зүй, ноён нурууг эрхэмлэсэн улстөрч гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Оросын их яруу найрагч, зохиолч Р.Гамзатов өөрчлөн байгуулалтын цаг үед "Бүргэдийг л бүргэд гэе" гэж нийтлэл бичсэн нь нийгэмд шуугиан дэгдээсэн байдаг. Товчхондоо бол бодит үнэнийг мэдсээр байж мэдээгүй царайлах нь биесээ хууран мэхэлж байгаа хэрэг. Тиймээс өөрсдийгөө хуурч амьдрахаа больё гэсэн агуулгатай. Тэгвэл Ц.Цогзолмаа гишүүн 1988 онд Ардын намд элссэнээсээ хойш өнөөдрийг хүрэхдээ яг л энэ зарчмыг барин өнөөдрийг хүрснээ өөрөө хэлж байсан. Хэн илүү эрх мэдэлтэйд нь хувалз шиг шигээд наалдчихдаг муухай арга барил хэзээ ч түүнд байгаагүй.

БСШУС-ын сайдын албыг хашиж байхдаа Засгийн газрыг огцруулахыг дэмжих шийдвэр гаргасан нь түүний энэ л чанартай холбоотой. Шийдвэр гаргасныхаа дараа тэрбээр  “Миний цэвэр итгэл үнэмшил, ёс зүйдээ тулгуурлаж гаргасан шийдвэр. Эмэгтэй хүн хань ижил, үр хүүхэд, найз нөхөддөө үнэнч байдаг. Хүнд хэцүү цагт найз шиг байх ёстой юм. Энэ утгаараа би багаас нь ганцаараа үлдэж чадсан” хэмээн тайлбарласан байсан. Түүн шиг  ийм “ноён нуруу”-тай улстөрч Монголын улс төрд тийм ч олон биш ээ.

Түүнийг харахад аливаа шийдвэрийг гаргахдаа тун шийдмэг юм шиг санагддаг. Гэхдээ гаргасан шийдвэрүүдийг нь харахаар асуудлыг тал талаас нь, эд эс бүрээс нь ойлгож, судалж гаргахыг чухалчилдаг нь анзаарагддаг.

Жил бүрийн төсөвт шүүмжлэлтэй ханддаг цөөн гишүүдийн нэг бол Ц.Цогзолмаа. Төрд өөрийн мөнгө гэж байхгүй. Төсөв гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө. Тэгвэл иргэдийн татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийг зоргоороо цацаад байж болохгүй гэдгийг байнга хэлдэг, байр сууриасаа ухардаггүй нэгэн бол тэр. Тиймдээ ч зарим хүмүүс шиг тойргоо “услах” нэрийдлээр, дараагийн сонгуульд оноо авах зорилгоор, татварын төлөгчдийн мөнгө рүү ичиж, зоволгүй улайран дайрдаг муухай чанар түүнд байхгүй.